Я.Буянжаргал: Баян-Өлгий аймагт тусгаарлагдсан иргэн Эрээнээс ирээд 6 аймаг дамжин явжээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Халдварын чиглэлээр ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөөд явж байгаа. УОК-ийн шийдвэрийн дагуу ХӨСҮТ өнөөдөр 200 ор гарган сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан шалгаж байгаа. Гэтэл иргэд хариуцлагагүй, хайхрамжгүй иргэний үүргээ биелүүлэхгүй зүйл гараад байна.
Баян-Өлгийн нэг тохиолдлын тухай хэлье. Тэрээр 1 сарын 10-нд Эрээн рүү гарсан. Нэгдүгээр сарын 12-нд Эрээнээс цааш яваад хоёрдугаар асрын 2-нд Эрээнд буцаж ирсэн. Тэндээсээ Бээжин яваад хоёр хоносон. Эргээд хоёрдугаар асрын 4-нд Бээжингээс Эрээнд ирээд, 5-нд Монгол руу хилээр 48 хүнтэй автобусаар орж ирсэн. Замын-Үүдэд 3 хонож, Улаанбаатарт ирээд 2 хоносон. 7-нд Улаанбаатар-Ховдын 40 хүнтэй автобусаар явсан. Тэр автобус замдаа Булганы Сансар, Ховдын Дарвид хооллосон. Тэр хүн Ховдод очоод 2 хоног зочид буудалд байсан. Тэндээсээ цаашаа Баян-Өлгий аймаг руу 4 хүний хамт таксигаар явсан. Баян-Өлгийд очсон хойноо тэрээр халуурч, ханиалгаж, толгой өвдөн, булчин өвдөж, гүйлгэж байна гэсэн зовууртай эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэгт ирж тусгаарлагдсан.
Тухайн иргэн энэ бүх зовуур, явсан замаа мэдээлэхгүй байна. Бид түүнийг Баян-Өлгий аймаг руу хүргэсэн таксины жолооч хамт автобусанд явсан 40 хүнийг нэрээр нь хайж олж байна.
Зөвхөн нэг тохиолдолд Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв аймгийн бүх аймгийн эрүүл мэндийн салбарууд ажиллаж байна. Иргэдийг өөрсдийнхөө хариуцлагаа ухамсарлаж байх тал дээр хатуу анхаарах хэрэгтэй байна.
Халдвар гарсан голомт руу битгий яв, амны хаалт тогтмол хэрэглэ, гараа байнга угаа, ариутга гэж зөвлөж байна." гэв.