ЭМЯ: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй
Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын штабаас өчигдөр орой мэдээлэл хийж, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэж онцолсон юм.
Тодруулбал, Сүүлийн 20 хоногийн хугацаанд нийт 36 хүнд тархвар судлалын тандалт, онош тодруулах шинжилгээ хийсэн байна. Одоогийн байдлаар халдварт өвчин судлалын төвд 13 хүнийг тусгаарлаад байгаа аж. Сэрэмжлүүлгийн хугацаанд өндөр халуунтай 29 зорчигч улсын хилээр нэвтэрсний 14-ийнх нь онош үгүйсгэгдсэн байна.
Халдвар судлалын үндэсний төвд нэгдүгээр сарын 9-өөс хойш хатгалгаа өвчний улмаас 50 иргэн вируслогийн шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр 50 сорьцоос 27 сорьцод нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн бол таван сорьцод нь ямар нэгэн халдвар илрээгүй аж. Бусад шинжилгээний хариу удахгүй гарна гэдгээ салбар яамнаас мэдээллээ.
Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй гэдгийг яамнаас дахин санууллаа. Мөн шинжилгээний хариунууд түргэн шуурхай, найдвартай гарч байгаа учраас иргэд оношны баталгаажилтад эргэлзэх хэрэггүй гэдгээ албаны хүмүүс хэлэв.