“Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрсэн“
ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар болон МХЕГ хамтран шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ойрын хугацаанд илэрсэн сэжигтэй тохиолдол болон МХЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар " Нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний
- 66 нь Буянт Ухаа боомт дээр,
- 5 нь Замын-Үүдийн боомт,
- 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн.
Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн.
Хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд болон Буянт-Ухаа боомт. Оросод хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна.
Монгол Улсын иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа. Гэвч иргэд тус улсын эрүүл мэндийн байгууллагад хандах эсэхээ сайтар бодолцож үзээрэй. Урд хөршийн эмнэлгүүд маш их ачаалалтай ажиллаж байгаа, тэр хэрээр эрсдэл өндөр байна. Тиймээс зайлшгүй шаардлагатай биш бол аль болохоор тус улсад зорчихгүй байхыг зөвлөе. " гэв.