“Гар утсанд нийтийн бие засах газрын суултуураас 18 дахин их нян байдгийг тогтоосон”
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр гар утасны гадаргууг маш сайн ариутгах шаардлагатай гэдгийг олон нийтэд анхааруулсан юм.
Тэрбээр “ Бид гараа угаахаас гадна байнга барьдаг гар утасныхаа бохирдлыг ч бас тооцож үзэх хэрэгтэй. Гар утас хэрэглэгчид өдөрт дунджаар 150 гаруй удаа утсандаа хүрдэг гэсэн судалгаа бий. Түүнээс гадна гар утас элдэв нянгаар бохирдсон байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоосон.
Тодруулбал, гар утсанд нийтийн бие засах газруудын суултуураас 18 дахин их нян байдаг гэдгийг тэд мөн судалжээ. Хүн гараа угаадаг ч утасныхаа гадаргыг арчиж цэвэрлэдэггүй.
ХӨСҮТ-ийн эмч нарын судалгаагаар утсыг цэвэрлэхийн өмнө ба цэвэрлэсний дараа тусгай орчинд нян бактерийг нь ургуулж хэр их үржиж байгааг үзсэн байна. Утас цэвэрлэхийн өмнө тус тэжээлт орчинд ургуулахад 24 цагийн нянгийн ургалттай байсан бол ариутгаж цэвэрлэсний дараа маш бага нян ургаж байгаа нь ажиглагдсан байна. Тиймээс гараа сайн угаахаас гадна гар утсаа ч байнга ариутгаж цэвэрлэж байх нь зүйтэй" гэв.