Еcдүгээр сараас ДААТГАЛААРАА фитнест явж эхэлнэ

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Иргэд даатгалаар спорт клубүүдэд үйлчлүүлэх эрх нээгдээд гурван жил болж байгаа.

Хуульд заасан хугацаагаар бол энэ оны эхнээс фитнес клубүүдэд иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх ёстой байв. Гэтэл хууль үйлчилж эхлээд найман сарын нүүр үзэж байхад иргэд ЭМД-ын дэвтрээр фитнест явж чадахгүй байна.

2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан байдаг. Тиймээс бид иргэд хэзээнээс даатгалаараа спорт клубт хичээллэж эхлэх талаар сурвалжиллаа.

Монголд 360 гаруй спорт клуб үйл ажиллагаа явуулдаг.

Тэгвэл эдгээрээс эрүүл мэндийн даатгалаар үйлчлэх клубийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байгаа аж. Хараат бус шинжээч сонгон шалгаруулах журамд өмчийн бүх хэлбэрийн байгууллагын шинжээч, иргэд нэрээ нээлттэй дэвшүүлж болно.

Мөн шинжээчийг хоёр жил тутамд нээлттэй зарлаж сонгох юм байна. Шинжээч нь магадлан шинжилгээг мэргэшлийн өндөр түвшинд хийж, мэргэжлийн зөрчил гаргаагүй тохиолдолд шинжээчийн эрхийг хоёр жилээр сунгана гэж журамд заажээ.

КЛУБҮҮДЭД ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖИЛТ ОРООГҮЙ БАЙНА

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр иргэд хэдийнээс эрүүл мэндийн даатгалаараа фитнест явах эсэх нь тодорхойгүй байна.

Харин фитнес клубүүдийн хувьд магадлан итгэмжлэлийн материалаа БСШУС-ын яаманд хүргүүлээд удаж байгаа аж. Энэ талаар “Golden Gym”фитнес клубийн захирал Ц.Баянмөнх“Засгийн газраас Эрүүл мэндийн даатгалын санд өөрчлөлт оруулж, ард иргэд өвдөхөөсөө өмнө биедээ анхаарч, спортоор хичээллэх нь зүйтэй гэж үзсэн.

Спортын клубийг магадлан итгэмжлэх журмыг БСШУС-ын сайд, Эрүүл мэндийн сайд 2019 оны нэгдүгээр сард баталсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Иргэдэд биеийн тамир, спортоор хичээллэж эрүүл мэндээ хамгаалсны төлөө эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох ажлыг эхлүүлэх”-ээр болсон ч бодит байдал дээр жигдэрч хэрэгжихгүй байна.

Мэдээж шинэ ажил хэрэгжих гэж байгаа болохоор олон талаас няхуур ажиллаж байгаа байх. БСШУСЯ, Эрүүл мэндийн яамны удирдлагууд, ажлын хэсгүүд клубүүд хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Он дуусахад гурван сар үлдлээ. Уг ажил удаашралтай явагдаж байна.

Одоог хүртэл эхний клубүүдэд Даатгалын сангаас санхүүжилт орж ирээгүй. Манай клуб жилийн өмнөөс бэлтгэж бичиг баримтаа цэгцэлж бэлэн болоод байгаа. Зөвхөн манайх биш өөр олон клуб бий.

Хэрэв Даатгалын сангаас санхүүжилтээ тавиад хэрэгжээд эхэлбэл манай клуб өдөрт 800-1,500 хүн хүлээж авах боломжтой. Хүссэнээр болдог бол он дуусах хүртэл бүх клубүүдийг магадлан итгэмжлээд стандартыг хангасан фитнесүүд эрчимтэй ажилламаар байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед эрүүл мэнддээ анхаарч фитнест хамрагдахыг хүсэж буй хүмүүст хөнгөлөлт эдлэх нь маш том боломж” гэв.

Г.ОДБААТАР: 85-ААС ДЭЭШ ОНООТОЙ КЛУБҮҮД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛД ОРОХ БОЛОМЖТОЙ

Журам батлах тухай тушаалд Спортын клубийн магадлан итгэмжлэх хараат бус шинжээчийг үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллахыг Биеийн тамирын спортын газарт даалгажээ. Энэ талаар Биеийн тамирын спортын газрын Бодлого хэрэгжилтийн Хэлтсийн дарга Г.Одбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.

-Тус хөтөлбөр хэрэгжих хугацаа өнгөрөөд найман сар боллоо. Жигдэрч үйл ажиллагаа явуулахад шийдэгдээгүй асуудал юу вэ?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас магадлан итгэмжлэх клубүүдийг сонгон шалгаруулах журам, эрүүл мэндийн даатгал олгох идэвхтэй хөдөлгөөн дасгалын жагсаалт журамлагдаж гарна. Одоо хараахан гараагүй төслийн байдалтай явагдаж байна. Өөрөөр хэлбэл жил бүр даатгал, хөнгөлөлтөөр олгогдох эмийн жагсаалтыг гаргадаг шиг спортын төрлүүд болон дасгалуудын жагсаалтыг гаргах ёстой.

-Фитнес клубүүдийн хувьд тавигдах шаардлага, магадлан итгэмжлэлд орох стандартыг ямар баг бүрэлдэхүүн хянаж байна вэ?

-Бидний зүгээс клубүүдийн судалгаа хийгдсэн. Харин тухайн клубүүд дээр спортын магадлан итгэмжлэх хараат бус шинжилгээг хийх шинжээч сонгох үйл явц явагдаж байна. Клубүүд сайн дурын үндсэн дээр магадлан итгэмжлэлд орох учраас өөрсдөө хүсэлтэй ирүүлэх шаардлагатай.

Хүсэлт ирүүлсэн клубүүдийг бид сонгосон. Хараат бус шинжээчид томилогдон шалгаж журамд заасны дагуу 85 онооноос дээш оноотой клубүүд магадлан итгэмжлэлд орох боломжтой.

-Хэзээнээс иргэд фитнес клубүүдээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх вэ, урьдчилсан тооцоо бий юу?

-Бидний төлөвлөснөөр есдүгээр сард багтан Эрүүл мэндийн даатгалын газрын журмууд батлагдвал магадлан итгэмжлэлийн стратеги төлөвлөлтөд орно. Даатгалаар хөнгөлөгдөх спортын төрлийн жагсаалт, спортын магадлан итгэмжлэх хараат бус шинжилгээг хийх шинжээч сонгох журам батлагдвал уг ажил эрчимтэй үргэлжилнэ.

О.Уранбилэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
2
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
1
607093
12 эможи

Байгаль
2019-09-06 09:31
Явмаар бна. Жингээ хасч эрүүл мэндээ бодьё
zochin
2019-08-27 06:53
Bassein oroh bolov uu
Зочин
2019-08-22 09:13
гоё хэлжээ
keyboard_arrow_up