Т.Ууган-Од: Хүүхдийн шүдийг дутуу, буруу угааснаар шүд цоорох эхний шалтгаан болдог

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

65 дугаар сургуулийн шүдний эмнэлгийн эмч Т.Ууган-Одтой ярилцлаа.


"Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төслийг 2017 оны аравдугаар сараас эхлүүлж, Нийслэлийн СХД-ийн 65 болон 9 дүгээр бүрэн дунд сургуульд шүдний эмнэлэг байгуулж, өнөөдрийг хүртэл 9 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийжээ.

-"Хүүхдийн инээмсэглэл" зорилтот төсөл 2017 онд эхэлсэн. Төслийн хүрээнд хэдэн хүүхэд хамрагдсан бэ?

-“Хүүхдийн инээмсэглэл” төслийн хүрээнд нийт есөн мянга гаруй хүүхэд хамрагдсан. Энэ бол дундаж тоо. Нарийн тоо одоогоор гаргаагүй л байна. Эдгээр хүүхдээс таван мянга гаруй нь сувгийн эмчилгээтэй явж байна. 2300 хүүхэд нь эрүүл шүдтэй гэж гарсан. Харин 2700 гаруй хүүхэд нь шүд ломбодуулах, түрхлэг түрхүүлэх зэрэг эмчилгээнүүд хийлгэсэн. Таван мянга гаруй нь сувгийн эмчилгээ хийлгэсэн, хүндэрсэн, шүд авахуулсан байна.

-Шүдний өвчлөл, тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл өнөөдөр аюулын харанга дэгдээх хэмжээнд хүрсэн. Хүүхдийн шүдийг хэрхэн арчилж байх ёстой юм бэ?

-Манай улсын хэмжээнд шүдний цоорол маш өндөр тархацтай байгаа. Хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгож, эцэг эхчүүдтэй нь хамтад нь сургалт зөвлөгөө өгөх хэрэгтэй. Хүүхдийн шүдийг арчилахад олон зүйлс нөлөөлнө л дөө. Нэн тэргүүнд идэж, хэрэглэж байгаа хоол хүнс нөлөөлнө. Мөн хүүхдийн шүдийг маш сайн угаах хэрэгтэй. Үүнд эцэг эхийн хараа хяналт маш сайн байх ёстой юм. Хүүхдийн шүдийг зөв угаах нь цооролтоос сэргийлэх эхний алхам. Шүдийг дутуу, буруу, бүрэн угаагдахгүй байна гэдэг цоорол үүсэх эхний шалтгаан болдог. Бүрэн цэвэрлээгүй шүдэн дээр чихэрлэг зүйл, хоол хүнс очсоноор цооруулдаг. Хоолны үлдэгдэл нь шүдний завсар хуримтлагддаг. Энэ бохирдол удаан хугацаанд хуримтлагдахаараа нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Тэр үед гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг, исгэлэн зүйл, газтай ундаа зэрэг ороод ирэхээр цоорол үүсгэж эхэлдэг. Дутуу угаагдсан шүдэн дээр очиж наалдсанаар шүдийг зөөлрүүлж идэж эхэлдэг гэсэн үг. Шүдээ өглөө, орой заавал угааж хэвших хэрэгтэй. Орой унтахдаа шүдээ угаасны дараа хоол, хүнс хэрэглэхгүй байх нь зүйтэй.

-Шүдийг хэрхэн зөв угаах вэ?

-Шүдний сойзоо буйлнаас 45 градусын налууд ойр барьж шүдний гадаргууны бүх хэсэгт хүрч угаана. Эрүүний шүднүүдээ буйлнаасаа шүд рүүгээ буюу доороос нь дээш чиглэлд угаана гэсэн үг. Шүдээ өдөрт хоёр удаагийн давтамжтай хамгийн багадаа 2 минут үрж угаах хэрэгтэй. Ингэснээр аман дотор байрлах 600 гаруй нэр төрлийн бактерийг устгадаг. Хэрвээ бактерийг утсгахгүй бол амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл болон шүд цоорлыг үүсгэх гол шалтгаан болдог.

-Сургуулийн хүүхдийн шүдний өвчлөл өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-65 дугаар сургуулийн шүдний эмнэлэг нийт таван хороо үзэж байгаа. Таван хорооны хүүхдүүд дунд шүдний цоорол өндөр. Бага болон дунд ангийн хүүхдүүд дунд шүдний цоорол өндөртэй. Тэр дундаа хүндэрсэн шүдтэй хүүхдүүд их байна. Эрүүл шүдтэй хүүхэд маш цөөхөн. Маш бага тоог эрүүл шүдтэй хүүхдүүд эзэлж байна гэдэг эцэг эхийн анхаарал халамж их сул байгааг харуулж байгаа юм. Учир нь хүүхэд мэдээж эцэг эхийн нөлөөгөөр шүдний эмнэлэгт очиж үзүүлж таарна. Эмчилгээ нь хэдэн өдөр үргэлжлэх ёстой байхад нэг үзүүлчихээд дахиж ирдэггүй. Зарим хүүхдүүд нь эмчилгээндээ сайн яваад дуусгаж байгаа. Гэхдээ ихэнх нь орхиод явчихдаг. Шүд эрүүл байх ач тусыг сайн мэдэхгүй байна л даа. Өвдөнө гэдгээс их айдаг юм шиг байгаа юм. Түрхэн хэмжээнд тэвчихэд шүд эрүүл болоход ямар олон зүйл сайнаар нөлөөлхийг мэдэхгүй байна.

-Эцэг эхчүүдийн зүгээс ямар хандлагатай байдаг вэ. Хүүхдийнх нь сургууль дээр шүдний эмнэлэг ажиллаж, эмчилж байгаад мэдээж сайшаалтай ханддаг байх...

-Эцэг эхчүүд талархдаг. Гэхдээ их цөөхөн. Тухайн хүүхдийн амны хөндийд ямар их том хөрөнгө оруулалт хийж байгааг ойлгодоггүй, ухамсарладаггүй. Хэнэггүй ханддаг эцэг эхчүүд олон байна л даа. Шүд ломбодож өгнө гэдэг ямар том хөрөнгө оруулалт билээ. Үүнийг сайн ойлгохгүй байна. Хувийн эмнэлэгт очоод мөнгөө төлөөд үзүүлэхээрээ тэр шүдээ гамнадаг. Гэтэл үнэгүй ломбодоод өгсөн шүдэнд гамгүй ханддаг хандлага их ажиглагдсан. Ломбыг сайн тогтоож байх нь ганц эмчийн үүрэг биш. Тухайн хүн ломбоо гамнаж идэж болохгүй хоол хүнснээсээ татгалзах хэрэгтэй. Мэдээж сургууль дээр шүдний эмнэлэг байрласнаар хүүхдүүдэд маш том давуу үүссэн. Хичээл дээрээ шүд нь өвдсөн бол ороод ирнэ. Хичээлээсээ чөлөө авах шаардлага гарахгүй.

-Сургууль дээр шүдний эмнэлэг ажилласнаар шүдний өвчлөл буурч байна уу?

-Тодорхой хэмжээнд буурсан. Улсын сургууль дээр шүдний эмнэлэг байгуулагдсан анхны жишиг шүү дээ. Сургууль дээр шүдний эмнэлэгтэй болсноор хүүхдийн шүдийг багаас нь эрүүл байлгаж, шүдний цоорлыг бууруулахад өндөр нөлөөтэй. Энэ төсөл маань хоёр жил хэрэгжиж байна. Шүдийг нь эмчлээд явуулахад зургаан сарын дотор дахиад шүдээ цоолоод ирдэг. Бидний зүгээс чихэр, газтай ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөгдөг. Угтаа хүүхдийн шүдийг ломбодсоны дараа эцэг эх нь шүдийг арчилж байх ёстой. Шүдийг дээд зэргээр угаах шаардлагатай. Тэр дэглэм маш их алдагдаж байна. Шүдийг нь эрүүл болгоод гаргахад хэдхэн сарын дараа цоолоод орж ирж байгаа хүүхдүүд олон байгаа. Ямартаа ч энэ төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжихэд сургуулийн хүүхдийн шүдний өвчлөл 60-70 хувьтай эрүүлжсэн.

-Шүд цооролтын гол шалтгаан нь юу вэ?

-Эх үүсвэрээс нь яривал шүдний цоорлын өвчин эхээс урагт халддаг. Эхийн шүд цоорол ихтэй байвал урагт халддаг, цоорлын вирустай төрдөг гэсэн үг. Хэдий шүдгүй ч буйлан дээр нь тэр вирус тогтчихдог. Шүдний цоорол үүсгэдэг вирус маш тэсвэртэй, удаан амьдрах чадвартай байдаг. Хүүхдийн шүд нь гараад дөнгөж бор хоолонд орж эхлэхээр шүдийг угаадаггүй. Шинээр ургаж байгаа шүдэнд бактери очиж наалддаг. Хамгийн гол нь чихэр идсэн тохиолдолд шүдийг маш сайн угаах ёстой.

-Шүд өвчлүүлж байгаа хүнсний төрлийн ямар бүтээгдэхүүн байна вэ?

- Нэн тэргүүнд чихэр, газтай ундаа, гурилан бүтээгдэхүүн багтана. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хооллохдоо угж, соосгийг нь амандаа хийж хоолыг нь өгдөг. Амнаас аманд нян халдварладаг болохоор эцэг эхчүүд, эмээ өвөө, асран хамгаалагчид нь бүгд анхаарах ёстой. Гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн аяга таваг, халбага сэрээтэй байх нь зүйтэй. Ингэснээр шүдний цоорлоос төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг алхам болно.

У.НАР

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612309
0 эможи

Зочин
2020-01-06 14:17
Зочин
2020-01-06 11:30
keyboard_arrow_up