“Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршууллаа
Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавьяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлалтай.
1981 оноос хойш 23 эрхэм хүний алдрыг тэмдэглэсэн “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т өнөөдөр “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн нэрийг бичиж мөнхлөн алдаршуулж №24 тоот гэрчилгээ олголоо.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан, орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлж 200 гаруй мэс засал хийжээ.
200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус баг 23 хүний бүрэлдэхүүнтэй юм байна.
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр "Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь бөөрний дутагдлын эцсийн шатанд орсон өвчтөнийг анагаах ухаан, нийгмийн талаас нөхөн сэргээх хамгийн оновчтой арга. Бөөрийг орлуулах гурван арга байдгийг манай улс амжилттай нутагшуулаад байгаа.
Бөөрийг амьд донор болон тархины үхжилттэй донороос шилжүүлэн суулгах мэс заслыг 200 гаруй удаа хийгээд байна.
Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын тоо жил тутам нэмэгдсээр байгаа бөгөөд 2019 онд 29 мэс засал хийсэн" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|