Ч.Алтанхуяг: Хөнгөлөлттэй эмийг 20-80 хувь бууруулан олгож байгаа

2019 оны 7 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас хөнгөлөлттэй эмийн олголтын талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг:


2018 онд хөнгөлөлттэй эмэнд 37,8 тэрбум төгрөг зориулж байсан бол 2019 онд төсөв хасагдан 33,5 тэрбум төгрөг болсон. Үүнээс нийслэлд 52,3 хувийг төсөвлөдөг. Үлдсэн нь орон нутагт. Эмийн үнэд ямар зүйлсийг баримталдаг вэ гэвэл зориуд тохиолдох өвчний үед эмийг 80 хүртэлх хувиар хөнгөлдөг. Үүнд ахмадуудын хэрэглэдэг эмүүд орно. Урт хугацаанд хэрэглэгдэх эмүүдийг 60, халдварын эсрэг эмийг 30-50, 0-5 настай хүүхдийн эмийг 50-80 хувиар хөнгөлөн олгодог. 2018 оны нэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн эмийн жагсаалтад нийт 812 эм худалдааны нэршилтэй байдгаас 638 нь эмийн жагсаалтад бий. 0-5 насны хүүхдэд зориулсан 174 эм байдаг. Эдгээрийн хөнгөлөлтийн хувь хэмжээ 20-93 хувь. Эрүүл мэндийн даатгалын сан 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээгээр эмийн хөнгөлөлттэй үнээр хамтран ажиллаж байсан. Энэ онд 1026 болж нэмэгдсэн. Бид иргэдэд эм хэрэгтэй үед нь өөрт ойр байгаа эмийн сангаас шаардлагатай эмээ хөнгөлөлттэй үнээр авах боломжийг бүрдүүлэхийн төлөө эмийн сангүй сум, хороонд судалгаа явуулж, сонгон шалгаруулалт зарлан гэрээ хийж ажилласан. Эрүүл мэндийн даатгалын системд өнгөрсөн онд цахим системийг нэвтрүүлэн ажилласан. Мөн цахим жорыг шинээр нэвтрүүллээ. Энэхүү цахим жорыг нэвтрүүлснээр хаана, хэн гэдэг иргэн ямар эмчээс ямар онош тавиулан, ямар эм бичүүлсэн, тэр эмээ аль эмийн сангаас хэдэн төгрөгөөр авсан гэдгийг бүрэн хянах боломж бүрдсэн. Цахим жор нэвтэрснээр хөнгөлөлттэй эмийн олголтыг бүрэн хянах болсон. Ингэж шинэчилснээр шаардлагагүй бичилт, буруу зөрүү зүйл урьд нь байсныг бүрэн хяналтдаа аваад байгаа. Үүний үр дүнд хүртээмж сайжирч байна. Цахим системдээ түшиглэн бид цаашид аль эмийг хэдэн хувь болгож ихэсгэх багасгах, хүртээмж ямар байна, иргэдэд аль эм илүү хэрэгцээтэй байна гэх мэт судалгааг тооцож гаргасны үндсэн дээр оношилгоо, эмчилгээний удирдамж шаардлагад нийцүүлэн, зарим хөнгөлөлтийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах, зах зээлд шинээр нэвтэрсэн дэвшилтэт эмүүдийг оруулах, зах зээлд нэвтрэхээ больсон эмүүдийг хасах гэх мэтээр эмийн жагсаалтад өөрчлөлт оруулах асуудлыг үндэслэл тооцоо судалгаатайгаар хийнэ.

-Хөнгөлөлттэй эм авахаар эмийн сан руу очиход санхүүжилт дууссан гээд байдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах боломжтой вэ?

-Түрүүн хэлсэн 1026 эмийн сангуудаар хөнгөлөлттэй эм зарагдаж байгаа. Энэ эмийн сангуудын хүчин чадлаас хамаараад эмийн өсөх үнэ өөр өөр байдаг. Жишээлбэл, нийслэлд 433 эмийн сан байгаагийн төсвийг ангилаад харвал 20 сая хүртэлх төсөвтэй 173, 60-80сая төгрөгийн төсөвтэй 44, 80-100 сая төсөвтэй, 47, 100-аас дээш саяын 20 эмийн сан гэх мэтээр ангилсан. Бага төсөвтэй буюу шинээр даатгагдсан эмийн сангуудын төсөв үнэхээр эхний хоногтоо дуусчихдаг. Гэтэл томоохон эмийн сангууд төсвөө сардаа барьдаг. Хөнгөлөлттэй эм нь дуусаагүй эмийн сангуудын мэдээллийг манай байгууллагаас лавлаж болох жишиг тогтоод явж байгаа. Хэрэглэгч өөрт ойр байгаа эмийн сангуудын аль салбарт хөнгөлөлттэй эм байна. Аль салбарт эм нь дууссан байна гэдэг мэдээллийг өгчихдөг. Түүнчлэн иргэн өөрөө манай байгууллагын цахим вэб сайт, цахим шуудантай холбогдон өөрт ойр салбарын эмийн мэдээллийг харах боломжтой болсон. Манай байгууллагын олон нийттэй харилцах 70101128 болон emd.gov.mn хаягаар тодруулж болно.

-Лозартан гэдэг даралт бууруулах эм хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бий юу?

-Байгаа.

-Уг эмийг үйлдвэрлэж буй улс хүний биед хортой хэмээн буцаалтаар татаж байгаа гэсэн мэдээлэл байна. Манай улсад мэдэгдсэн зүйл байгаа юу?

-Одоогоор тийм мэдээлэл ирээгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тийм мэдээлэл ирвэл манайд мэдэгдэнэ. Мэдээлэл ирээгүй учраас манайд хандаагүй байх.

-Хэрэв үнэн бол худалдаанаас яаж татах вэ?

-Буцаан татах ажлыг манайх хариуцахгүй учир мэдэхгүй бна.

С.ОТГОНБАЯР

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605650
1 эможи

keyboard_arrow_up