П.Батчулуун: Эд, эсийг ургуулж аутизм болон хавдрын өвчнийг анагаадаг болно

2019 оны 7 сарын 16

Дэлхий дахинаа эс, эдээс эрхтэн ургуулж аливаа өвчинг анагааж эхэлсэн байна. Тэгвэл манай улсад эс, эдээс эрхтэн ургуулж анагаах процесс ямар түвшинд байгаа талаар Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол Улсын гавьяат эмч П.Батчулуунтай ярилцлаа.

Arslan.mn

-Та манай уншигчдад Монгол Улсад эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ ямар түвшинд байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Анагаах ухааны салбарын хамгийн гайхамшигтай нээлтийн нэг бол хүний эд эрхтэнг шилжүүлэн суулгах эмчилгээ юм. Манай улс энэ эмчилгээг XX зууны эхэн үе буюу 1950 дунд үед нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах эмчилгээгээр эхэлж байжээ. Харин бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг 1996 онд, элэг шилжүүлэн суулгах эмчилгээг 2011 онд эхэлсэн. Мөн ясны чөмөгнөөс үүдэл эс ялган авч цусны хавдар эмчлэх эмчилгээг 2014 оноос эхлүүлсэн. Үр дүн нь сайн байгаа.

Эдгээр эмчилгээг улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хийж байсан бол 2018 оноос Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэллээ. Энэ бүх эмчилгээг эхлүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, багаж хэрэгсэл тоног төхөөрөмжөө базаах гэх мэт нүсэр их ажлыг манай эмч, эрдэмтэн, мэргэжилтнүүд хичээнгүй хөдөлмөрлөсний эцэст их ажлын ард гарсан. Ингэснээр үүдэл эс гэдэг зүйл олон хүний алтан амийг аварч, амьдрал бэлэглэж буяны дээд буян болтлоо хөгжсөн гэхэд хилсдэхгүй.

-Одоогоор хэчнээн хүнд энэхүү эмчилгээг хийгээд байна вэ. Үр дүн нь ямар байгаа вэ. Цаашид үүдэл эсийн хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдрийг хүртэл 190 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, 78 хүнд элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг 18 хүнд амжилттай шилжүүлэн суулгасан байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвд 14 хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн. Үр дүн маш сайн байгаа. Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийдэг олон оронтой харьцуулахад манайхны амжилт, үр дүн нь нэлээд дээгүүр орно шүү.

-Үүдэл эс гэж юуг хэлээд байгаа юм бэ?

-Бие эсээс тогтдогийг хүн бүр мэддэг. Харин хүнийг бүрдүүлж байгаа эс хоёр төрлийнх байдгийг тэр бүр мэддэггүй байжээ. Жишээ нь, арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж гэмтэхэд арьс өөрөө төлжиж эдгэрдэг. Тодруулбал, арьсны эсээс арьсны эс үүсдэг гэсэн үг. Энэ бол бидний сайн мэдэх зүйл. Гэхдээ энд үүдэл эс байгаа учраас арьс маань нөхөн төлжиж эдгэрч байдаг гэдгийг мэддэггүй байсан юм.

Эр, эм бэлгийн эс нийлээд үр тогтон өндгөн эс үүсдэг. Үүнийг үр хөврөлийн үүдэл эс гэж нэрлэдэг. Энэ дахин хуваагдаж олширсоор хүний бие бүрэлдэн тогтож үүсэх нарийн түвэгтэй үйл явц явагддаг. Хүүхэд төрөх үед үүдэл эс нь хүйнд болон хүйн цусанд мөн эхийн эхэст маш их хэмжээгээр агуулагдаж байдаг. Төрсний дараа том хүнд элэг, ясны чөмөг, захын цус, арьс, өөхөн эд зэрэгт их үүдэл эс байдаг. Харин нөхөн төлжиж чаддаггүй эсүүд байдаг, энэ бол энгийн эс юм. Энэ энгийн эс гэмтэж эмгэгт өртснөөс болж өвчин эмгэг үүсдэг.

-Хүний биед байдаг үүдэл эсийг тэгвэл илүү энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Үүдэл эс гэдгийг энгийн хүнд ойлгогдохоор тайлбарлаж хэлэхэд, нэг эс нь хоёр, хоёр эс нь дөрөв болох гэх мэт хуваагдаж үржиж, олширдог эс юм. Өөрөөр хэлбэл, өөрийгөө олшруулж чаддаг нарийн функц, үйл ажиллагаатай эс. Гэхдээ энэ эс нь ямар нэг функц үйл ажиллагаа буюу үүрэг даалгавар, хариуцлага хүлээгээгүй чөлөөт эсүүд юм байна л даа.

Хүн 60-100 триллон эсээс бүрддэг. Түүнээс хүний биед 50 гаруй тэрбум үүдэл эс байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Бусад эс нь ямар нэг функц үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн үг. Бидний бие, эрхтэн тогтолцоог бүрдүүлдэг эс бүр нь өөрийн гэсэн гүйцэтгэдэг үүрэг даалгавартай, ямар нэг үйл ажиллагааг зохицуулж байдаг.

-Үүдэл эсийн тусламжтайгаар ямар, ямар өвчнийг анагаах боломжтой вэ?

-Дэлхийн олон улс оронд одоогоор 40 гаруй төрлийн өвчнийг анагааж байна. Ирээдүйд үүдэл эсээр аутизм, зөнөгрөх өвчин бусад төрлийн хавдар, хэрх өвчин, чихрийн шижин зэрэг олон өвчнийг эмчлэх боломж бүрдэнэ.Улс эх орон болон хүнд үүдэл эс маш ашигтай. Олон улсын жишгээс үзэхэд, хүүхэд төрмөгц гэр бүлийнхэнд нь хүүхдийнхээ хүй болон цус, эхсийг хадгалуулах санал тавьдаг байна.

Ингэхдээ улсын болон хувийн банканд хадгалуулах боломжтой байдаг. Ялгаа нь гэвэл бололцоотой гэр бүл хүүхдийнхээ үүдэл эсийг хувийн банканд хадгалуулдаг. Тухайн хүүхэд 10-20 жилийн дараа хүнд өвчнөөр өвдсөн тохиолдолд тэрхүү хадгалуулсан үүдэл эсийг авч ашиглана гэсэн үг. Харин улсын банк таны хүүхдийн үүдэл эсийг хадгалахдаа албан ёсны зөвшөөрөл авна.

Түүнчлэн ямар нэгэн эд эрхтний донорт таны хүүхдийн эд, эсийг үржүүлж ашиглая гэх саналыг тавьдаг байна. Ингэж хадгалууллаа гээд мөнгө өгөхгүй. Ерөнхийдөө сайн дурын донор болж байгаатай ялгаагүй. Олон улсад улсын банканд хадгалуулсан үүдэл эсээс эм, тариа, тос зэргийг гарган авч элдэв шархлаа, үе мөчний өвчинд хэрэглэж байна.

-Үүдэл эс, хүйн цус хадгалах талаар манай улсад одоо хийж буй ямар ажил байна. Ер нь ямар шатандаа явж байна вэ?

-Энэ үйл ажиллагаа дөнгөж эхлэл төдий байгаа. Эс, эд, эрхтэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтарч дэлхийн жишигт нийцэхүйц эс, эд эрхтэн суулгах үндэсний төв байгуулах төслийн санал боловсруулан ажиллаж байна. Төслийн саналаа бид ЭМЯ-нд танилцуулахад бэлэн болсон. Энэ төсөлд таны асуусан эс, эдийн банк хүйн эд, хүйн цусны банк байгуулах асуудлыг тодорхой тусгасан. Удахгүй шийдэгдэх байх.

Энэ банк бий болгохын тулд хүн амын нягтаршил өвчлөл, донорын олдоц, эдийн засаг санхүүгийн хөгжил зэргийг судалж үзсэн. Бусад орны жишгээс судлах зүйл бас бий. Мөн эс, эд нөхөн сэргээх эмчилгээний удирдамж, журам хамтран боловсруулж байгаа.

-Олон улсын үүдэл эсийн нийгэмлэг, ЭМЯ, ЭМХТ, Эрүүл дөрвөн улирал, төв болон тусгай мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран “Үүдэл эсийг нөхөн сэргээх эмчилгээнд ашиглах нь” сэдэвт хурлыг өнгөрөгч зургаадугаар сард зохион байгуулсан. Энэ үеэр ямар асуудлыг хэлэлцэв. Манай улсад эс, эд болон хүйн цусны банк нээх боломж байна уу?

-Манай улсын хэмжээнд үүдэл эс буюу эд эрхтэн ургуулах үйл явцыг судалж буй эрдэмтдийн санаа бодлыг сонсох мөн гадаадад хийгдэж буй нээлтүүдийн талаар гадны эрдэмтэдтэй санал бодол солилцож, танилцуулах, туршлага судлах түүнийг манай анагаахын салбарт хэрхэн ашиглаж болох бидэнд ямар бололцоог эрэлхийлж, юу хийх ёстойг ярилцсан. Цаашлаад эс, эдийн банк, хүйн цусны банк нээх гарцыг судалснаар боломжтой гэх дүгнэлтэд хүрсэн.

-XXI зууны анагаах ухааны чиг хандлага эс, эд, эрхтэн ургуулах хөгжил рүү чиглэж гэж ойлгож болох уу?

-Ер нь тийм. Тун удахгүй олон улсад амьд донороос авч буй эд, эрхтэнг ургуулдаг болно. Саяхан Израиль улсад үүдэл эс, 3D технологийг ашиглаж зүрх ургуулсан. Манай улс 10-15 жилийн дараа хүний эд эрхтэнг ургуулдаг болно. Амьд донороос эрхтэн авах үзэгдэл түүх болж үлдэх байх. Үүдэл эсээс эрхтэн ургуулна гэсэн үг. Ирээдүйд архаг өвчнөөр хүн үхэхгүй болох болов уу. Иймд төрөөс эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг илүү түлхүү дэмжих, эс, эдийн банк бий болгох ажлыг бодлогоор дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

-Эрхтний донорын тухайд?

-Амьд болон амьгүй донор гэж бий. Түрүүн хэлсэнчлэн манай улсад хийгдсэн бөөр, элэг шилжүүлэн суулгах эмчилгээний 95 орчим хувийг амьд донороос авсан. Элэг, бөөрний эмгэгтэй хүмүүст төрөл төрөгсөд нь элэгнийхээ талыг аль эсвэл хос эрхтнийхээ нэгийг нь өгч байна. Харин тархиндаа бэртэл авч эсвэл тархинд цус харвасны улмаас тархи гэмтэж эргэлт буцалтгүй үхэлд хүрсэн тохиолдлыг тархины үхэлтэй буюу амьгүй донор гээд байгаа юм. Тийм хүнийг эмнэлгийн нөхцөлд амьсгал болон зүрхийг нь зохиомлоор ажиллуулж зохих нөхцөлд байлгадаг. Хэрвээ энэ хүн маань донорын шалгуурт тохирвол, донорын хуулийн дагуу гэр бүлтэй нь уулзаж эд, эрхтний донор болгох хүсэлт тавьдаг.

-Та өөрийн одоо хийж байгаа эрдэм шинжилгээ болон судалгааны ажилтай холбоотой тулгамдаж байгаа асуудлаасаа хуваалцана уу?

-Яривал маш их зүйлийг яримаар байна л даа. Тэгэхээр өнөө-гийн өвчлөлийн талаар болон донорын талаар цөөхөн хэдэн үг хэлье. Элэгний В,С вирус болон түүний хүндрэл элэгний хавдар, зүрхний шигдээсээр мөн олон тооны хүмүүс нас барж байна. Утааны улирал хаяанд ирж байна. Монголчуудын дараагийн өвчлөл бол уушгины өвчлөл тэр дундаа уушгины хавдар улам ихсэж байна. Цуллаг эрхтний эмгэгийн төгсгөлийн үед хийгдэх төгс эмчилгээ бол одоогоор зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ болоод байна.

Энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай иргэд их байна. Гэвч улс орны болон ард иргэдийн маань эдийн засаг, санхүү, амьжиргааны нөхцөл байдал хүндхэн байдаг. Энэ эмчилгээг хийхэд бас нэг чухал зүйл нь донорын асуудал. Дээр өгүүлсэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний ихэнх нь амьд донороос авсан эрхтэн. Ердөө ес нь амьгүй донороос 16 хүнд бөөр дөрвөн хүнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийжээ.

Манай улсад даралт ихсэж тархинд цус харвах өвчнөөр жил бүр 2,000 гаруй хүн нас бардаг. Гэмтэл ослоор нас барж буй 3,000 хүний 450-550 орчим нь зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа харамсалтай тоо баримтууд байна. Ингээд бодоход жил бүр 5,000 хүн цаг бусаар хорвоог орхидог. Эдгээрээс харамсалтайгаар нас барж буй иргэдийн маань дотор цөөхөн боловч донор болох боломжтой хүмүүс байгаа юм л даа.

-Та яагаад цөөхөн боловч гэж байгаа юм бэ?

-Тархинд нь цус харваж, гэмтэл аваад тархины үхэлд хүрч байгаа хүн бүр донор гэсэн үг биш л дээ. Учир нь эдгээр хүн бүрийг донор болгоё гэхээр нарийн шалгуурт тэнцдэггүй. Ихэнх нь өөрөө суурь элдэв эмгэгтэй, В, С вирус болон халдварт өвчинтэй байх магадлалтай. Мөн насны хязгаар тогтооно. Энэ насны хязгаарт өөрчлөлт хийх шаардлагатай байгаа. Учир нь донорын олдоц цөөн байх шалтгааны нэг нь энэ.

Эдгээрээс улбаалж донор болох бололцоотой цөөхөн хүн байдаг. Эдгээр цөөн хүмүүсийг жинхэнэ бурхнаас заяасан эрүүл саруул биетэй бусдад амьдрал хайрлах буянтай хүн гэж боддог. Ийм том буян, өглөг хийж хүний амь нас эрүүл мэндийг нь аврах хувь зохиолтой хүний бусдад буян болох хойд насныхаа зам, заяа төөргийг засахад нь гэр бүлийнхэн нь битгий цааргалж байгаасай гэж хүсдэг. Ингээд золгүй тохиолдлоор нас барсан хүмүүсийн гэр бүлтэй уулзаж донор болгох санал тавихад ихэнх нь татгалздаг.

-Яагаад. Ер нь бурхан шашны номд бурхан болоочийг донор болгох талаар юу гэж заасан байдаг юм бол?

-Манайхан бурхан шашны ариун номлолыг сайн мэддэггүй. Мухар сүсэглэлтэй холбоотой. Манай бурхан шашны том төлөөлөл болсон хүмүүстэй уулзаж асууж байсан. Шашны номд “Буяны дээд буян, өглөгийн дээд өглөг хүнд амьдрал бэлэглэх” гэж номлосон байдаг юм байна. Иймд буян хийж донор болоход хамгийн багадаа гурван хүний амь насыг аварна. Нэгэн монгол гэр бүл элэг бүтэн аз жаргалтай болно.

Ер нь дэлхий дээрх бүх шашны номд эд, эрхтний донор болж хүний амь аврахад цааргалах зүйл байдаггүй гэдэгт санаа нэгддэг юм байна билээ. “Хүн эрхтний донор болно гэдэг бол буяны дээд буян бөгөөд хүн төрөлхтний гайхамшигт үйл юм” гэж Далай лам хэлсэн байдаг. Хүний бие оюун санааны бие буюу сүнсэн бие, бие бодьгал буюу махан биеэс бүрддэг гэж номложээ. Сүнсэн бие нь биеэс нь гарч явсан тохиолдолд махан биеэ бусдын амь аврахад зориулахад болохгүй зүйл байдаггүй юм гэнэ лээ.

Тархины үхэлд хүрсэн тохиолдолд сүнсэн бие биеэс гарсан үе гэсэн ойлголт юм билээ. Иймд хүмүүс нэгэндээ амьдрал бэлэглээд донор болгох асуудалд нааштай хандаж байгаасай гэж хүсдэг.

-Энэхүү аргыг анагаах ухааны практик үйл ажиллагаанд хэзээнээс анх нэвтрүүлсэн юм бол. Яагаад энэ аргыг хэрэглэх болов?

-Их чухал асуулт байна. Анх 1963 онд Бельги Улсад Guy Alexandre гэдэг мэс засалч тархины үхэлтэй хүнээс эрхтэн авч бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийх оролдлого хийсэн юм байна. Энэ үед дандаа амьд донороос эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан байна. НҮБ-ын Түгээмэл тунхаглалд хүн амьд явах эрхтэй, эрсдэлгүй амьдрах ёстой гэж бас заажээ. Тийм учраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгээс эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг аль болох амьгүй донороос хийх нь зүйтэйг зөвлөдөг юм.

-Манай улсад энэ талын хууль эрх зүйн зохицуулалт ямар байна?

-Донорын тухай хууль анх 2000 онд батлагдсан. Сая 2018 онд дахин шинэчлэгдэн батлагдсан. Хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс манай алба хичээн ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин Б. Отгонжаргал 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605854
0 эможи

keyboard_arrow_up