“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” баруун гурван аймагт үйл ажиллагаагаа эхэллээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн санаачлагаар ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй “Цусны Даралт Ихсэлтийн Эсрэг Аян” нь 2019 оны буюу гуравдах жилийнхээ үйл ажиллагааг хүн амын зүрх судасны өвчлөл, ялангуяа цусны даралт ихсэх өвчний өвчлөл, нас баралт өндөртэй Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод нээлтийн арга хэмжэээг зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХААН Банкны Увс салбарын захирал Х.Батнасан болон “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны баг, хамт олон, эрүүл мэндийн багууллагын удирдлага, албан хаагчид, ХААН банкны хамт олон, үзлэг оношилгоонд хамрагдахаар ирсэн иргэд оролцлоо.
Аяны үеэр цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг оношилгоо хийгдэж байна. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар хамтарсан судалгаа хийх юм.