L-Carnitine ЗӨРЧИЛТЭЙ ч зарагдсаар байх уу

2019 оны 12 сарын 26

Arslan.mn

Бүсгүйчүүдийн мөнхийн хүсэл нь турах байдаг. 10 хүн тутмын зургаа нь турах гэдэг сэтгэцийн өвчин туссан байдаг гэсэн судалгаа ч байдаг. Тэр тусмаа ямар нэгэн тэмдэглэлт баяр, ой дөхөөд ирэхээр бүсгүйчүүд богино хугацаанд үр дүнд хүргэх тураах бүтээгдэхүүнийг хайж, хэрэглэдэг. Түүнийгээ дагаад өөрийн бие махбодь болон амь насаараа хохирдог.

Тухайлбал, саяхан Баянзүрх дүүрэгт оршин суудаг 40 орчим настай эмэгтэй байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд бэлдэхийн тулд дөрвөн хоног мацаг барьсны улмаас нас барсан. Талийгаач нь бөөрний дутагдалтай байсан бөгөөд үүнийгээ мэдээгүй байсны улмаас ухаан алдсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тод Каннам” эмнэлэгт  29 настай эмэгтэй өөх соруулах хагалгаанд орж нас барсан. Энэ мэтчилэн турах хүслээсээ болж хохирсон жишээнүүдийг дурдьвал дуусахгүй. Түүнийгээ дагаад тураах бүтээгдэхүүний бизнес манай улсад цэцэглэх болсон. Харин тус бүтээгдэхүүнүүд хаанаас орж ирсэн болон хууль хяналтын байгууллагын бичигтэй эсэх нь эргэлзээтэй байдаг. Манай бүсгүйчүүдийн хувьд хэн нэгэн турсан эсэх нь сонин болохоос хаанаас хэн хэзээ оруулж ирсэн нь сонин биш байдаг гэдгийг нуух юун. Тэгвэл L-Carnitine хэмээх энэ бүтээгдэхүүн томоохон худалдааны төвүүд болон сошиал орчинд элбэг харагддаг.

Мөн тус бүтээгдэхүүнийг хэрэглээд сард 6-12 кг хасна гэдэг. Харин бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад ам цангах болон сульдаж ядрах, ходоод бөөр, өвдөх нь элбэг байдаг гэдгийг хэрэглэгчид хэлдэг. Тухайлбал, L-Carnitine хэрэглэгч Э.Тунгалагтуяа “Би өнгөрсөн жил хоёр сар хэрэглэсэн байгаа. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө ходоод маань өвддөггүй байсан бол одоо өвддөг болсон. Мөн жин хасахын хувьд хасдаг ч эргээд сөрөг нөлөө ихтэй юм байна” гэж байв. Харин 35 настай иргэн Т.Бадамгарав “Бөөрөнд  их муу юм шиг санагдсан. Бөөр өвдөөд эмчид үзүүлэхэд энэ бүтээгдэхүүнээс болсон байна” гэсэн гэв.

Манай улсад байх турах хүсэлтэй бараг бүх эмэгтэй авч хэрэглэсэн гэхэд хилсдэхгүй байх. Харин энэ бүтээгдэхүүн хаанаас хэнээр дамжин хэрхэн орж ирдэг талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй. Бид мэдэхийг ч хүсдэггүй. Харин худалдаалдаг хүмүүсээс тодруулбал “Манай бүтээгдэхүүн богино хугацаанд үр дүнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрсөн бүтээгдэхүүн” гэв.

Харин байгалийн гаралтай гэгддэг энэхүү бүтээгдэхүүнийг Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн есдүгээр сард гарал үүсэл нь тодорхойгүй, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн болохыг илрүүлж байсан.

Манай улсад биологийн идэвхт бүтээгдэхүүн зарахаар бол заавал Монгол Улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгүүлэх ёстой байдаг. Тухайлбал, Баянгол дүүргийн VII хороо, ГССҮТ-ийн байранд байрлах “МЭИК” ХХК-ийн салбар эмийн санд “Л-Карнитин 360”, “L-Carnitine 360 оригинал” нийт 480 мянган төгрөгийн бүтээгдэхүүн зарж байсныг илрүүлж, улсын байцаагчийн акт үйлдэн хураан авч, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.26  ПҮРЭВ  №256  (6223)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612007
0 эможи

Иргэн
2019-12-26 17:55
Хилээр оруулахыг хориглох терийн байгууллага алга уу новш гэж
keyboard_arrow_up