А.Наранчимэг: Монгол-Японы сургалтын эмнэлэг ЭМД-аар үйлчилж байна

2019 оны 10 сарын 14

 

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэг амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгээ хийгээд эхэлжээ. Энэ талаар тус эмнэлгийн Олон нийт, Маркетингийн мэргэжилтэн А.Наранчимэгээс тодрууллаа.

-Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлэг иргэдэд үйлчилж эхэлсэн гэж сонссон. Харьяаллын хувьд аль дүүргийнхэнд үйлчилж байгаа вэ. Ямар чиглэлээр, хэдэн төрлийн үзлэг зохион байгуулж байна вэ?

-АШУҮИС-ийн дэргэдэх Монгол Японы сургалтын эмнэлгийн амбулаторийн үйл ажиллагаа энэ сарын 1-нд албан ёсоор эхэлж, үйлчлүүлэгчдээ хүлээн аваад байна. АШУҮИС-ийн эмнэлэг нь Баянзүрх дүүргийн 10, 12, 13, 26 дугаар хорооны иргэдэд эрүүл мэндийн үндсэн үйл ажиллагаа, улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс илгээх бичгийн дагуу илгээсэн үйлчлүүлэгчдийг хүлээж авна.

МЯСЭ-ийн амбулатори, радиологийн төв, дурангийн төвийн үйл ажиллагаа энэ сарын 1-нээс эхэлж, хэвтэн эмчлүүлэх тасгууд, мэдээгүйжүүлэг, мэс заслын тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тасгууд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар үүд хаалгаа нээснээр тус эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ.

-Эмнэлэг ашиглалтад орсноор амбулаториор өдөрт хэдэн хүн үзэх вэ. Ажлын цаг, бүрдүүлэх бичиг баримт, ЭМД-аар үйлчлэх гээд иргэдэд дуулгах ямар мэдээллүүд байна вэ?

-Манай эмнэлэг өдөрт 400 гаруй хүнд, сард 8,800, жилд дунджаар 105,600 гаруй үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой. Ажлын цаг даваагаас-баасан гаригт 8:30-16:20 цагийн хооронд ажиллана.

Үйлчлүүлэгч иргэний үнэмлэх болон лавлагаа тусламж үйлчилгээ авахыг илэрхийлсэн 13A маягттай ирэхэд, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад саадгүй. Мөн иргэд маань урьдчилан манай эмнэлгийн 70153098, 70153099 лавлах утсаар эмчийн үзлэгийн цаг товлох боломжтой. Эмчийн үзлэг болон оношилгоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх боломжтой. Эмчийн зөвлөсний дагуу улиралд та 165,000 төгрөг хүртэлх оношилгоо, шинжилгээ хийлгэх эрхтэй.

-Эмнэлгийн тоног төхөөрөмж, тохижилт үйлчилгээ зэрэг нь бүгд иргэн төвтэй, шинэлэг санагдсан. Харин эмч нарын хүрэлцээ хангамж хэр байна вэ?

-Монгол-Япон сургалтын эмнэлэг н ь үйлчлүүлэгч төвтэй, үйлчлүүлэгчид ээлтэй, багаар үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ бүхий Япон менежментийг нутагшуулж буйгаараа онцлог юм. Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч дэмжих төвийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт анх удаа нэвтрүүлж байна.

Цаашид эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Япон улсын их сургуулиудад мэргэжил дээшлүүлэн өндөр хөгжилтэй орны эмч, багш нарыг урьж ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Тус эмнэлэгт олон улсын болон үндэсний шилдэг их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, бэлтгэгдсэн хүний нөөц ажиллана.

Мөн АШУҮИС-ийн эрдэмтэн профессорууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахыг дуулгахад таатай байна.

Манай эмнэлэг Монголын уламжлалт анагаах ухааны үндэсний төв, дотрын нэгдсэн тасаг, мэс засал, хавдар судлалын тасаг, хүүхдийн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, мэдрэлийг тасаг, зүрх судас болон ревматологийн төв, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг, нүд судлалын төв, чих хамар хоолойн төв, арьс судлалын төв, эмнэлзүйн төв лаборатори, радиологийн төв, дурангийн төв, эмгэг судлалын төв гэсэн чиглэлүүдээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609223
1 эможи

keyboard_arrow_up