Д.Нямхүү: Эрсдэл хажууд байгааг бид мартаж, тайвширч болохгүй
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх үеэрээ амралтын өдрүүдэд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр "Амралтын өдрүүдэд 3 хүн тусгаарлагдан хянагдсан. Бямба гарагт тусгаарлагдсан Сөүлээс ирсэн, Хөххотоос нэгдүгээр сарын 29-нд иргэнээс тус тус коронавирусийн халдвар илрээгүй. Бямба гарагт Өвөрхангай аймагт тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу мөн сөрөг гарсан.
Одоогийн байдлаар ХӨСҮТ дээр хянагдаж буй Уханиас ирсэн оюутнууд болон нэмэгдэж ирсэн хүмүүсээс шинжилгээ авч, зөвлөгөө өгөөд гаргаж байгаа. Бид хүч сулруулахгүй ажиллах үед ирчихээд байна. Монгол хүний хууль гурав хоног хэрэгждэг биш илүү хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь одоогийн байдлаар чухал байна. Мөн цагаан сарыг тэмдэглэхгүй гэх шийдвэр хурдан гарвал бидэнд хэрэгтэй байна. Хятад цагаан сараа хийсэн нь алдаа болсон гэдгийг бас хүлээн зөвшөөрөөд байгаа.
Эрсдэл хажууд байгааг бид мартаж, тайвширч болохгүй." гэв.