ХӨСҮТ: Манай улсад коронавируст халдвар бүртгэгдээгүй
Шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ХӨСҮТ, МХЕГ, ЗӨСҮТ-өөс хилийн боомтууд, 21 аймгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-д тусгаарласан нэг хүний биеийн байдал хэвийн байна. Эрүүл хүн, хавьтал гэж тусгаарласан. Давхар хавьтал гэж үзэж байгаа хүний шинжилгээний хариу нь үдээс хойш гарна." гэв.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж ярьдаг шинэ халдвар гарах, цас зуд болох гэхчлэн гэнэтийн тохиолдолд улсын хэмжээний мэргэжлийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах тухай Шадар сайдын журам бий. Журмын дагуу энэ сарын 6-наас эхлэн энэхүү өвчин Монголд орж ирэх талаар үнэлгээ хийхэд “дунд” эрсдэлтэй гэж гарсан. Журамд идэвхжлийн нэгдүгээр зэргээр ажиллана гэж заасан байгаа. Үүний дагуу Хилийн мэргэжлийн хяналтын газар, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн төв байгууллага идэвхжлийн горимоор ажиллаж байна. Түүнээс гадна мэдээлэл сургалт сурталчилгааг ард иргэдэд үнэн зөв, цаг алдалгүй хүргэж байна.
Мөн Монгол Улсад халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлийг аль болох гаргахгүй байх, бууруулах талаар ажиллах ёстой.
Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх нь хамгийн зөв алхам юм.