Д.Сарангэрэл сайдад угаартсан ИРГЭД хандсан ч НҮҮРЭЭ буруулжээ
Эрүүл мэндийн яамны бодлого, хуулийн зохицуулалт нэгэн эмнэлгийн журмын өмнө хүчин мөхөсддөг гэдгийг иргэд харлаа. Учир нь аравдугаар сарын 7-ноос эхлэн сайжруулсан шахмал түлш түлж угаартаж хүнд хордлого авч Хордлогын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа иргэд хайртай дотны хүмүүсээ алдаж, өөрсдөө эрүүл мэндээрээ хохирч хүндхэн байдалд хоног өдрүүдийг өнгөрүүлж байгаа. Гэтэл эдгээр хохирсон иргэдийг дахин хохироож байгаад тэд их гомдолтой байгаа тухай биднийг сурвалжилга хийх үеэр эмчлүүлж байгаа иргэд дуулгаж байсан билээ.
Угаарын хийнд хордож хэвтэн эмчлүүлэхээр ирсэн иргэдийг Хордлогын үндэсний төв Эрүүл мэндийн даатгалын сангаас үнэгүй эмчилгээ үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэдгээ дуулгажээ.
Иргэн хүний хувиар үнэгүй эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй давхар хохирч суугаа тэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг асуудлыг шийдэх өгөхийг хүссэн ч хариу өнөөдрийг хүртэл ирүүлээгүй. Угаартаж эрүүл мэндээрээ хохирсон иргэд нэг өдрийн 46 мянган төгрөгийн эмчилгээнээс гадна өдөрт нэг удаа 20 мянган төгрөгийн хүчилтөрөгчийн аппратанд эмчлүүлдэг. Мөн хэд хоногийн зайтай биеийн байдлаасаа хамаарч 110 мянган төгрөгөөс гадна эм тариа, дусал бүрийг өөрийн мөнгөөрөө гарган эмчлүүлж байгаад гомдолтой байгаагаа хэлж байв.
Тэд төрийн гаргасан шийдвэрийг иргэн хүний үүрэг хариуцлагын хүрээнд биелүүлж утаагүй гэгдэж байсан шахмал түлшийг түлснээр ийн хайртай дотны хүмүүсээ алдсан харуулсал дээр нь эрүүл мэндээрээ хохирсон. Гэтэл угаартсан болон эмэнд хордсон хүмүүс Хордлогын төвийн дотоод журмаараа эмчилгээний зардлыг өөрсдөөсөө гаргадаг хэмээн дахин хохироож байгаа юм. Энэхүү дотоод журам нь тэднийг дахин дэвсэлж буй аятай. Энэ асуудлыг салбарын сайд нь анхаарч байгаа гэж хэлж байгаа ч түүний үг нэгэн эмнэлгийн дотоод журамд ч үйлчилж шийдвэр гаргах хэмжээнд биш аж.
Энэ асуудлыг Эрүүл мэндийн яамны зүгээс бид судалж байгаа гэдгээ хэлж байгаа. Харин Хордлогын үндэсний төв Эрүүл мэндийн яамны харъяа байгууллага биш бөгөөд Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн шийдвэрийн дагуу ажилладаг хэмээн хээв нэг Эрүүл мэндийн яамны Д.Сарангэрэл сайдад хэлсэн байгаа юм.
Харин иргэд Д.Сарангэрэл сайдыг ямар шийдвэр гаргах бол хэмээн хүлээж суугаа. Гэр хорооллын иргэд өдрийн түлшний мөнгөө ч дийлэхгүй олон айл өрх бий. Гэтэл төрөөс гаргасан шийдвэрээр хохироож давхар дотоод журам хэмээн иргэний эдлэх эрхээс хасч байгаа нь дэндүү эмгэнэлтэй.
Иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан дээрх асуудлыг сайд шийдэж чадахгүй байгаа нь угаартан хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийг бухимдлыг төрүүлсээр байна. Салбарын сайдаасаа илүү эмнэлгийн дотоод журам үйлчилсэн энэхүү салбарыг хэрхэн иргэнд ээлтэй болгох вэ гэдэг нь асуулт хэвээр үлдэж буй юм.
У.УРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|