Мэдрэлийн мэс заслын тасгийнханд ХӨНГӨН ХАГАЛГАА гэж байдаггүй

2019 оны 9 сарын 02

Arslan.mn

Тархины мэс засал, цус харвалт болон зүрхний шигдээсийн тусламж үйлчилгээ, эрчимт эмчилгээний чиглэлээр улсдаа хамгийн өндөр ачаалал хүлээн ажиллаж буй П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт өнжлөө.

Манай улсад сүүлийн жилүүдэд зүрхний шигдээс, тархинд цус харвах үзэгдэл нэмэгдэх болсон. Мөн янз бүрийн осол гэмтлээс шалтгаалж нуруу нугас, тархины хагалгааг цаг алдалгүй хийх өндөр ачааллыг Мэдрэлийн мэс заслын тасгийн 11 их эмч, 30 гаруй сувилагч нуруундаа үүрч байна. Бид эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очиртой уулзсаны дараа Мэдрэлийн мэс заслын тасгийн ахлах сувилагч Б.Болортуулаар “замчлуулж” тус тасгийг зорьсон юм. Эмнэлгийн урд жигүүрт, дөрвөн давхарт гарахад хүлээлгийн хэсэгт хүмүүс уван цуван суужээ. Зарим нь шалан дээр хөлөө жийн “тухалсан” бол нөгөө хэсэг нь ганц сандал дээр хоёр талаасаа чихцэлдэн хөлөө амрааж байв. Хүн бүрийн царайнаас зовиуртай, шаналсан, ядарсан, мөн тайвширч, санаа амарсан дүр төрхүүд илэрнэ. Тэд эмч нараас ямар мэдээ хүлээж авахаас шалтгаалж ийн дэнсэлж байгаа нь ойлгомжтой.

Б.Болортуул сувилагч тасгийнхаа үүдэнд зогсоод хаягаа хүндэтгэлтэй зааж “Ж.Хайруллагийн нэрэмжит Мэдрэлийн мэс заслын тасаг” хэмээн танилцуулав. Хөдөлмөрийн баатар энэ эрхэм манай улсад мэдрэлийн мэс заслыг үндэслэгч, анхны хагалгааг хийж байсан гавьяатай болохыг тодотгосон. Биднийг эмч нарын өрөөнд түр хүлээхийг хүсэв. Тус тасаг нь мэс заслын өрөө, мэс заслын дараахь сэхээний өрөө, хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Б.Болортуул биднийг мэс заслын хэсгээс эхэлж танилцуулахаар боллоо. Үүний тулд зориулалтын хувцас, малгай өмсөх шаардлагатай аж. Биднийг хувцасласны дараа тус давхрын хойд жигүүрт байрлах хагалгааны хэсэг рүү явав. Үүдэнд нь гадны хүн орж болохгүй хэмээн анхааруулжээ. Хагалгааны өрөөнүүд байрлах коридор руу ороход үүд хэсэгт биднийг нэмж амны хаалт, улавч, малгайгаар “дарав”. Онцгой бүс тул ийн иж бүрэн бөөцийлөх нь аргагүй аж. Энэ хэсэгт хагалгааны гурван өрөөтэй. Өрөө тус бүрийн үүдэнд гар угаах том угаалтуур байрлуулжээ. Энд ариутгал халдваргүйжүүлэлтийг бүрэн хийсний дараа цааш хагалгааны өрөө рүү ордог байна. Цонхыг нь сольж, вакум болгожээ. Бусдаар хана туурга, шал гээд бүгд л хуучны хэв маягаа хадгалан үлдэж. Социализмын үеийн түүхэн барилга мэт санагдсаныг нуух юун.

Өдөр 11:00 цагийн үед хоёр хагалгаа хийгдэж байв. Шалыг нь ариутган угааж, агаарын халдваргүйжүүлэлт хийж байлаа. Мэс заслын ширээн дээр хоёр хүн хямсаа, бусад багажаа барин хагалгаа хийж, тойроод 3-4 хүн хэлсэн зааварчилгааг дагах аж. Хэрэгт дурлаж, өлмийгөө өргөн өнгийн харвал тархины хэсэг үзэгдэв. Хажууд нь цус болсон ороох материалууд харагдана. Анх удаа тархины хагалгаа ойроос харж байгаа хүнд тун эвгүй юм. Удаан харж тэвчсэнгүй.

Их эмч Л.Аваажигмэд

Хагалгааны дараа эмч нар 10 гаруй минут амарна. Амралтын бяцхан өрөөтэй юм. Түүндээ буйдан тавьж, цай, кофе уухад зориулж шүүгээ, жижиг ширээ байрлуулжээ. Л.Аваажигмэд эмч хагалгаагаа дуусгаж гарч ирээд амралтын өрөөнд түр амсхийх 10 гаруйхан минутаа бидэнд зориулсан юм. Тэрбээр 26 жил уг тасагтаа ажиллаж байгаа, ажил мэргэжил болон хамт олныхоо зовлон жаргалыг сайн мэдэх, ахмад, туршлагатай зөвлөх зэргийн их эмч аж. Амар мэнд мэдэж, “Ачаалал их байна уу” хэмээн асуухад “Их шүү дээ” хэмээн яриагаа эхлэв. Тэрбээр “Манай мэдрэлийн мэс заслын тасаг 40 ортой. Хагалгааны дараах өрөөнд найман ортой. Зөвлөх эмч, тасгийн эмч бүгд нийлээд 10 эмчтэй. Ачааллын хувьд асар өндөр байдаг. Ер нь мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг тасаг шүү дээ. Жилдээ 1400-1500 хагалгаа орж байна. Анх эмч болоход 20-иод жилийн өмнө 300 орчим хагалгаа ордог байлаа шүү дээ. Сүүлд 800, 1000 гэх зэргээр нэмэгдсэн. Сүүлийн үед өдөр бүр өндөр ачаалалтай ажиллаж, хагалгааны тоо өссөөр байна. Хагалгааны дийлэнх нь тархи, нуруу нугасных байна. Тархины цус харвалтууд, судасны цүлхэн, эдийн цусан хураа, тархины хатуу хальс, зөөлөн бүрхэвчийн доорх цусан хураа, тархины хавдарууд байна. Мөн хүүхдийн төрөлхийн эмгэгүүд бий. Тархины усжилт, тархи, нуруу нугасны эвэрхий зэргээр тоочиж болно. Түүнчлэн, насанд хүрсэн хүний нуруу нугасны бүх хагалгаанууд, тэр дунд нугасны хавдарууд, нуруу нугасны бяцрал гэмтлүүд, нугалмын бяцралууд, жийргэвч мөгөөрсний эвэрхийнүүд гэх зэргээр мэдрэлийн мэс заслын бүх хагалгаа хийгдэж байна” гэсэн юм.

Өдөрт төлөвлөгөөт зургаан хагалгаа ордог. Үүн дээр яаралтай хагалгаанууд нэмэгддэг байна. Ингэснээр өдөрт дунджаар 8-9 хагалгааны ард гардаг аж. Томоохон хагалгаануудад бүрэн бүрэлдэхүүнээрээ найман эмч, сувилагч ордог. Иймээс хагалгаанд орох эмч нарын тоо хүрэлцдэггүй. Нэг эмчид оногдох хагалгааны ачаалал асар их аж. Ихэнхдээ 22:00-23:00 цаг, зарим үед 00:00 цаг хүрч ажиллаад шөнө дөлөөр гэртээ ордог тухай ярьж байв. Биднийг давчуухан өрөөнд ярилцаж сууж байхад хагалгаанаас гарч ирсэн эмч, сувилагч нар цай ууж, түр амсхийхээр амралтын өрөөний үүдний өмнө ирсэн ч ахмад эмчийн ярианд саад болж, өмнүүр нь гарахаас эмээн буцаж байв. Ахмадаа хүндэтгэх ухаан ийм байдаг аж.

Л.Аваажигмэд эмч олон шалтгаанаас болж мэдрэлийн өвчин нэмэгдэж байгааг хэлсэн. Юуны өмнө хүн амын нягтаршил, суурьшилтай холбоотой болохыг хэлсэн. Мөн оношлогоо сайжирснаар өвчнийг илрүүлж, эмчлэх явдал өссөн байна. Гуравдугаарт судасны цүлхэн буюу цус харвалт ихэссэнийг тодотгов. Энэ нь хоол унднаас эхлээд, уур бухимдал, стресс зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй аж. Тухайлбал, 1990-ээд оны шилжилтийн үед олон нийт асар их стресстэй байсныг ярьсан. Одоо ч гэсэн гараад автомашинд суугаад түгжирэхэд бухимдаж байна. Цаашлаад бусадтай үл ойлголцож хэрүүл маргаан хийх зэрэгт даралт ихсэх зэргээр стрессийн олон хүчин зүйл байгааг хэлсэн. Үүнээс гадна гэмтэл бэртэл их байна. Автомашин, үйлдвэрийн осол гэх зэргээр олон тохиолдлыг энд дурдаж болно. Энэ бүхнээс илүүтэй хувь хүн өөртөө тавих анхаарал муу байгааг ахмад эмч шүүмжилж байна.

Эмч биднийг дагуулан явж хагалгааны өрөөтэй танилцуулав. Социализмын үеийн хэв загвараа хадгалж үлдсэн уг өрөө түүхийн дурсгалын хувьд үнэ цэнэтэйд тооцогдож болох юм. Харин орчин үеийн анагаах ухааны шаардлагын үүднээс авч үзвэл тун хоцрогдсон гэсэн дүнг тавих ёстой аж. Энэ талаар Л.Аваажигмэд “Хагалгааны тоо жил бүр өсч байна. Дэлхийн анагаах ухааны хөгжилтэй холбоотойгоор тоног төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй, тасралтгүй явагдаж байх ёстой. Жишээ нь, орчин үеийн мэдрэлийн мэс заслын бүх хагалгаа бичил дурангийн дор явагдах учиртай. Гэтэл манайх ганц микроскоптой. Тэрийгээ хагалгааны хэдэн өрөөнийхөө хооронд зөөнө. Уг нь өрөө бүрт нэг байж байвал тун сайн. Хоёрдугаарт, хагалгааны өрөөг бүрэн вакумжуулсан байдалд шилжүүлэх ёстой. Зуны халуун, өвлийн хүйтэнд дээр үеийнхээ байдлаар ажиллахад их төвөгтэй” хэмээсэн юм.

Л.Аваажигмэд эмчээс хоёр зүйлийг онцгойлон тодруулсан. Иргэд автомашин болон бусад ослын дараа тархи, нуруу нугасандаа гэмтэл авч, улмаар хэсэг эмчлүүлсэн болоод хаях тохиолдол элбэг байдаг. Нөгөөтэйгүүр, ослоос үүдэлтэй тархины гэмтэл хожуу илэрдэг хэмээн ярьдаг. Энэ тухай тодруулахад тэрбээр “Ер нь тархины гэмтэл архаг. Хожуу илэрдэг. Жишээ нь, гэмтэл авчихаад тухайн үед нь эмчлүүлээд хаячихдаг. Гэтэл архаг толгой өвдөлттэй, унаж татдаг болох эрсдэлтэй. Тэр бүү хэл, тархины хавдар хүртэл гэмтэлтэй холбоотой байна. Тэгэхээр хувь хүн гэмтэл авлаа гэхэд нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Адгийн наад зах нь компьютерт харуулах шаардлагатай. Тархиа судастай нь MRI-д харуулж байх хэрэгтэй. Улмаар системтэйгээр эмчийн хяналтад байж, зөвлөгөө аваад тууштай эмчлүүлэх шаардлагатай. Ингэж эрт үед нь сайн эмчилсэн байхад дараа нь гарах үр дагавар бага шүү дээ. Манайхан хайхрамжгүй. Гэмтэл авсан ч гайгүй, толгойн өвдөлт зүгээр болчихлоо гээд хаячихдаг. Болсон болоогүй ганц хоёр эм ууна. Гэтэл гэмтэл даамжирсаар 5-10, түүнээс олон жилийн дараа хүнд байдалд хүргэдэг” хэмээн анхааруулсан юм.

Ахлах сувилагч Б.Болортуул

Үүнээс гадна тархинд цус харвах тохиолдол нэмэгдэж байна. Улмаар залуужих хандлагатай байгаа аж. Мэдээж уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө мэдээллийг эрүүл мэндийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд эрвийх дэрвийхээрээ өгч буй. Харин цус харвасны дараа цаг алдалгүй, системтэй цогц эмчилгээ хийлгэх асуудал тун чухал байгаа юм. Учир нь зарим иргэн мэдээлэл муутай, мөн боломжгүй байдлаас хамаарч эмчилгээг урт хугацаанд бүрэн дүүрэн хийлгэж чаддаггүй. Үүнээс хамаарч харвалтаас үүдэлтэй саажилтаа улам сайн эмчлүүлэх байсан боломжоо алдах үзэгдэл байдаг. Энэ тухайд Л.Аваажигмэд эмчийн байр суурийг сонирхоход “Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв тусдаа бие даасан, томруулж харах юм бол нөхөн сэргээлт, хагалгааны дараах эмийн эмчилгээний тасгууд нь цуг байх ёстой. Цогцоороо явагдаж байж эмчилгээний үр дүн бүрэн дүүрэн болно. Бид харвасан цусыг нь аваад амийг нь аварчихдаг. Дараа нь эмийн эмчилгээ зайлшгүй хэрэгтэй болчихож байгаа юм. Мөн нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй шаардлагатай. Бид хагалгаа хийсний дараа дунджаар долоо хонуулаад оёдлыг нь аваад харьяа дүүргийн эмнэлэг рүү нь явуулдаг. Хөдөөний хүмүүс хэцүү. Манайх улсын хэмжээний эмнэлэг тул хөдөөнөөс их ирнэ. Тэр хүмүүсийг ихэвчлэн хувийн эмнэлгүүд рүү явуулна. Судалж байгаад хэвтээрэй гээд явуулдаг. Уг нь төв байгаагийн учир нь манайд хагалгаа хийлгэсэн хүмүүс мэдрэлийнхээ тасагт хэвтэх ёстой. Эмэн эмчилгээгээ энд хийлгэх учиртай. Үр дүнгээ бид тэгж харах ёстой. Залгуулаад бид нөхөн сэргээх тасагт нь заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай. Тэгэхээр цогц бодлого бол зайлшгүй хэрэгжих ёстой. Жишээ нь, ОХУ-д дээрх төрлийн төв бий болсон. Энэ бол 5-6 давхар барилга. Дотроо бүх тасгуудтай. Тэнд таван жилийн хугацаанд бүх асуудлаа шийдсэн. Нэгдүгээрт, улсаас тусламж өгөөд газар аваад байшин саваа барьсан. Барьж байх хугацаанд мэргэжилтнүүдээ сургасан. Тэгээд Германаас тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Ингээд таван жилийн хугацаанд төвөө бий болгосон. Одоо тэнд дэлхийн хэмжээний хагалгаа хийгдэж байна. Цогц эмчилгээ явагдаж байна. Манайх яагаад ийм байж болдоггүй юм. Улс үүн дээр анхаарч, томоор харах ёстой. Манайх улсын хэмжээнд нуруу нугасны хагалгаа, тэр тусмаа тархины хагалгаа хийж байгаа ганц тасаг нь шүү дээ” гэсэн.

Үнэхээр ч цогц төвтэй болчихвол цус харвалтын дараах эмчилгээ үйлчилгээ тасралтгүй явагдаж, хүн бүрэн эрүүл саруул болдоггүй юм гэхэд саажилт нь арилж, бие даагаад чөлөөтэй зорчдог болчихвол сайнсан. Тус тасгийн хувьд асар өндөр ачаалалтай. Амбулаторийн хүлээгдэлд 150-200 хүн байх жишээтэй. Хоёр сарын хүлээгдэлтэй гэсэн үг аж. Тиймээс өвчтөнүүдийг хагалгаанд оруулж, харьяа дүүрэг, орон нутаг руу нь шижлүүлж, дараагийн хүнээ хүлээн авч үйлчилгээ үзүүлэх байдлаар цаг хугацаатай уралдан ажиллахаас өөр сонголтгүй.

Хагалгааны үр дүн тун сайжирсан гэдгийг энд онцлох нь зүйтэй биз ээ. Хагалгааны үед, дараа нас барах тохиолдол бага болсон, нөхөн сэргэлт нь илт сайжирсан зэргээр эмнэлгийн нэр томьёогоор яривал асар эерэг өөрчлөлтүүд гарчээ. 10-15 жилийн өмнөхөөс харьцуулалтгүй сайн болсон гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байв. Эмч мэргэжилтнүүд хэчнээн чадавхтай байгаад багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж нь дэлхийн өндөр хөгжилтэй орны зиндаанд хүрэхгүй бол хэцүү юм гэсэн бодол төрсөн. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдлыг зэвсэггүй эх оронч баатартай зүйрлэж болох юм. Ганц жишээ дурдахад, тархины хортой хавдрын хагалгаануудыг тус тасагт хийж байна. Гэтэл хагалгааны дараа хавдар дахих магадлал асар өндөр байдаг аж. Тиймээс үүнийг зогсоох, ядаж амьдралыг нь уртасгахын тулд төрөл бүрийн туяа эмчилгээнүүд хийх шаардлагатай байдаг аж. Гэтэл энэ аппарат нь байдаггүй. Хавдар судлалын үндэсний төв дээр сүүлд нэг туяаны аппараттай болсон. Гэвч ачааллаа дийлдэггүй байна. Ингээд нөгөө хүн маань сар гаруй хүлээнэ. Энэ хооронд дахиад хавдар нь ургачихдаг. Эсвэл гадагшаа явна. Энэ хооронд мөн л хавдар нь ургачих эрсдэлтэй. Тиймээс туяаны аппаратаа цогцоор нь шийдээд өгчихвөл тун хэрэгтэй байна гэсэн үгийг эмч мэргэжилтнүүд дайж байв. Дээр өгүүлсэнчлэн, эмчилгээний цогц төвд уг ойлголтууд ч хамаарна. Өөрөөр хэлбэл, тус төвд нь хавдар хавдартаа тохирсон химийн эмчилгээнүүд, туршилтын лаборатори нь хүртэл байж байх ёстой аж. Нэг үгээр хэлбэл, цогцоор нь шийдэх асуудал маш чухал болчихоод байна.

Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир

Хагалгааны хэсэгт багагүй саатсаны дараа мэс заслын дараахь сэхээний тасгаар орсон юм. Хагалгаанаас гарч ирсэн хүмүүсийн биеийн байдал бүрэн тогтворжих хүртэл энд хоёр сувилагч бүрэн хянаж ажилладаг аж. Том зааланд найман ор эгнүүлж, ор бүрийн ард биеийн байдлыг хянах төрөл бүрийн төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Хамгийн ахмад буюу 84 настай хөгшин хагалгаанаас гарч ирсэн байв. Энэ хэсэгт ажиллаж байгаа сувилагч нар тун хариуцлагатай, хүнд алба хүлээдэг нь илт аж. Сэхээний сувилагч С.Оролмаа хариуцлагатай ажлынхаа хажуугаар цөөхөн хором ярилцахыг зөвшөөрсөн юм.

-Хагалгаанаас гарч ирсэн хүмүүсийг харахад өөрийн ухаангүй, хүний асаргаанд бүрэн орсон, биеийн байдал нь тогтворгүй болох эрсдэлтэй зэрэг олон хүндрэлүүд байдаг бололтой. Энэ бүхэнтэй өдөр бүр нүүр тулж ажиллахад хэр хүнд байдаг вэ?

-Өөртөө үйлчлэх ямар ч чадваргүй. Зарим тохиолдолд ухамсарт ухаан байхгүй, ерөөсөө л нялх хүүхэд шиг хүний бүрэн асаргаанд орсон хүнд үйлчилж ажиллана. Өвдөж байгаа ч хэлж чадахгүй, ямар орчинд байгаагаа ч мэдэхгүй хүмүүс хагалгаанаас гарч ирдэг. Тийм хүмүүстэй харьцдаг тул сэхээний сувилагч хариуцлага өндөртэй. Анхаарал халамж, сонор сэрэмжтэй байж, хурдтай ажиллахыг шаарддаг. Мөн харьцаа хандлагын хувьд эелдэг зөөлөн байх ёстой. Тархины бүх хагалгаа хүнд. Тиймээс хагалгаанд орсон хүн маш хүнд сэтгэлзүйтэй гарч ирдэг. Гарч ирээд биднийг л харж байгаа шүү дээ. Тэдэнд сайхан болоод гараад ирлээ, ийм эмчилгээ хийж байгаа учир та өөртөө итгэлтэй байх хэрэгтэй гэх зэргээр сэтгэлзүйн хувьд дэмжинэ.

-Хэдийгээр хүнд хэцүү ч мэргэжлээрээ бахархдаг нь та бүхний хичээл зүтгэлээс харагдаж байна?

-Өвчтэй хүмүүс маань эдгэрч гараад хаа нэгтээ таарахад “Манай сэхээний сувилагч байна” гэж уулзах үед хамгийн их баярладаг. Хэдийгээр хүнд хэцүү, цаг наргүй ч гэсэн энэ мэргэжлийг сонгосондоо харамсдаггүй.

-Зарим үед яаж ч хичээгээд эмчилгээ авалгүй нас барах тохиолдол гардаг байх. Энэ хэцүү үед ар гэрийнхэнтэй нь адил шаналдаг байх даа?

-Хэцүү шүү дээ. Өвчтөнийхөө ар гэрийг нь дагаад уйлна. Яг ямар араншин үзүүлнэ, тэр болгоныг нь дагана. Мэдээж хайртай хүнээ алдана гэдэг хэцүү. Ар гэрийнхнийх нь шаналал зовлон бидэнд бас мэдрэгдэнэ. Хань ижил, ээж, аав үр хүүхдийг нь харахад хэцүү байдаг” гэв. Ингэж хүнд ажлын ард гарсан сувилагч нар сардаа 400-500 мянган төгрөгийн цалин авдаг аж.

Бид ийн ярилцсаны дараа хэвтэн эмчлүүлэх тасаг руу явав. Нийт 12 өрөөнд 40 ортой. Дандаа хүнд өвчтэй хүмүүс хэвтэн эмчлүүлдэг тул сахиур олон байсан. Толгойг нь цагаан даавуугаар ороосон хоёр, гурван настай болов уу гэмээр хүү уйлагнахад ээж нь энгэртээ тэврэн өрөөн дотор “шогших” аж. Хүнд хагалгаанд ордог тул босоод яваад байх боломжгүй. Тиймээс бүх ор нь дугуйтай аж. Энд өвчтнийг 5-7 хонуулаад харьяа дүүрэг, орон нутгийн эмнэлэг рүү нь шилжүүлдэг байна. Тэд эмч мэргэжилтнүүдэд баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Хүн амьдрал, аз жаргалын үнэ цэнийг энд хамгийн их мэдэрдэг юм болов уу гэсэн бодол төрсөн билээ. Учир нь энэ тасагт хэвтэн эмчлүүлж буй, мөн сахиж байгаа хүн бүр эрүүл байх ямар чухал болохыг ойлгож байгаагаа хэлсэн юм.

Сэхээний сувилагч С.Оролмаа

Сурвалжлагын эхэнд эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир биднийг угтан авсан тухай дурдсан билээ. Тэрбээр бидэнд эмнэлгийнхээ тухай товч мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд тархи, мэдрэлийн нарийн төвөгтэй хагалгаануудыг гардан гүйцэтгэж, ачааллыг нь авч ажилладаг тус эмнэлгийн 65 жилийн ой тохиож буй аж. Аливаа эмнэлгийн хүчин чадал, ачааллыг эрчимт эмчилгээний ор, хагалгааны тоо зэрэг үзүүлэлтээр хэмждэг байна. Тэгвэл Гуравдугаар эмнэлгийн хувьд эрчимт эмчилгээний 70 ортой. Энэ нь бусад улсын том эмнэлгүүдтэй харьцуулахад өндөр дүн аж. Цаашид эмчилгээ үйлчилгээгээ улам чанаржуулж, орчин үеийн эмчилгээний арга, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулахад онцгой анхаарал хандуулж буйг Ц.Төмөр-Очир дарга тайлбарласан юм. Тэрбээр “Гадаадад эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай эмчилгээний жагсаалтаас зүрхний мэс заслын чиглэлээр нэг, тархины мэс заслын чиглэлээр хоёр өвчинг хасуулсан. Мөн улсын хөрөнгө оруулалтаар 2016 онд манай эмнэлэг дээр Зүрхний хэм алдалтын төв байгуулагдаж, лаборатори ажиллаж байна. Энэ чиглэлээр эмч мэргэжилтнүүдийг багаар нь сургаж байгаа. Энэ бүхний үр дүнд зүрхний хэм алдалтын өвчлөлийн чиглэлээр гадагшаа явах урсгал зогссон. Гадаадад дунджаар 60-70 сая төгрөгийн өртөгтэй хийдэг хагалгааг эх орондоо хийж байна” гэсэн юм.

Мөн жил бүр өндөр хөгжилтэй 10 гаруй оронд 100 гаруй эмч, мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж чадавхыг нь нэмэгдүүлж байгаа аж. 2017 онд 17 улсад 120 гаруй эмч мэргэжилтнээ сургалтад хамруулсан нь хамгийн өндөр дүн байжээ. Үүнээс гадна ОХУ, Люксембург, Франц, Тайвань, Япон зэрэг олон орны эмч мэргэжилтнүүд, их сургуулийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж байна. Тэдгээр улсаас зочин профессорууд ирж, хамтран ажилладаг аж. Тухайлбал, зүрхний мэс заслын чиглэлээр Люксембург, Францын хамтарсан баг жилдээ хоёр удаа ирдэг байна. Тэд бага насны хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, мөн насанд хүрэгчдийн зүрхний мэс засал хийж манай эмч мэргэжилтнүүдийн чадавхижуулах сургалтыг давхар зохион байгуулдаг аж. Нэг удаагийн ирэлтээр 10 хүнд мэс засал хийж, манай улсад эмчлэхэд төвөгтэй байгаа тохиолдлууд дээр хамтран ажилладаг аж. Түүнчлэн, мэдрэлийн мэс заслын чиглэлээр АНУ-тай хамтарч жил бүр тархи, нуруу нугасны чиглэлээр өндөр түвшний профессорууд ирж сургалт явуулах, мэс засал хийдэг байна. Үүнээс гадна судсан дотуур хийдэг тархины мэс заслын чиглэлээр БНАСАУ, ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа аж. Саяхан ОХУ, Германы өндөр түвшний профессоруудтай хамтарч Монголд эмчлэгдэх боломжгүй 12 тохиолдол дээр эх орондоо хагалгаа хийсэн байна. Энэ мэтээр манай эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар улам бүр өсөн дэвшиж, дэлхийн түвшний тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийн төвөгтэй мэс ажилбар хийх бүрэн чадвартай болжээ. Өндөр өртөгтэй тархи, зүрх, нүдний чиглэл болон бусад эрхтний мэс заслын чиглэлээр 2015 оноос хойш эрүүн мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх болсон байна. Тодруулбал, тухайн өндөр өртөгтэй мэс засалд хэрэглэгдэж байгаа хэрэгсэлийн 75 хувийг хөнгөлдөг болжээ. Тухайлбал, 10 сая төгрөгийн зүрхний хавхлага байхад 75 хувийг даатгалын сан, 25 хувийг иргэн даана гэсэн үг.

Ц.Төмөр-Очир даргаас тоног төхөөрөмжийн шинэчлэл, төсвийн талаар тодруулахад “Улсын томоохон хэмжээний үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн төсвийг боломжит байдлаар нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр хэрээр техник технологийг нь шинэчлэх, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлыг зайлшгүй дэмжиж ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, мэдрэлийн мэс засал дээр тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн иж бүрэн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Люксембургийн 18 жилийн буцалтгүй тусламжаар зүрхний мэс заслын төв төсөл хэрэгжиж байгаа. Манай эмнэлэг зүрх судасны тусламж үйлчилгээ, зайн оношлогооны чиглэлээр 21 аймаг, есөн дүүрэгтэй шууд холбоотой. Онлайнаар шууд зөвлөгөө авдаг юм. Техник технологийн хувьд ч гэсэн тухайн төслийн хүрээнд нэлээн дэмжлэг авч ажиллаж байна. Нөгөө талаас Засгийн газраас жил бүр төсвийн хүрээнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, дэмжлэг үзүүлэх ажлууд хэрэгжиж байгаа ч улсын хэмжээнд харвалт, зүрхний шигдээсийн маш өндөр ачааллыг хүлээн ажиллаж байгаа тул тоног төхөөрөмжийн шинэчлэлийг тасралтгүй бодлогоор хийж байх хэрэгтэй байна. Жил бүр ойр ойрхон хийж байх шаардлагатай. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар MRI оношлогооны аппарат суурилагдсан. Мөн судсанд дотуур хийдэг зүрхний оношлогоо эмчилгээ, тархины оношлогооны аппарат шинээр суурилагдсан. Нийт 4.2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “ гэв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт, эрүүл энхийн манаанд Ардын эмч Б.Батчулуун, гавьяат эмч, АУ-ын профессор Х.Хусаян, зөвлөх зэргийн эмч, анагаах ухааны профессор Л.Аваажигмэд, АУ-ны доктор Д.Энхболд, доктор Б.Оюун, клиникийн профссор Ц.Тугбаяр, АУ-ны магистр С.Алтан-Очир, С.Абай, Х.Жан, Э.Дулам, Б.Тулга, Д.Бямбацэнд зэрэг эмч, Б.Болортуул, Ч.Цэцэгмаа, Л.Анхмаа, Ж.Отгончимэг, Б.Баянжаргал, Ш.Амардэлгэр, Б.Чулуунцэцэг, Б.Оюун-Эрдэнэ, Ц.Саранцэцэг, Б.Нарантуяа, Д.Өлзий, Ч.Гэрэлжаргал, Д.Шинэбаяр, Л.Алтанзул, Э.Урантогос, Х.Туул, А.Сайнзаяа, С.Оролмаа, Я.Буянзаяа, Н.Мандах, Н.Лхамсүрэн, Б.Амарсанаа, С.Наранцацрал, Б.Ариунзаяа, Г.Уранчимэг, С.Ганчимэг, П.Нандинцэцэг, М.Нямбаяр, Ц.Алтанцэцэг, Б.Гэрэлцэцэг, Ш.Майлинков, Э.Нямсүрэн, Б.Энхзул нар зогсож байна.

Г.БАТЗОРИГ

Гэрэл зургуудыг Б.НАМСРАЙ

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
607521
29 эможи

Самбуудорж
2023-10-21 00:32
Л.Аваажигмэд эмч ажил мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон чадвартай их сайн эмч баярлаж явдаг даа
Зочин
2020-11-23 22:28
Мэргэжилдээ эзэн болсон мундаг сайн эмч нартай шүү. Амьдрал хайрласан Батболд эмчдээ мөргөж залбиръя
Нараа
2020-10-24 14:27
Мундаг хамт олон шүү
Зочин
2020-10-12 22:12
Үнэхээр мундаг хамт олон шүү. Алтан гарт Энхболд эмчдээ баярлалаа. Аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .
ганцэцэг
2020-10-08 22:21
би 2 жилийн өмнө С.Алтаночир Б.Тулга алтан гарт эмч нараар эмчлүүлж эрүүл сайхан болсон үнэхээр бурханы элч гэмээр нэр шигээ мундаг залууст БАЯРЛАЛАА
С.Баярхүү
2020-10-08 17:36
Маш мундаг хамт олон. Би 2019 оны 8 сарын 7-нд нурууны хагалгаанд орсон одоо биеийн бадал маш сайн бгаа.Эмч Л.Аваажигмэд, Б.Тулга болон бусад эмч, сувилагч, асрагч нартаа маш и баярлаж талархаж явдаг шүү. Та бүхний минь ажил үйлс өөдрөг байх болтугай.
Ч.Бат-Очир /Булган аймгийн Гурванбулаг сумын соёлын төвийн эрхлэгч/
2020-01-23 18:06
Миний бие 2019-5.30-нд тархины цус харвалт болж 2019 оны 6-р сар, 8-р саруудад 3-р эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлэн судасны цүлхэний хагалгаанд орсон юм... Их эмч Аваажигмэд, Д.Бямбацэнд, Энхтөр, хагалгааны сувилагч Б.Чулуунцэцэг, эмчилгээний тасгийн сувилагч Д.Шинэбаяр нар болон нийт сувилагч нартаа маш их баярлалаа... Та нартаа ажлын өндөр амжилт хүсье
Ч.Бат-Очир /Булган аймгийн Гурванбулаг сумын Соёлын төвийн эрхлэгч/
2020-01-23 12:57
Миний бие 2019 онд тархины цус харвалт болж 3-р эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлэн судасны цүлхэний хагалгаанд 3 удаа орсон юм... Их эмч Аваажигмэд, Д.Бямбацэнд, Энхтөр, хагалгааны сувилагч .... /хэн билээ уучлаарай нэрийг нь санадаггүй/ мэс заслын дараах болон эмчилгээний тасгийн нийт сувилагч нартаа маш их баярлалаа... Та нартаа ажлын өндөр амжилт хүсье
Зочин
2019-12-19 16:57
3 эмнэлгийн сэхээний үйлчилгээ ариутгал цэвэрлэгээ ёс зүй их тааруухан санагдсан. Чанга чанга хашгиралдан ярьдаг өвчтөнөө сонсож хайхардаггүй хөнжил гудас нь өмхий бохир үнэртэй
Zochin
2019-11-29 01:18
Bid ene hvmvvseer baharhah heregtei
Amjilt
2019-09-02 21:30
Amjilt husiee Medreliin mes zasliinhand
Зочин
2019-09-02 11:33
сайн байна.
keyboard_arrow_up