Ц.Рэнцэндорж: Ам дамжсан эмчилгээнээс болж өвчлөл хүндрэх тохиолдол нэмэгдэж байна

2019 оны 9 сарын 20

Arslan.mn

Сүүлийн жилүүдэд чих, хамар, хоолойн өвчлөл манай улсад эрс нэмэгдсэн. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгааг энэ төрлөөр дагнасан мэргэжилтнүүд онцолдог.

Агаарын бохирдол, тоосжилт зэргээс гадна хувь хүний мэдлэггүй, хайнга байдлаас чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэж, иргэд ч ихэвчлэн хүндэрсэн хойно нь эмнэлгийн байгууллагад ханддаг байна.

Яг өнөөдрийн стандартаар нэг эмчид өдөрт 20-25 өвчтөн ноогдох ёстой. Гэтэл улсын эмнэлгүүдийн эмч нар хамгийн багадаа өдөрт 40 өвчтөнд үзлэг нь хийж байгаа нь ачаалал хэт өндөр байгааг харуулж буй хэрэг.

Тэгвэл энэ талаар АШУҮИС-ийн Чих, хамар, хоолой судлалын тэнхимийн багш, докторант Ц.Рэнцэндоржтой ярилцлаа.

-Чих, хамар, хоолойн өвчлөл манайд маш ихээр нэмэгджээ. Эмнэлгүүд, эмч нар ачааллаа дийлэхээ больсон байна. Чухам ямар шалтгаанаар өвчлөл нэмэгдээд байгаа юм бол. Та мэргэжлийн хүний үүднээс юу гэж харж байна вэ?

-Энэ төрлийн өвчлөл Монгол Улс, ялангуяа Улаанбаатар хотын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байна. Эмч нарын үйлчилгээ, хүртээмж, чанар сайжирсантай холбоотойгоор өвчнийг илрүүлэх илрүүлэг нэмэгдсэнтэй холбоотой.

Хоёрдугаарт, орчны болон агаарын бохирдол, хүмүүсийн зан үйл зэргээс шалтгаалж өвчлөл нэмэгдлээ.

Ялангуяа хамрын харшил, дайвар хөндийн болон архаг үрэвслүүд, тагнайн гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл, дунд чихний архаг үрэвсэл зэрэг ихэвчлэн нянгийн гаралтай халдвартай үрэвслүүд нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Тоосжилт, утаа, хүн амын шигүү суурьшилт зэрэг нь өвчлөлийн гол үндэс суурь болж байгаа юм. Дээр нь харшил ихэссэн.

Ер нь бол цаг, улирлаас шалтгаалан амьсгалын дээд замын өвчин болох хамар, залгиур хоолой, төвөнхтэй холбоотой өвчлөл нэмэгдээд байгаа юм. Мөн сэрүүний улиралд даарч хөрөх, ядарч сульдахаас хамааран чихний архаг үрэвслүүд сэдэрч, өвчлөл нэмэгддэг.

-Манай эмнэлгийн хүртээмж хэр байгаа вэ?

-Улсын эмнэлэгт нэг хүний үзлэгт зарцуулах хугацаа 15 минут орчим байх ёстой. Ингээд өдөрт 15-25 хүнд л үйлчлэх ёстой стандарт бий. Гэтэл манай улсын эмнэлгүүд стандартаас 2-3 дахин хэтэрсэн ачаалалтай ажиллаж, өдөрт 40-60 хүнд үйлчилж байх жишээтэй.

Энэ нь өвчтөнийг тогтсон цагийн дагуу бус олон үйлчлүүлэгчид хүрч ажиллахын тулд богино хугацаанд яаруу сандруу үзэх нөхцөлийг үүсгэдэг.

Хувийн эмнэлгүүдийн хувьд эмч нарынхаа хүчин чадлаасаа хамаараад стандартаа тогтоож байгаа учраас харьцангуй ачаалал багатай байх шиг. Дээрээс нь төлбөрөө авчихдаг учраас түүндээ тохирсон үзлэг, эмчилгээ хийж байна.

Харин улсын эмнэлэг тэс өөр. Ачаалалтай ажилласаар нэг өдрийг өнгөрүүлдэг. Товчхондоо бол хүртээмж гайгүй ч ачаалал маш их.

Ачааллаас болоод өвчтөнүүд олон сараар дугаарлах тохиолдол бий. Ялангуяа мэс засалд орох хүмүүс удаан хугацаагаар хүлээдэг.

-Тэгвэл эмч нарын чадвар, Монголд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж дээр саналаа хэлээч?

-Монгол эмч нарын чадвар дэлхийд өндрөөр үнэлэгддэг. Ер нь ур чадвараараа дутахааргүй түвшинд хүрсэн гэдэгт итгэж болно. Хангалттай хэмжээнд өөрсдийгөө хөгжүүлсэн, манай эмч нар. Үүнд эргэлзэх хэрэггүй.

Жишээ хэлэхэд, төрөлхийн сонсголгүй хүнийг сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг манай эмч нар олон давтамжтайгаар хэдэн жилийн турш хийгээд ирсэн.

5-6 жилийн өмнө ийм төрлийн мэс засал шинэ мэт санагдаж байсан бол одоо тийм биш. Улсаас ч дэмждэг болжээ. Мэс заслын үр дүн ч маш өндрөөр гарч байна.

Дэлхийн чих, хамар, хоолойн салбараас хоцрогдохгүй явж байгааг хэлье.

-Ер нь энэ төрлийн өвчлөл залуужаад байх шиг. Дундаж нас хэд байгаа бол?

-Настай нэг их холбоогүй л дээ. Тухайн өвчтөний өвчний илрэлээс хамааралтай. Жишээ нь бага насны хүүхэд ихэвчлэн өвөл, хаврын улиралд дархлаа суларснаас амьсгалын замын өвчлөлд их өртдөг. Үүнтэй холбоотойгоор чих, хамар, хоолойн өвчлөлд өртөх магадлалтай.

Насанд хүрсэн хүмүүсийн хувьд өмнөх өвчлөл, чих, хамрын гэмтэл нь хожим илүү хүндэрсэн байдлаар илэрч байна. Чихэн дээр жишээ авахад хүүхэд ахуйдаа хэнгэрэг цоорхой, булга гоождог байсныг бүрэн гүйцэт эмчлүүлээгүйгээс нөгөөх нь олон жилийн дараа хүндрэх тохиолдол олон гардаг.

-Монголчуудын хэнэггүй байдал бас нөлөөлж байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Манайхны эрүүл мэндийн мэдлэг, боловсрол тааруу байгаатай шууд холбоотой. Буруу зан үйлээс шалтгаалж өвчлөлийг сэдрээх, хүндрүүлэх нөхцөл байдал үүсэж байна.

Хоолой өвдөөд идээллээ гэхэд ардын ам дамжсан уламжлалт яриагаар дур мэдэн эмчилгээ хийдэг. Тухайлбал, спиртээр арчих, перецтэй архиар хоолойгоо зайлах, уух, шээсээр хоолой зайлах гэх мэт. Энэ нь өвчлөлийг илүү хүндрүүлж байна.

Цахим орчин хөгжсөн өнөө цагт хүмүүс интернетээр янз бүрийн мэдээлэл авч, түүнийхээ дагуу өөрийгөө эмчилж, өвчнөө улам хүндрүүлдэг.

Мэргэжлийн эмчид хандахгүйгээр асуудлыг амар хялбар аргаар шийдэх гэж тэр шүү дээ. Энэ нь цаашлаад амь насанд аюултай хэмжээнд хүрдэг.

Харшилтай хүмүүс хамар нь битүүрэхэд хамрын салстыг агшаах дусаалгуудыг олон cap, жилээр, хяналтгүйгээр хэрэглэдэг. Үүнээс улбаалан хамрын битүүрэлт эмдээ дасал болж, бүтцийн хувьд хатаж хуурайшин, хана нь зузаарч, өөрчлөлтөд ордог.

Улмаар мэс заслын аргаар эмчлэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Гэтэл хамрын цацлагыг 5-7 хоног л хэрэглэх заалттай байдаг юм. Харин хүмүүс цацлага цацаж байгаагаа эмчилгээ гэж үзээд удаан хугацааны турш хэрэглээд л байдаг.

Үүнээс болж хамар дахиж онгойхгүйгээр битүүрдэг. Өөрөөр хэлбэл, цацлагыг дахиж хэрэглээд ч нэмэргүй гэсэн үг. Чихэн дээр гэхэд чүдэнзний мод, түлхүүр, шүдний чигчлүүр зэргээр чихээ ухдаг. Үүнээс болж чихний сувгийн арьсыг гэмтээж байна.

Ийм шалтгаанаар чих рүү халдвар орох, хэнгэрэг цоорох гэх мэт аюул нүүрлэдэг. Энэ мэтчилэн буруу дадал зуршилтай холбоотойгоор чих, хамар, хоолойн өвчлөл нэмэгдэж байгаа юм. Мөн өмнөх өвчлөлөө ч сэдрээх тохиолдол гардаг.

-Та ардын эмчилгээний талаар цухас дурдлаа. Ер нь чих, хамар, хоолойг уламжлалт эмчилгээний аргаар эмчилж болох уу?

-Чих, хамар, хоолойн салбар нь Европын анагаах ухааных л даа. Гэтэл ардын эмчилгээ нь зөвхөн ам дамжсан л яриа, үүнийг шинжлэх ухаанаар хэн ч нотлоогүй. Монголын эрүүл мэндийн салбар шинжлэх ухааны түвшинд хөгжөөгүй тэр үед ам дамжин эмчилдэг байсан байж болох юм.

Харин өнөөдөр шинжлэх ухаанаар үүнийг нотлоогүй учраас сайн, муу гэж хэлэх хэцүү. Жишээ нь, хоолой өвдөж, идээлэхэд шээсээр зайл гэдэг.

Яг үнэндээ муухай зүйлийг муухай зүйлээр нь эдгээнэ гэдэг байж болохгүй. Харин ч нянгийн үржих орчныг улам таатай болгож, өвчлөлийг хүндрүүлэх талтай.

-Ер нь эмнэлгээр үйлчлүүлж байгаа өвчтөнүүдийн олонх нь ямар оноштой ирж байна вэ?

-Нарийн яривал, статистикийн тоо баримт харах шаардлагатай болно.

Практикийн түвшинд харахад тагнайн гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл буюу хоолойн мах, хамрын гэмтэл, мурийлт, архаг үрэвсэл, дайвар хөндийн архаг үрэвсэл, мөн дунд чихрийн архаг үрэвсэл нэлээд элбэгшсэн байна.

-Чих, хамар, хоолойн өвчлөл хүний амь насанд хүрэх хэмжээний аюултай өвчин мөн үү?

-Магадлал бий. Амьсгалын дээд замын өвчин төвөнхөөр дамжаад дууны хөвчийг хөөж хавагнуулснаас болоод ларингет өвчнийг үүсгэдэг.

Энэ төвөнхийн үрэвсэл нь хүнд шатандаа орохоор бага насны хүүхдийн амьсгал боогдож, богино хугацаанд хүчилтөрөгчийн дутагдалд орж амь насаа алдах тохиолдол байна. Идээт үрэвслүүд байдаг.

Тархи руу идээт үрэвслээр халдвар дамжсанаас болоод амь нас алдахад хүрч болзошгүй.

Товчхондоо бол дээрх гурван эртхэний хүндрэл нь амь насанд аюултай учраас цаг алдалгүй эмчлүүлэх хэрэгтэй. Ер нь тархи, цусны судастай ойрхон учраас халдвар дамжих магадлал өндөр.

-Чих, хамар, хоолойг эмчлүүлэхэд хэр хугацаанд бүрэн гүйцэт эдгэрэх боломжтой юм бол?

-Өвчнийхөө үе шатаас хамаарч эдгэрлийн хугацаа харилцан адилгүй. Мөн аль эрхтэн гэдгээс хамаарна.

Ер нь ямарваа өвчнийг цаг алдалгүй эмийн аргаар эмчилбэл үр дүнтэй.

-Улсын эмнэлгүүд хэрэглэж буй тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлаар дутмаг юм шиг санагддаг. Та мэргэжлийн хүний хувьд байр сууриа хуваалцаач?

-Чих, хамар, хоолойн салбарт техник, технологи харьцангуй гайгүй. Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасагт тоног төхөөрөмж хангалттай байдаг учраас орон нутаг, дүүрэг гэж гололгүй эмчлүүлээрэй, эмчдээ хандаарай.

Дээр дурдсанчлан, манай салбарын эмч нарын чадвар харьцангуй дээрдсэн. Дэлхийн түвшинд өрсөлдөхүйц хэмжээний чадвартай гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Чих, хамар, хоолойн чиглэлээр эмч бэлтгэж байгаа сургуулиуд чанартай боловсон хүчин “төрүүлж” чадаж байна уу?

-Боломжийн хэмжээнд эмч нарыг бэлтгэж байгаа. Жилд чих, хамар, хоолойн 20-25 эмч төгсөж байна. Гэвч ажлын байр, орон тоо цөөн.

Ялангуяа сүүлийн жилүүдэд төгсөж байгаа залуучуудад ажлын байр олдохгүй байна. Эмч нь байгаа ч эмнэлгийн тоо цөөхөн байгаа юм.

-Чих, хамар, хоолойн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах вэ, бид юу мэдэж байх ёстой вэ?

-Эрүүл мэндийн боловсролоо дээшлүүл. Өвдсөн тохиолдолд цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандаарай.

Жилд нэг удаа урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаж байвал сайн. Архи, тамхины хэрэглээгээ тохируулж, мэдлэгээ сайжруул.Ер нь чих, хамар, хоолой нь өөрөө маш том салбар учраас тус бүрд нь тайлбарлахад хугацаа их орно.

Тиймээс ерөнхий мэдлэгтэй байх нь чухал юм. Тэгээд ам дамжсан яриа, уламжлалт эмчилгээний аргыг хэрэглэхээс татгалзаарай.

Ардын эмчилгээнээс болоод өвчлөл хүндрэх, архагших тохиолдол олон. Өвчлөл нэмэгдэхээрээ амь насанд аюултайг мэддэггүйн улмаас хүмүүс тоодоггүй.

Өвчин намдаах эм, ардын аргуудыг хэрэглэх төдийхнөөр анхаарал битгий тавиасай. Аливаад шинжлэх ухаанч байдлаар хандаж, бодитоор харж сураарай.

Европын анагаах ухааныг шашны зан үйлтэй холбож, авах ёстой арга хэмжээг хойшлуулснаас болж өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг. Тиймээс шинжлэх ухааныг тоож эмчилгээ хийлгээрэй гэж хэлье дээ.

Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн олонх нь өвчнөө хүндэрсэн хойно нь ирдэг. Наана нь өвчин намдаах төдийхнөөр аргацааж гүрийгээд л явдаг. Улмаар өвчин нь хүндрээд, арга нь барагдахаараа эмнэлэгт ирж байгаа юм.

Шинж тэмдэг илэрсэн бол цаг битгий алдаарай. Энэ бол хамгийн үр дүнтэй алхам шүү. Тэгвэл урьдчилан сэргийлнэ, өөрийгөө хамгаална. Мөн шинж тэмдгийн эмчилгээ, шалтгааны эсрэг эмчилгээ гэдэг хоёр ялгааг ойлгох хэрэгтэй.

Хүн халуурлаа гэхэд халуун бууруулах эм уух нь шинж тэмдгийн эмчилгээ юм. Юунаас болж халуураад байна вэ гээд эмчилгээ хийвэл энэ нь шалтгааных. Жишээ нь, хоолой идээлээд өвдвөл халуурна.

Ингээд зөвхөн халуун буулгах эм л уугаад байвал халуун буурна уу гэхээс биш хоолойн өвчлөл эдгэрэхгүй. Харин хоолой өвдөж байгаа шалтгааныг зөв олох юм бол халуун ч буурна, өвдөлт ч эдгэрнэ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608307
0 эможи

Зочин
2019-09-20 11:45
мэдээлэл өгсөнд баярлалаа.
Зочин
2019-09-20 10:31
keyboard_arrow_up