“Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй, маск, хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэх шаардлагагүй“
Шинэ төрлийн коронавирсийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр мэдээлэл өгч байгаа. Өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ-ийн албаныхан болон МХЕГ-ын төлөөлөл оролцож хил дээр хяналт шалгалтын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474 нас баралт 106-д хүрлээ. Бүх нас баралт БНХАУ-д бүртгэгдсэн. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,000 гарсан.
Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй.
Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д тусгаарлаж шинжилгээ авсан. Тэдгээр иргэд БНХАУ-д зорчоод ирсэн, халуурсан шинж тэмдэгтэй байсан бөгөөд дөрвөн хүнээс томуугийн А хүрээний вирус илэрсэн.
Архангай, Ховд аймагт сэжигтэй тохиолдол гарсан нь үгүйсгэгдсэн. Уушгины хатгалгааны улмаас нас барсан тохиолдлуудыг нягталж байна. Өмнөговь, Булган, Хэнтий аймагт халуурсан тохиолдол гарсныг шинжилж байгаа.
Оношлуур өчигдөр ирсэн ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид ашиглагдаад эхэлсэн.
2019 оны жилийн эцсээр уушгины хатгалгаа өвчний улмаас 78141 тохиолдол бүртгэгдэж, нас барсан 431 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдсэн байна.
Маск, хүнсний бүтээгдэхүүн нөөцөлж, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэх шаардлагагүй. " гэв
ШУУД ҮЗЭХ: