Ц.Мягмардорж: Өчигдрийн байдлаар Монгол Улсын 625 иргэн БНХАУ-аас орж ирсэн
Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа Ц.Мягмардорж хилийн боомтуудаар нэвтэрч буй иргэдийн талаар мэдээлэл өглөө.
"БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл"
Тэрбээр " Засгийн газраас хилийн боомтуудад хийх зохицуулалттай холбоотой шийдвэрүүдийг нэгдүгээр сарын 28-нд гаргасан. Шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой УОК-оос тогтоолууд гаргаад холбогдох байгууллагууд чиг үүргийн хүрээнд ажиллаж байна.
Засгийн газар Улсын онцгой комиссын шийдвэрээр зорчигч тээврийн хэрэгслийн зарим хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.
Монгол Улсын иргэн гадагшаа, тэр тусмаа БНХАУ руу зорчих хөдөлгөөнийг хязгаарласан. Хагалгаанд орох зэрэг зайлшгүй шаардлагаар зорчих бол БНХАУ руу нэвтрүүлж байгаа.
Монгол Хятадын хилийн боомтуудад зарим хязгаарлалт хийсэн болохоос хаагаагүй гэдгийг онцлон хэлмээр байна.
Зорчигч тээврийн зарим хөдөлгөөнийг тодруулбал, Монгол Улсын иргэн хувийн ажлаар БНХАУ-руу зорчихыг хязгаарласан. Түүнээс биш БНХАУ-аар дамжиж өөр улс руу явж байгаа, тус улсад ажиллаж амьдардаг иргэд, оюутнуудыг, мөн эмнэлгийн зайлгүй шалтгаанаар зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа.
БНХАУ-аас Монгол Улс руу зөрчих хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаагүй. Дэлхийн өөр гуравдагч улсаас манайд ирж байгаа бол хүлээн авч байгаа. Мөн дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийг хилээр нэвтрүүлж байгаа.
Өчигдрийн УОК-ын хуралдаанаар авто замын боомтуудаар нүүрс тээвэрлэхийг зогсоох шийдвэр гаргасан. Зэсийн тээвэрлэлт хэвийн үргэлжилнэ. Ачаа тээвэр мөн саадгүй үргэлжилнэ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-ын талаас 634 иргэн хил нэвтэрч орж ирсний 625 нь Монгол Улсын иргэн байна. Эсэргээрээ БНХАУ руу 300 гаруй иргэн гарсан.
Өчигдрийн байдлаар 351 тээврийн хэрэгсэл БНХАУ-ын хилээр нэвтэрснээс 248 нь нүүрс тээврийн автомашин байна.
Нэгдүгээр сарын 28-наас хойш өнөөдрийг хүртэл 11354 Монгол Улсын иргэн БНХАУ-аас орж ирсэн.
Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын 96 иргэн зайлшгүй шалтгааны улмаас БНХАУ руу зорчсон байна.
БНХАУ-ын олон зуун иргэн хилээр нэвтэрч орж ирж байгаа гэх ташаа мэдээлэл тарж байна.
Хязгаарлалт тогтоосноос хойших 14 хоногт нийт 442 БНХАУ-ын иргэн орж ирсэн. Үүн дунд дипломат ажилтнууд, албан ажлаар яваа хүмүүс байгаа" гэв.