“Алтангагнуур - 2019” чуулга уулзалт боллоо
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Төгсөгчдийн холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй “Алтангагнуур - 2019” чуулга уулзалт 2019 оны 05 сарын 31-ны өдөр нийт төгсөгчдийн халуун баяр дор ёслол хүндэтгэлтэйгээр болж өнгөрлөө. Чуулга уулзалтад Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон болон удирдлагууд, Монголын анагаах ухааны нэгэн зууны төлөөлөл болсон ардын багш, ардын эмч, гавьяатууд, эрдэмтдийн төлөөллүүд урилгаар хүрэлцэн ирж оролцов.
Түүнчлэн Эрүүл Мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нийт төгсөгчдөд хандан мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Чуулга уулзалт уламжлалт ёсоор шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд АШУҮИС-ийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлаар ажил хөдөлмөрийн амжилт гаргасан 1969, 1979, 1989, 1999, 2009 оны шилдэг төгсөгчдийг шилдэг эмч, шилдэг хүүхдийн эмч, шилдэг эм зүйч, шилдэг эрдэмтэн, шилдэг судлаач, шилдэг НАС-ын эмч, шилдэг эрүүл ахуйч, шилдэг уламжлалтын эмч, шилдэг багш, шилдэг зохион байгуулагч гэсэн номинациудаар шалгарууллаа. Мөн төгсөгчдийн Холбооны нэрэмжит “Алтангагнуур” медалийн эздээр 1969 оны төгсөгч Т. Тогтох, 1979 оны төгсөгч Б.Өлзийбаяр, 1989 оны төгсөгч А.Мөнхтайван, 1999 оны төгсөгч С. Отгонжаргал, 2009 оны төгсөгч Н.Наранбат нар тус тус тодорсон. Ийнхүү эх орныхоо өнцөг булан бүрт хүн ардынхаа эрүүл энхийн ээлжгүй манаанд хичээн зүтгэж байгаа АШУҮИС-ийн үе үеийн төгсөгчдийн жил бүр хүсэн хүлээдэг “Алтангагнуур” чуулга уулзалт дуутай хууртай, шагналын хуртай болж өнгөрлөө.
Эх сурвалж: ЭМЯ
|