ЭМЯ : Оютнуудаас гадна нисэх бүрэлдэхүүний 15 ХҮНИЙГ ТУСГААРЛАНА
Эрүүл мэндийн яам шинэ төрлийн коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.02.01/ мэдээлэл хийлээ.
"Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан"
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Монгол Улсад шинэ төрлийн коронавирус бүртгэгдээгүй. Гэхдээ онцгой байдалд тохирсон үйл ажиллагааг авсан. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан. Мөн Ухань хотод сурч байгаа оюутнуудыг авчрах үйл ажиллагааг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулсан. Ухань хотоос оюутнаа авчирсан эхний таван оронд багтсан. Энэ нь иргэнийхээ эрүүл мэндэд анхаарал хандуулдгийн илрэл” гэлээ.
ОЮУТНУУДААС ГАДНА НИСЭХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ 15 ХҮНИЙГ ТУСГААРЛАНА
ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Уханиас ирсэн 31 оюутан, нэг хүүхдийг 10.20 цагт хүлээж авсан. Эдгээр иргэдийг тусгаарлах өрөө, эмч, лабораторийн ажилчид бэлэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу нийтдээ Ухань хотоос 32 хүн, нисэх бүрэлдэхүүний 15 хүн гэсэн нийт 47 хүнд 14 хоногийн тусгаарлалт хийнэ. Манай төвөөс томилогдсон ажилчид энэ хугацааг дуустал солигдолгүй ажиллахаар болсон. Клиник шинж тэмдгийг нь эмчилж, шинэ оношлуураар оношилно. Цаг хугацааны хувьд тодорхой хяналт хийгээд гаргана. БНХАУ нь голомтод бүсэд байгаа гаднын иргэдийг маш сайн хянаж гаргаж байна. БНХАУ халдварыг гадагш нь гаргахгүй байхаар, онцгой анхаарч ажиллах болно гэдгээ зарласан” гэсэн юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|