Элэгний В вирүс хаанаас ХАЛДАЖ байна?
Тамирчин Дөлгөөн уг халдварыг авч бие нь хүндэрсэн нь Нийгэмд нэлээд хүчтэй давалгааг үүсгэлээ. Монголын нийгэмд энэ вирүсийн халдварыг хаанаас авч байна вэ? гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна. Залуу халдварыг Америкаас аваагүй. Учир нь халдварын нууц хугацаа 1-6 сар хүртэл байдагтай холбоотой аж.
Халдварт өвчин судлалын шинжлэх ухаан үүний халдах замыг параэнтерал буюу самшуу зам гэдэг. Энэ нь арьс-салст гэмтэх үед халдвар орно гэсэн үг. Хэзээ, ямар гэмтэл? Арьс цоолох мэс ажилбарууд. Үүнд бохирлогдсон багажаар чих цоолох, шивээс хийлгэх, үс, сахал хусах, тарилга, мэс ажилбар, мэс засал, шүд эмчлүүлэх, бас бэлгийн зам. Бэлгийн зам нь салстын гэмтэлээр нөхцөлддөг. Иймээс шүдний сойз хүртэл осолтой байх нь. 9 хэн настай хүү эгчээрээ чихээ цоолуулж амиа алдсаныг, найзынхаа сахлын хутгыг нэг л удаа ашиглаад В+Д вирүсийн цочмог халдвар авсныг бас мэдэх юм байна. Уг залуу ХӨСҮТ-н эмч нарын буянаар мэнд үлдсэн. Энэ мэт тохиолдлууд тасрахгүй байгаа юм.
Хуучин цагт нэг удаагийн бус буцалгадаг тариур хэрэглэж байсан. Энэ үед В вирүс халуунд маш тэсвэртэй байдгийг анагаах ухаан олж мэдээгүй үе байсан. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх нь эрсдэлтэй ч Манай улсын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дэлхийн жишигт хүрсэн нь бахархууштай.
Зөвлөмж: Та дээрх ажилбар бүхий үйлчилгээ авахыг хүсвэл аюулгүй, халдвар хамгааллын шаардлагыг мэддэг бөгөөд шаарддаг байх хэрэгтэй. Үсчинд эрчүүд очоод шар үсээ хусуулахдаа хутгаа шинээр сольж буй эсэхийг өөрөө шалга. Гоо сайхны газар очвол Бээлийгээ сольж спиртээр арчиж буйг шалга. Бээлийг сольсон ч цаад барьж буй багаж нь ариутгагдаагүй бол нэмэргүй. Бас тэрийг олон хүнд хэрэглэсэн байгаа. Ариутгах нь халдваргүйжүүлхээс өөр. Халдваргүйтгэл нь голчлон спиртээр арчих байдаг ч В вирүс үүнд үхэхгүй үлдэж болно. Бас бэлгэвч хэрэглэ. В вирүсийн вакциныг заавал хийлгэ. Та үлдсэн насандаа В вирүсээс айхгүй явна. Гэхдээ дээрх замаар зөвхөн В вирүс биш, С вирүс, ХДХВ/ДОХ ч халдана.
Мэдээллийг бусдад үнэн зөвөөр хэлж өгч бас өөрөө үйлдэл улмаар хэвшил болгоорой. Бусдад зөв дууриалал болох нь ганданд очоод тагтаад будаа цацахаас хавьгүй дээр буян.