Я.Дагвадорж: Хүүхдэдээ С вирүсийн халдвар авахуулахгүйн тулд хумсны хутга, сойз, сахлын хутгаа тусдаа хэрэглэж занш
Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар элэгний өвчлөлөөр жилд 2,600 хүн нас барж, хоногт 7-8 хүн элэгний өвчнөөр нас барж байна. Энэ талаар ХӨСҮТ, Элэгний төв эмнэлэгийн Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Я.Дагвадоржтой уулзаж, ярилцлаа.
-Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа гэсэн судалгаа гарчээ. Өвчлөлийн гол шалтгаан юу вэ?
-1950-иад оны дундаас манай улсад бүх нийтэд эмнэлгийн тусламж үзүүлэх хүрээ эрс өсч эхэлсэн. Тухайн үед нийгмийг бүхэлд нь хамраад байсан хамгийн аюултай өвчин бэлгийн замын халдварт өвчин байлаа. Энэ өвчнийг дарахын тулд бүх нийтээр нь эмнэлгийн үзлэг хийж, цус авч шинжилгээнд хамруулсан.
1960-аад оноос эмнэлгийн тусламжийн хүртээмж эрс өсч улмаар хүн ам маш ихээр тарилга хэрэглэдэг болсон. Тухайн үед энэ эмчилгээ нь цаг үеэ олсон мэт санагдаж байсан ч өнөөгийн өндөрлөгөөс харахад их уршиг дагуулсны нэг нь В,С вирүсийн халдвар гэж хэлж болно. Учир нь В,Свирүс нь хүний биед онцгой шинж илрэхгүй байсаар 20-30 хүртэл жил хадгалагддаг.
-Элэгний өвчлөлөөр дунд эргэм насныхан илүү өвддөг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Энэ хэр зөв ойлголт вэ?
-Ер нь бол дунд эргэм насныхан элэгний өвчнөөр шаналж буй нь үнэн. Судалгаагаар 18-25 насныханд В вирүсийн халдвар илрэх нь элбэг байна. Мөн 30-аас дээш насны эмэгтэйчүүд С вирүсийн халдвараар өвдөх нь элбэг байна гэж тогтоогдсон.
Элэгний өвчтэй хүмүүсийн дийлэнх нь багадаа халдвар авсан байдаг. Учир нь элэгний В,С вирүс нь удаан хугацаанд хүний биед хадгалагдаж, аажмаар өвчлүүлдэг. Түүнээс биш ямар ч хүний элэг өвчилж эхлээд шууд халдвар болдоггүй.
Эхлээд өвчилнө, архагшина, тэдгээд элэгний хатуурал буюу цирроз болно. Эцэстээ энэ нь хавдрын шатандаа орсон байдаг.
–Эмэгтэйчүүдийн өвчлөл их байгаа нь юутай холбоотой вэ?
-Эмэгтэйчүүдийн дунд С вирүсийн халдварын тархалт өндөр байгаа нь төрөх, бусад мэс ажилбарууд, чихээ цоолуулах, гоо сайхны мэс ажилбарт орох гэх мэт эрсдэлт хүчин зүйлд эмэгтэйчүүд илүү өртдөгтэй холбоотой гэж үзэж байгаа.
-Тэгвэл бага насандаа авсан халдварыг эмчлүүлэхгүй бол энэ нь архагшаад насанд хүрсэн хойно нь хавдар болдог гэж ойлгож болох нь ээ?
-В вирүсийн хувьд зөвхөн бага насанд л халдварлана. Харин С вирүс чухам ямар замаар яаж халдварлаад байгааг судлах зүйлс их байна. Өнөөдрийн байдлаар С вирүс цусаар дамждаг халдвар гэдгийг батлаад байна. Тэгэхээр цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлж байсан хүмүүс, гемодиализ хийлгэж байсан хүмүүс, мэс засал, хануур, тѳѳнүүр зэрэг арьс салст гэмтээх ажилбар хийлгэж байсан хүмүүс.
Элэгний биохимийн шинжилгээгээр хэд хэдэн удаа хэвийн бус гарч байсан хүмүүс, халдвартай зүү тариуртай ажиллаж байсан эмнэлгийн ажилчид, шоронгийн хоригдол болон шоронд ажиллаж байсан хүмүүс, гепатит С вирүсийн халдвартай эхээс төрсөн хүүхдүүд, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орж байсан хүмүүс энэ халдвараар өвчлөх магадлалтай.
Мөн ДОХ болон бэлгийн замын бусад өвчнөөр өвдөж байсан хүмүүс, шивээс хийлгэж, биеэ /чих, хамар, хэл, биеийн аль нэг хэсэг/ цоолуулж байсан хүмүүс энэ вирүсийг авсан байх магадлалтай.
Монголд гэхэд С вирүсийн халдвар 50-иас дээш насны хүмүүст эрс өсч, бүр хүн амын бараг тал хувь нь халдвар тээж байгаа гэсэн тооцоо байдаг.
-В,С вирүс гэдэг маань бараг адилхан биш юм уу. Ялгаа нь юунд байдаг юм бэ?
-Хоёр өөр вирүс. Гэхдээ дамжих зам нь адилхан. Халдвар болох эрхтэн нь адилхан ч вирүсийн бүтэц нь өөр. Харин тухайн өвчтөнд илрэх шинж нь ойролцоо. Вирүсийн халдварын илрэл нь өөр өөр байдаг нь хувь хүний биеийн онцлогоос болдог.
-Илрэл нь өөр гэдэг чинь юу гэсэн үг вэ?
-Тухайн хүний биеийн онцлог, орчин тойрон, вирүсийн бүтцээс шалтгаалж зарим хүмүүст удаан илэрдэг бол зарим нь маш хурдан, тэгээд хүндээр илэрдэг. Мөн маш хөнгөн өвчин үүсгэх тохиолдол ч бий.
-Тухайн хүний онцлог гэхээр биеийн эсэргүүцлээс хамааралтай гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Тэр бүү хэл амьдралын дэг, эрхэлдэг ажил, биеэ арчлах чадвараас нь хүртэл хамаардаг.
–B, C вирүсгүй хэрнээ элэгний өвчтэй хүмүүс байдаг гэсэн. Яагаад тэр вэ?
-Вирүсийн хэрнээ элэг нь өөхөлсөн тохиолдол бий. Элэгний бусад төрлийн өвчин ч байдаг. Бодисын солилцооны хямралаас болж элэгний өвчтэй болж болно. Мөн элэг өөхөлж хямарна. Цөсөнд өөрчлөлт орсноор элэг өвдөх нь ч бий. Гэхдээ эдгээр нь ялгаагүй элэгний эсийн үйл ажиллагааг алдагдуулна. Элэг бол хамгийн түрүүнд стресст өртөмтгий эрхтэн. Тиймээс сэтгэлз үйн хувьд стрессийн хүчин зүйлийг зайлуулах хэрэгтэй.
-Сүүлийн үед вирүс тоолно гэж ярьдаг болсон. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?
-Тоолсны үндсэн дээр тухайн вирусын хэмжээ хэд байна, идэвхжил хэр зэрэг байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр гаргадаг.
Дэлхий нийтээр 800 мянгаас дээш байвал их байна гэж үздэг. Тоолсны үндсэн дээр эмчилгээг хянах ёстой. Тоолчихоод хаяж болохгүй.
С вирүсийн үндсэн эмчилгээ хийгээд, тодорхой хугацааны дараа хэд болсон гэдгийг тоолох ёстой. Гурван сарын дараа үр дүнгүй байвал эмчилгээг зогсооно.
-Элэгний вирүсийг бүрэн устгах боломж бий юу?
-Элэгний вирүс бие махбодид орчихсон л бол ханиадны вирүстэй адил эм угаад дарагдана гэж байхгүй. Тэгэхээр элэгний вирүсийн хамгийн аюултай нь үүнд байгаа юм. Нэгэнт орчихвол насан туршид нь байж байгаад тэр хүнийг элэгний хавдартай, эсвэл хатууралтай болгоно.
Тиймээс вирүс орсон тохиолдолд идэвхжүүлэхгүй, тогтоож барих нь чухал. Ямар гарц байгааг тогтоох нь чухал. Мөн урьдчилан сэргийлдэг байх хэрэгтэй. Байнга л мэдээллээр ханга. Өрх дотроо өөрийгөө хамгаал.
-Бүрэн эмчлэгдэж чадахгүй гэсэн үг үү?
-Төгс эмчлэгдэхгүй. Эмчилгээ хийж байна гэдэг нь вирүсийн идэвхжлийг л дарж байна гэсэн үг. Тоологддоггүй байх тохиолдол байна. Гэхдээ эмчилгээн дээр тодорхой ахиц гарна. 40, 50, 60 хувь ч байж болно. Гэхдээ 100 хувь гэж байхгүй. Үр дүн нь 70 орчим хувь л байдаг.
Ер нь бол элэгний С вирүс ДОХ-оос ялгагдахгүй, нэг төрлийн чимээгүй үхэл гэж нэрлээд байгаа юм. Чимээгүй байж байгаад С вирүс авчихдаг. Вирүсийн халдвартай боллоо гэхэд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй. Энэ нь аюулд хүргэдэг. Гэхдээ эмчилгээ нь хувь хүндээ сайн зохивол вирусын идэвхжил багасна.
-Удахгүй 20 хүнд үнэ төлбөргүй элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх гэж байгаа гэж сонссон юм байна?
-Тиймээ. Би энэ мэс засалд оролцохгүй ч сургийг нь сонсоод байгаа. Манай улсын хувьд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх боломжтой. Хамгийн гол нь донорыг олох асуудал л байгаа. Уг нь элэг гайгүй эрхтэн. Ийм болохоор хамаатан, ойр дотнын хүн нь донор байхад л болно.
–Элэгний эмчилгээ урт хугацаанд үргэлжилдэг. Үнэхээр урт хугацаа шаарддаг уу, эсвэл эм, тарианы олдоцоос шалтгаалж байна уу?
-Маш урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай. Тухайлбал, вирүсийн гаралтай өвчнийг нь эмчлэхэд “interferon” гэдэг тариаг хэрэглэх ёстой. Энэ эмчилгээнд зургаан сараас нэг жилийн хугацаа шаардагддаг.
Хэрэв эмчилгээг ингэж хийхгүй л бол дахидаг. Нэг үгээр хэлбэл вирүсийг устгах, зайлуулах эмчилгээнд хугацаа маш их ордог.
-Сүүлийн үед элэгний өвчинд сайн гээд л зэрлэг гахайн элэг, үхрийн нүд ихээр худалдаалдаг болж. Бас хүмүүс ч ихээр хэрэглэх болсон. Хэр тустай вэ?
-Энэ бүхэн батлагдаагүй. Ер нь бараг домын л арга шүү дээ. Харин үхрийн нүдний тухайд судалгаа хийгдсэн. Их сайн биш ч гэсэн ач тустай.
Түүнээс эдгээр зүйлийг өвчнийг эдгээхэд хэрэглэх заавар анагаахын шинжлэх ухаанд байхгүй.
-В,С гепатитаас сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Вакцин. Манайд хүүхэд төрөнгүүт В гепатитаас сэргийлэх вакцин тарьдаг. Сүүлийн 25 жил хийж байгаа. Үр дvн маш сайн байгаа. Ингэснээр В гепатитын асуудлыг Монголд шийдвэрлээд байгаа ч гэж хэлж болно. Харин С гепатитаас сэргийлэх хэцүү.
Өнөөдөр манай улсад 50 орчим настай хүмүүсийн тал хувь нь С вирүсийн халдвартай. Судалгаа ингэж гарсан учрыг үнэхээр мэдэхгүй юм. Миний хэлэх үг бол энд маш нарийн дэс дараатай судалгаа хэрэгтэй гэх л байна даа.
Хамгийн түрүүнд цусны аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарах ёстой. Мөн аль болох хэрэггүй хатгалт олон хийлгэхгүй байх нь чухал. Нэг удаагийн зүү, тариур заавал хэрэглэ.
Мөн ээж, аав нь хүүхдээ С вирүсийн халдварт өртүүлэхгүй байхын тулд хумсны хутга, шүдний сойз, сахлын хутга зэргийг тусдаа хэрэглэж занших нь чухал.
Мэс ажилбараас С вирүсийн халдвар авах нь ч бий. Гоо сайхны мэс ажилбаруудыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хийлгэвэл С вирүсийн халдвар авах магадлал өндөр. Сүүлийн үед бэлгийн замаар С вирүсийн халдвар авах байдал нэмэгдэж байгаа.
Тиймээс вирүс авсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь чухал болоод байна. Хүний амьдралын туйлын зорилго бол амьд явах. Амьдрахын тулд эрүүл элэгтэй байх асуудал бидний хувьд хурцаар тавигдаж байна.
Б.Дэжид
Эх сурвалж: unen.mn