Д.Ганмаа: Эрүүл мэндийн бодлогод өөрийн гэсэн шалгуур байх ёстой
Харвардын Анагаах ухааны их сургууль болон Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор Д.Ганмаатай ярилцлаа.
-Монголын хүн амд тулгарч буй эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд чиглэсэн судалгаа шинжилгээний ажил чинь хэр урагштай байна вэ?
-Судалгаа шинжилгээг хэр үр дүнтэй байгаа вэ гээд үнэлдэг шалгуур нь олон нийтэд хэр ач холбогдол бүхий ажил хийж үр дүн гаргасан бэ гэдгээр дүгнэгдэнэ. Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд шинжлэх ухааны хөгжлөөрөө Монгол Улс 239 орноос 117-т жагсаж байна. АНУ, Хятад, Англи, Япон, Герман зэрэг улсууд бүх салбарын шинжлэх ухаан, тэр дундаа анагаах ухааны салбараар тэргүүлж байна.
Харин манай улс анагаахын шинжлэх ухааны салбарын хөгжлөөр 128-д эрэмбэлэгддэг.
Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад шинжлэх ухааны ажлын үр дүнг өндөр ач холбогдол өгөн хүлээн авч, эрдэмтэн, судлаач нарын нэр хүндийг өргөх, бие дааж шийдвэр гаргах, эрдэм шинжилгээ судалгааны ажлаа явуулах эрх чөлөөгөөр хангадаг, гарсан үр дүнг нь олон нийтийн эрх ашигт тааруулан амьдралд хэрэгжүүлдэг гээд судалгаа шинжилгээний амжилтыг бататгах механизмыг бий болгосон байдаг. Манай орны хувьд нөхцөл байдал арай өөр байна.
-Хөгжлийн гарцыг нь та юу гэж харж байна?
-Юуны өмнө эрүүл мэндийн тулгамдсан асуудал нь яг юу вэ. Яагаад энэ асуудал үүссэн бэ гэдэг учир шалтгааныг тодорхойлох нь маш чухал. Аливаа зүйлийн шийдлийг олохын тулд зөв асуулт асууж сурах хэрэгтэй байдаг. Тэгэхээр манай улсын хэмжээнд энэ олон асуудлаас алийг нь чухалчлан авч ямар арга хэмжээ авч, үр дүнг нь хэзээ хаана яаж тайлагнах вэ, үүнийг хэн, хэзээ, яаж хийх вэ зэрэг таван асуултад хариулах ёстой юм.
-Тухайлбал?
-Бодлого боловсруулагчид мэдээллийг нэгтгээд шийдвэрийг гаргах ёстой. Тэгээд байгаа төсөв хөрөнгийн эх үүсгэвэр болон тулгамдаж байгаа асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх түвшнээр нь эрэмбэлэн шийдвэр гаргах, түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэрэгжилт нь цаг хугацаанд баригдсан, үр дүнтэй, тэр нь бодитой байх ёстой. Энэ хариулт нь их ерөнхий болж байгааг ойлгож байна.
Яагаад гэсэн асуудал нь өөрөө их том хүрээг хамардаг. Үүнийг аль ч салбарт асуудал тус бүр дээр тулгуурлан шийдэхэд хэрэглэж болдгоороо онцлог. Миний хувьд шим тэжээл болон эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлсийг сонирхож судалдаг.
Манай орон шим тэжээлийн доголдол, зохисгүй хооллолтоос шалтгаалсан өвчлөлүүдийн тархалт өндөртэй. Төр, засгаас нотолгоонд суурилсан эрдэм шинжилгээний үнэн бодит үр дүнд үндэслэн шийдвэр гаргаснаар энэ нөхцөл байдлыг маш хурдан сайжруулах боломж бий.
-Хүн амыг эрүүлжүүлэхийн тулд нэн тэргүүнд ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Бодлого төлөвлөлт, харилцаа хамтын ажиллагаа чухал. Үүн дээр нэмээд хүн амаа эрүүлжүүлэхэд судалгаа, нотолгоо, баталгаатай мэдээлэл дээр үндэслэн удаан хугацааны тогтвортой бодлогыг явуулах ёстой. Эрүүл мэндийн бодлого боловсруулна гэдэг өөрийн дэг жаяг, үе шаттай, өөрийн гэсэн шалгууртай байх ёстой. Манайд эрүүл мэндийн бодлого төлөвлөлт хэрхэн хийгдэж байгаа талаар бид хөндлөнгийн үнэлгээ хийж, нээлттэй ярилцах цаг болжээ.
-Монголын анагаах ухааны салбар одоо болон ирээдүйд юунд анхаарч, ямар замаар урагшлах ёстой гэж та үзэж байна?
-Бие даасан, ялангуяа улс төрөөс хамааралгүй байх маш чухал. Анагаах ухааны боловсрол, эмч мэргэжилтэн нарын маань чадал, салбараа гэсэн сэтгэл ямар ч хөгжилтэй орныхоос дутахгүйгээр үл барам илүү гарах боломж бий. Социализмын үеэс олгосон анагаах ухааны ололт амжилт бол хүний төлөө, хүний сайн сайхан эрүүл мэндийн төлөө гэсэн зорилготой, тангарагтай байсан нь эмч, эмнэлгийн ажилтан ажилчдыг хүний төлөө гэсэн сэтгэл зүрх, хатуужил тэвчээрийг маш сайн суулгаж өгчээ.
Үүн дээр нэмээд Америк, Япон, Европын улсад анагаахын чиглэлээр манайхаас олон хүмүүс сурч боловсорч мэргэжлээ дээшлүүлж, нэг ёсондоо “юм үзэж нүд тайлсан” байна. Мэргэшсэн анагаах ухааны салбарын хүмүүсийг шийдвэр гаргах төвшинд аваачин анхан шатнаас нь дээд төвшинд ямарваа нэгэн нам, улс төрийн нөлөөгүй болгож бэлтгэх нь энэ салбарыг ирээдүй рүү идэвхтэй урагшлуулах зам юм.
Мөн анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулиудын зохион байгуулалтыг өөрчилж, улс төрөөс ангид байлгах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх хэрэгтэй. Мөн олон улсад ажиллаж буй эрдэмтдийг эх орондоо авчирч ажиллуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин