УГТЭ “Эмчилгээний шилдэг технологи” НЭВТРҮҮЛЭГЧ байгууллагын ШАГНАЛ авлаа
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 24 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн дэвшилтэд технологийг нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Монгол улсад шинээр нэвтэрсэн болон нэвтэрч буй оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтран 21 дэх жилдээ зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи – 2019” үзэсгэлэнд Улсын гуравдугаар төв эмнэлэг амжилттай оролцлоо.
Тус эмнэлгийн “Зүрхний цочмог шигдээсийн эрт үеийн оношилгоо эмчилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх” сэдэвт цөм технологийн төслийн үр дүнд зүрхний судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээндээ нутагшуулж буй “Зүрхний цочмог шигдээсийн үеийн хүнд, архаг шохойжилт бүхий титэм судасны атерэктоми эмчилгээний технологи” тус Эрүүл мэндийн технологи – 2019 үзэсгэлэнгийн эмчилгээний шилдэг технологоор шалгарч өргөмжлөл гардан авлаа.
Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд тус эмнэлэг дээр хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн цөм төсөл болон захиалгат төслүүдийн үр дүнгээс танилцуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинээр нэвтэрсэн болон нэвтрүүлж буй оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологийг иргэд олон нийтэд таниулан сурталчиллаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр тус эмнэлгийн зүрх судас, мэдрэл, харвалт, хоол боловсруулах эрхтэн судлалын нарийн мэргэжлийн эмч нар цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг, эрсдлийн үнэлгээ хийж, 760 гаруй хүнд үзлэг, зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллалаа.