Ч.Уртнасан: Томуугийн В хүрээний вирус бага насны хүүхдийг хурдан хүндрүүлж байна
-А ХҮРЭЭНИЙ H1N1 ВИРУС ОРЧИЛД ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА-
Хүйтний эрч чангарч, томуугаар өвчилсөн хүүхэд багачууд, томчууд гэлтгүй дүүргийн эмнэлгүүдийг бараадаж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд орны хүрэлцээ муутайгаас коридортоо өвчтөнүүдийг хүлээн авч эмчилсээр байна. Томуугийн өвчлөл өндөр байгаагийн шалтгаан H1N1 вирус дэгдсэн байж болзошгүй мэдээлэл ч тархаад байна. Тиймээс бид ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасантай энэ асуудлаар ярилцлаа.
-Хүйтний эрч чангараад томуугийн дэгдэлт улам өндөр болж байгаа дүр зураг харагдах юм. Бүр өнгөрсөн жилийнхээс ч томуугийн өвчлөл өндөр байна гэлцэх хүмүүс байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бид томуу, томуу төст өвчний тандалтын үйл ажиллагааг долоо хоног тутамд 21 аймаг, есөн дүүргээс улсын хэмжээний мэдээлэл аваад нэгтгээд хийж байдаг. Энэ мэдээгээр улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 11 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад томуугийн өвчлөл бага зэрэг нэмэгдсэн байдал ажиглагдаж байгаа. Эмнэлэгт хэвтэх тохиолдол ч бага зэрэг нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр өвчлөлийн дэгдэлт оргил үедээ хүрч байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын дунд үед гарч байсан оргил үе орчмын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн хэмжээнд хүрчихсэн байна. Түүнээс биш өвчлөл өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн, хэд дахин хүндэрсэн байдал одоогоор ажиглагдаагүй байна.
-Ямар төрлийн вирусээр томуугийн өвчин үүсгэгдэж байна вэ?
-Томуу 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Манайд ихэвчлэн томуугийн А, В хүрээний вирус орчилд байдаг. Түүнээс гадна томуу, томуу төст өвчний вирус манайд жилийн турш орчилд байгаад байдаг. Томуугийн вирус, томуу төст өвчний вирус гэж хоёр өөр. Өөрөөр хэлбэл, өөр өөр вирусээр үүсгэгддэг. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд ойролцоо. Гэхдээ бид эмнэл зүйн шинж тэмдгээр нь ялгах боломжгүй. Лабораторийн шинжилгээгээр нарийн тогтоогддог. Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн В хүрээний вирус орчилд байна. Мөн амьсгалын замын синстиаль вирус буюу RSV вирус адилхан орчилд байна. Энэ хоёр вирусийн онцлог нь хоёулаа бага насны хүүхдийг илүү өвчлүүлдэг. Амархан хүндрүүлдэг. Синстиаль вирус нь зургаа хүртэлх сартай хүүхдүүдэд илүү хүндрэлийг үүсгэдэг. Томуугийн В вирус бол тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөх эрсдэлтэй. Нэг онцлог нь жаахан ужиг явцтай, удаан эдгэдэг. Мөн бага насны хүүхдүүдийг амархан уушгины хатгалгаанд хүргэдэг.
-Бусад вирустэй харьцуулахад хүнд төрөлд орох уу?
-Ер нь томуугийн вирус бүгд хүндрэлийг үүсгэдэг. Өвчлөл маш богино хугацаанд олон хүнийг хамруулдаг. Томуу, томуу төст өвчний амьсгалын замын синстиаль вирус бусад вирусийг бодоход бага насны хүүхдүүдэд илүү хүндрэлийг үүсгэдэг. Ялангуяа зургаа хүртэлх насны хүүхдүүдэд. Энэ жилийн хувьд яг одоо томуугийн В вирус орчилд байгаа ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа байдлыг харахад нэг хүртэлх насны хүүхдүүд илүү өвчлөлтэй, эмнэлэгт хэвтэлт өндөр байгаа.
-Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд хүндрээд буцаж хэвтэх тохиолдол элбэг байна. Ер нь энэ төрлийн вирусүүдийн эмчилгээ манайд хэр чанартай вэ?
-Эмчлэгч эмч тухайн хүүхдийг үзээд биеийн онцлог, өвчнийх нь явцад тохирсон стандарт эмчилгээг хийдэг. Гол нь хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтээд бүрэн эдгэрдэггүй. Эмнэлгээс гараад эмчийн зааврын дагуу эмээ бүрэн уухаас эхлээд эцэг эхийн өөрийн асаргаа маш их шаарддагддаг. Эмчийн зааврын дагуу эмийг нь бүрэн гүйцэд өгөхгүй, асаргаа сувилгаа дутуугаас эргээд тэр өвчлөлөөр хүндрээд хэвтдэг. Бараг ихэнх тохиололд эцэг эхийн асаргаа сувилгаанаас хамаарсан байдаг.
-В хүрээний томуу, томуу төст өвчний хүндрэлээс болж нас барах тохиолдол бүртгэгдсэн үү?
-Нас баралтын талаар бид ярих боломжгүй.
-H1N1 вирус тархсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна?
-Томуугийн А, В хүрээний вирус манайд ихэвчлэн байдаг гэж гэж дээр ярьсан. Түүний нэг нь А хүрээний H1N1 вирус байдаг. H1N1 вирус өнгөрсөн жилийн өвчлөлийг дэгдэлтийг үүсгэж байсан. Энэ жилийн хувьд В хүрээний вирус дэгдэлтийг үүсгэж байна. Яг одоогоор А хүрээний H1N1 вирус орчилд орж ирээгүй байна. Манайх жилийн турш лабораторийн тандалт тавьж байдаг. 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэг, мөн харуулдан тандалтын нэгжүүд буюу өрхийн эрүүл мэндийн төвүүдээс жилийн турш сорьц авч шинжлээд тухайн жилийн энэ дэгдэлт ямар вирусийн гаралтай байгааг байнга тандаж байдаг. Энэ тандалтын мэдээгээр В вирус л орчилд байна.
-Хүйтний эрч цаашдаа ч улам чангарна. Магадгүй өөр ямар ч төрлийн вирус дэгдэж болзошгүй байх нь ээ?
-Манайх жилийн туршид томуугийн тандалт явуулж байдаг. Хэдий тийм ч В вирусийн дараа ийм вирус эргэлтэд орно гэж таамагдах ямар ч боломж байхгүй. Томуугийн вирус өөрөө маш хувьсамтгай. Ямар вирус түлхүү ороод ирэх, ямар хүндрэлтэй байхыг хэн ч таашгүй. Тиймээс жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг.
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгөөч?
-Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн л бол тав хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эхчүүд заавал харьяа өрх, дүүргийн эмчдээ үзүүлж байж эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ёстой. Яагаад гэвэл ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх магадлалтай байдаг учраас заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Эцэг эхчүүд дур мэдэн антибиотик хэрэглэдэг. Антибиотик томуугийн вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй, нянгийн буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас вирусээр үүсгэгдэж байгаа томуугийн үед антибиотик ямар ч үр дүн байхгүй. Харин ч эсрэгээрээ хүүхдийн дархлааг сулруулж, хордлогыг нэмэгдүүлэх эрсдэлийг үүсгэдэг. Мөн эцэг эхчүүд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол хүүхдээ гэрт нь байлга. Бүрэн эдгэсний дараа сургууль, цэцэрлэгт явуулаач гэдэг зөвлөмөөр байна. Харин урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, явахаар бол заавал маск зүүж хэвших хэрэгтэй. Эцэг эхчүүд гаднаас орохдоо гараа угаасны дараа хүүхэдтэйгээ харьцаж байгаарай. Хүүхдүүддээ ч гараа угаах дадлыг хэвшүүлэх, бохирдсон тохиолдол бүртээ гараа угаах ёстой. Бид яагаад бүх халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гар угаахыг зөвлөөд байна вэ гэхээр томуу агаараар болон бохирдсон гараар дамждаг. Гэдэсний халдвар бүгд бохир гараад дамждаг. Тиймээс гарын ариун цэвэр сахина гэдэг урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг байдаг. Маск зүүх нь амьсгалын замын халдварыг таслан зогсоох хэлбэр. Гэхдээ маскийг зөв зүүх хэрэгтэй. Нэг маскийг дөрвөн цаг таутамдаа солих зэрэг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байх ёстой. Мэдээж хүүхдээ эрүүл амин дэмтэй хоол хүнсээр ойр ойр хооллох нь зөв. хүүхдийг компьютер, утаснаас аль болох хол байлгах, зөв амрааж, 22.00 цаг гэхэд унтуулж хэвшүүлээрэй. Дархлааг сайжруулах тухай ярьдаг. Наад захын дархлаа сайжруулах витамин уухаас илүүтэй цэгэн бариа массаж хийх, хүүхдийн насанд тохирсон хөдөлгөөн хийх, зөв амраах, зөв хооллох зэрэг нь бүгд дархлааг дэмжих энгийн арга.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин