Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулах тал дээр шийдвэр гаргагчид чууллаа

2019 оны 9 сарын 23

ЭМЯ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран “Сүрьеэ, Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулганыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг чуулганд Эрүүл мэндийн дэд сайд болон яамны удирдлагуудын баг, ХӨСҮТ, ДЭМБ, ЭХЭМҮТ, НЭМҮТ-ын удирдлагууд болон 21 аймгийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн газрын дарга, Эмнэлгийн дарга нар гээд нийт 100 гаруй оролцогч оролцож халдварт өвчин болох тэмбүү, сүрьеэ өвчнийг бууруулах бодлогын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд юу байгаа талаар нээлттэй чөлөөтэй хэлэлцэв.
Эрүүл мэндийн яам төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж, устгах зорилт тавин ажиллаж байгаа юм.  Шийдвэр гаргагчид Сэлэнгэд чуулсан учир нь тус аймгийн удирдлага халдварт болон халдвар бус өвчнийг эрт илрүүлэх тал дээр эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтайгаа хамтран санал санаачилга гарган ажилласан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц боллоо.

Тодруулбал, Дэлхий дахины болон Монгол Улсын сүрьеэ, тэмбүү өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг илтгэл тавьсан бол Сэлэнгэ аймгийн хүн амын дундах сүрьеэ, БЗДХ-т өвчнийг эрт илрүүлэх ажлын явц, үр дүн тулгамдаж буй асуудлаар Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од ярилаа.

Түүнээс гадна Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэгийг суманд зохион байгуулсан үр дүн, тулгамдсан асуудлаар Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай ярилаа. Түүний хувьд сумынхаа хүн амыг эрүүл байлгахын төлөө их ажил хийж байгаа үлгэр жишээ удирдагч юм гэдгээ харуулав.
Аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилга, удирдлагуудын дэмжлэгтэйгээр цогц үзлэг үйлчилгээ шинжилгээ оношилгоо хийж, нутгийн иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр халдварт өвчингүй сум болж чаджээ.
Харин жирэмсний хяналт ба төрөлхийн тэмбүү өвчний талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр илтгэл тавьсан бол ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад ямар байгаа талаар тус сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа танилцуулав.


Мөн орон нутагт халдварт өвчин ямар хэмжээнд байгаа талаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа илтгэл тавьсан юм.
Чуулганд оролцогчдын хэлж буйгаар “Шийдвэр гаргагчдын шийдэх асуудал бол яах аргагүй төсөв мөнгө байна. Төсөв санхүүг нь орон нутгийн төсөвт нь суулгаад өгчихвөл энэ үйл ажиллагаа илүү үр дүнтэй явна. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм” гэв.

Ер нь бол төрөлхийн тэмбүү, сүрьеэгүй болохын төлөө хаа хаана хичээж  ажиллах ёстой юм.
Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг тул тэмбүүг устгах, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь зөв юм. Төрөлхийн тэмбүүгийн улмаас дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байна.
Тиймээс ч “Тэмбүүг устгая” аяныг цаг үеэ олсон арга хэмжээ гэж чуулганд оролцогчид онцолсон юм.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн ч болов өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоог хийлгэж эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.

Харин сүрьеэгийн халдварын эсрэг аймаг орон нутгийн Эрүүл мэндийн төв сайн ажиллаж байна. Түүнээс гадна ЭМЯ-наас 12 аймагт дижител рентгэн аппаратыг өгсөн байгаа нь сүрьеэг илрүүлэх ажил сайн байгаа гэж онцлов.
Сэлэнгэ аймаг хүм амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийдэг жишиг аймаг юм билээ. Дээрээсээ дэмжлэгтэй, удирдлагууд нь санаачлагатай идэвхтэй болохоор энэ ажил сайн явагддаг аж.

Ард иргэдийнхээ цаг зав, эдийн засгийг хэмнэж, орон нутагт эрүүл мэндийн хоёр дугаар шатлалын үйлчилгээг аваачсан байгаа юм. Тухайлбал, бүх төрлийн шинжилгээг аймгийн төв орж өгөх шаардлагагүй болж. Сумандаа цус болон нарийн мэргэжлийн шинжилгээг өгөөд тэр даруй хариугаа авчихдаг болжээ.
Аливаа өвчлөлтэй тэмцэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш аймаг сумын Засаг дарга нар удирдлагуудынх нь дэмжлэг туслалцаа сайн байх ёстой гэнэ. Сэлэнгэ аймгийн хувьд ийм л жишгээр явж байна.

 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608409
0 эможи

Зочин
2019-09-23 23:06
Зочин
2019-09-23 16:04
сонирхолтой
keyboard_arrow_up