Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ТӨРИЙН ОДОН, МЕДАЛИАР шагнууллаа
Эрүүл мэндийн салбарын шилдэг эмч, ажилчдад төрийн дээд одон медаль гардуулах арга хэмжээ өчигдөр ЭМЯ-нд боллоо.
Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар болон бусад албаны хүмүүс гардуулж өглөө.
Арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн салбарт цаг наргүй зүтгэдэг эмч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын 3.2 сая хүн амынхаа эрүүл мэндийн төлөө энэ салбарын 52 мянган гаруй ажилтнууд маань ажиллаж байна.
Өнөөдөр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлсан эмч, мэргэжилтнүүд энд цугларсан байна. Эрүүл мэндийн салбарт шинэхэн ардын болон гавъяат эмч төрлөө. Энэ мэт 2019 оноо бид амжилт бүтээлээр үдлээ. 2020 онд хийж бүтээх их ажил байна. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.” хэмээлээ.
ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг “Юуны өмнө энэхүү шагналыг авсандаа маш их баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, Төв аймаг нэгдсэн эмнэлгийн хамт олон болон сүүлийн 25 жил ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн хамт олон, үр хүүхдүүддээ талархаж байна. 2020 он амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байна гэдэгт итгэж байна. Та бүхэндээ эрүүл энх, сайхан бүхний хүсье.
Би 1983 онд Ангаах ухааны их сургуулийг төгсөөд Төв аймгийн Баяндэлгэр суманд 2 жил сумын эмчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Дараа нь Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр 10 жил ажиллаж, 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл ХӨСҮТ-д ажиллаж байна. Хамт олноороо үргэлж бахархаж явдаг.
Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, Элэг бүтэн Монгол хөтөлбөр, Сүрьеэгийн гаралтыг бууруулах чиглэлийн бүх аянд манай хамт олон манлайлан оролцож байна. Энэ дашрамд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж байгаа нийт цагаан нөмрөгтэй эмч, сувилагч, ажилтануудад шинэ оны мэнд хүргэе. ” гэв.
ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|