Д.Мажигсүрэн: Боломжит бүх тасагтаа ор нэмж тавьж байж томуугийн улирлыг давж байна
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Мажигсүрэнтэй ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн талаар товч танилцуулахгүй юу?
-Манай эмнэлэг дүүргийн ард иргэдэд хоёр дахь шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Дотор, мэдрэл, хүүхэд, мэс засал гэмтэл, оношилгоо үйлчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн чиглэлээр Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны насанд хүрэгчдэд, дүүргийнхээ бүх хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг юм. Манайх нийт 205 ортой. 153 эмч, эмнэлгийн ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн тасаг нь 80 ортой. Дотор мэдрэлийн тасаг 90 ортой. Мэс засал, гэмтлийн тасаг 25 ортой. Сэхээн амьдруулах, яаралтай тусламжийн тасаг 10 ортой.
-Дүүргийнхээ бүх хүүхдэд үйлчилдэг гэлээ. Хүүхдийн тасгийн ачаалал хэр байна вэ?
-Хүүхдийн тасгийн хувьд зуны улиралд харьцангуй ачаалал багатай. 80 ороо дүүргээд ажиллаад байх боломжтой. Хүйтний улирал эхлэх аравдугаар сарын сүүл үеэс эхлээд томуу, томуу төст өвчний идэвхжил дэгдлийн үед орны хүрэлцээ хангамж маш муу байдаг. Яагаад гэвэл Хан-Уул дүүрэг 168 мянган хүн амтай. Түүний 65 мянгийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Тэр дундаа хүүхдийн тасаг маань наяхан ортой. Томуу, томуу төст өвчний идэвхжил дэгдлийн үед бид насанд хүрэгчдийнхээ тасгийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн төв рүү шилжүүлдэг. Насанд хүрэгчдээ энд хэвтүүлэхгүйгээр Эрүүл мэндийн төвдөө шилжүүлээд, насанд хүрэгчдийнхээ 90 орыг хүүхдийн чиглэлээр ашигладаг. Дээрээс нь нэмэлтээр хүүхдийн тасаг болон насанд хүрэгчдийн тасагтаа ор тавих боломжтой бүх өрөөг суллан томуугийн улирлыг давж гарч байна. Үүнд эмч нарын өрөө, амралтын өрөө, хувцасны өрөө, сувилагчдын өрөө, сургалтын заал гээд ор тавих боломжтой бүх өрөөгөө суллан хүүхдүүдээ хүлээн авч байна. Аль болох хүүхдүүдээ коридорт байлгахгүй зорилгоор хичээж ажиллаж байна. Арванхоёрдугаар сар гараад сүүлийн долоо хоног томуугийн идэвхжил нэлээд их болсон. Манай ачаалал ихээр нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар гэхэд хүүхдийн тусламж үйлчилгээнд 222 ор ашиглагдаж байна. Дээрээс нь коридортоо эвхдэг ор тавиад хүүхдүүдээ авч байна. Шөнөдөө ирж байгаа хүүхдүүд коридорт эвхдэг орон дээр хэвтээд өдөр хүүхдүүдээ гаргаад тасагт шилжүүлж байна.
-Саяхан Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хороонд 50 ортой хүүхдийн шинэ эмнэлэг ашиглалтад орсон. Танай эмнэлгийн харьяа байх аа. Үйл ажиллагаа нь эхэлсэн үү?
-Саяхан ашиглалтад орсон Биокомбинатын 50 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсон байгаа. Тоног төхөөрөмж нь мөн цаанаасаа Хятадын хөрөнгө оруулалтаар ирсэн. Энэ ажил яамны хүрээнд хийгдсэн. Гэхдээ санхүүжилт, хүний нөөцийн асуудал нь шийдэгдээгүй болохоор бид үйл ажиллагаагаа эхэлж чадахгүй байгаа. 2020 оны нэгдүгээр сараас төсөв мөнгө, хүн хүчний асуудал шийдэгдвэл бид үйл ажиллагаагаа эхлээд хүүхдүүдээ хүлээн авах боломж байна. 2019 онд манай эмнэлэг нэгэн шинэ бүтээн байгуулалт хийгээд байгаа. Мэс заслын хоёр давхар барилгын дээр өргөтгөл бариад гурван давхар болгож, арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байна. Энэхүү хүүхдийн тасгийн өргөтгөл 30 ортой. Манай ерөнхий дарга Д.Бааст өөрөө төсөл бичээд, Good neighbours олон улсын байгууллагатай хамтран 770 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг олж, эмнэлэгтээ хүүхдийн тасгийн өргөтгөл барьсан.
-Өнөөгийн томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед эцэг, эхчүүд хүүхдүүдээ урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Томуу, томуу төст өвчний идэвхжил арваннэгдүгээр сарын эхэн үеэс эхэлж байгаа шүү дээ. Одоо бол томуугийн 46 дахь долоо хоног явж байгаа. 46 дахь долоо хоног дээр нийслэлийн хэмжээнд томуугийн амбулаторийн үзлэгийн хувь 4.6 хувь байна. Түрүү долоо хоногийн үзүүлэлтээр. Энэ долоо хоног нэмэгдсэн. Хамгийн сүүлд мэдээлсэн байдал нь тийм байгаа. Алаг цоог идэвхжилийн үе гэж ярьдаг. Алаг цоог идэвхжлийн үед томуугийн А болон В хүрээний вирус эргэлтэд орж байгаа. 0-5 настай хүүхэд ихэвчлэн ирж байна. Юугаар хүндэрч байна гэхээр амьсгалын дээд замын үрэвсэл, бөглөршилтэй, уушгины хатгалгаагаар хүндэрсэн өндөр халуунтай хүүхдүүд ирж байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо харьцангуй нэмэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдээр 280 гаргаж үзлээ. Энэ нь зөвхөн амбулаториор үзүүлээд буцаж байгаа хүүхдийн тоо. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагтаа бид шөнийн ээлжинд хоёр эмч гаргаж байна. Өдөр хоёр эмч нэмээд нийт 3-4 эмч байнга үзээд байхад л тэр 280 хүүхдийг үзэж дийлэхгүй байдал үүсээд байгаа. Үүнээс 50-иад хүүхэд нь хэвтэн эмчлүүлээд бусад нь зөвлөгөө аваад явж байна. Эцэг эхчүүд юу анхаарах вэ гэхээр хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүл, телевиз радиогоор маш их эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт сурталчилгаа явж байна. Түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүс хомс байна. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол маш дутмаг. Хүүхдээ дааруулахгүй байх, бие бялдрыг чийрэгжүүлэх, халуун бүлээн шингэн зүйл их уулгах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, дагуулж явсан тохиолдолд маскийг байнга зүүлгэх зэрэг зүйлийг дасал болгох хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлээгүйн улмаас хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр маш их өвчилж байна. Нэгэнт томуу, томуу төст өвчнийг туссан тохиолдолд сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй гэрт нь асрах, эмчилгээ асаргааг сайн хийгээгүйн улмаас хүүхдүүд хүндрээд ирээд байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол маш чухал гэдгийг л хэлье.
-Дүүргийн эмнэлгийн зүгээс ард иргэдэд сургалт, сурталчилгааны ажил хийдэг үү?
-Хийлгүй яахав. 2019 оны хэмжээнд бүх хороодоор яваад эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгаа хийсэн. Дээрээс нь байгууллага дээрээ эрүүл мэндийн өдөрлөг зохиож сургалт сурталчилгаа байнга хийдэг. Бүх давхар тасагтаа LCD телевизор тавиад байнгын эрүүл мэндийн хичээлийг хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг.
-Тус сургалт, өдөрлөгийн арга хэмжээнд хүмүүс хэр хамрагддаг вэ?
-Ерөнхийдөө хамрагддаг. Хамрагдалтын хувь сайн байдаг гэж боддог. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр 100 гаруй хүн, хороон дээр очоод хийхэд 100 гаруй хүн хамрагдана. Эмнэлэг дээрээ сургалт хийхэд 50-60 хүн хамрагдах жишээтэй. Хамрагдалт бол сайн байдаг.
-Ирэх жил дүүргийн эмнэлгийн 40 жилийн ой тохиох юм байна. Ойн хүрээнд төлөвлөсөн ажлууд бий юү?
-40 жилийнхээ ойтой холбоотой урьдчилсан төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай эмнэлгийн гурван давхар өргөтгөлийн барилга урд талын талбай дээр баригдахаар төлөвлөгдөөд УИХ, Байнгын хороодоор батлагдчихсан байгаа. Тэр ажил хэрэгжээд явах байх гэж найдаж байна. Дотооддоо сар бүрийг бүтээлч ажлын сар болгон явуулдаг. Тэр ажил үргэлжилнэ. 2020 он гараад 40 жилийн ойгоо угтаад 40 брэнд ажил хийхээр төлөвлөсөн. 35 жилийн ойгоороо бид 35 брэнд шинэлэг ажил хийж байсан. Гадна тохижилтын ажилд 179 сая төгрөгийн төсөв батлагдчихсан байгаа. Энэ жил оройтоод буцаачихсан. Ирэх жил дулаарахаар гадна тохижилтын ажил эхэлнэ. Мөн агааржуулалтын дотоод системийг сайжруулах ажлыг Агаарын чанарын албанд хүргүүлчихсэн. Тэр бас 40 жилийн ойн өмнө хийгдэнэ гээд маш олон ажил бий.
Эх сурвалж: Өдрийн сонин