Т.Рэгзэдмаа: Компьютер, гар утасны хэт их хэрэглээнээс шалтгаалсан нервийн гаралтай харшил ихэсч байна

2019 оны 5 сарын 29

Arslan.mn

Уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хүчин зүйлсээс шалтгаалан харшлаар өвчилж буй хүний тоо нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байгаа билээ. Ургамлын гаралтай харшлын улирал эхэлж байгаа энэ үед уншигчдад мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор Монголын харшил судлалын нийгэмлэгийн салбар зөвлөлийн гишүүн, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн харшлын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор Т.РЭГЗЭДМААТАЙ ярилцлаа.

Харшлын улирал эхэлж хүмүүс өөр өөрийн аргаар эмчилж байна. Зарим нь харшлын эсрэг тариа хийлгэвэл үр дүнтэй гэж ойлгодог. Энэ нь хэр оновчтой эмчилгээний арга вэ?

-Ямар нэг эмчилгээг эхлүүлэхээсээ өмнө мэргэжлийн эмчид заавал хандаж, оношоо тодруулах нь чухал. Онош тодорхой болбол ямар эмчилгээ хийлгэхийг эмч зөвлөнө. Түүнээс биш харшлаа нам дарна гээд элдэв тариа хийлгэж болохгүй. Юунаас харшилдаг, хэдэн настай вэ гэдгээс шалтгаалан эмчилгээний арга харилцан адилгүй.

Хэн нэгнээс сонссон эмчилгээний аргыг өөртөө турших эрсдэлтэй. Зарим хүн эмийн сангаас өөрт тохирох эсэхийг мэдэхгүй эм тан авч хэрэглэдэг. Үүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Тэр дундаа тариа хийлгэхээс өмнө мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Учир нь, харшлын тариа ихэвчлэн гормоны бэлдмэл байдаг. Өвчин хүндэрсэн үед эмчийн заавраар хийх шаардлагатай тариа гэсэн үг. Гэтэл харшил мөн эсэхийг тодруулаагүй мөртлөө тэр хүчтэй тариаг хийлгэчихдэг. Энэ хамгийн буруу.

Иргэдэд хамгийн ойр буюу өрхийн эмнэлэгт хандвал хэр оновчтой вэ. Ургамлын харшлын улирал эхэлсэн үед мэргэжлийн байгууллагад хандахад цаг алддаг тал бий?

-Анхан шатны буюу өрхийн эмнэлэгт хандаж болно. Тэндээс харшил мөн эсэхийг хэлнэ. Бас “Төддүгээр шатлалын эмнэлгийн харшлын эмчид ханд” гэж зөвлөнө. Бид өрхийн эмнэлгийн эмч нарт дургалт байнга явуулдаг учир тэд харшилтай эсэхийг оношлох бүрэн боломжтой.

-Сүүлийн жилүүдэд ямар үүсгэгчтэй харшил зонхилж байна вэ?

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн кабинет жилдээ 5000-6000 хүнд үйлчилгээ үзүүлдэг. Эдгээрээс харшлын гаралтай өвчний зонхилох хувийг эзэлж байгаа нь тоосжилт. Агаарын бохирдол, тамхи зэрэг нийгмийн хөгжилтэй холбоотой байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөгжлөө дагаад харшлын өвчин нэмэгдэж байна гэсэн үг. Түүнчлэн хоол хүнс, импортоор оруулж ирж буй зарим бараа бүтээгдэхүүнээс шалтгаалдаг. Мөн эмийн зохисгүй хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор харшлын өвчин нэмэгдэж байна. Антибиотик дур мэдэн хэрэглэдгээс эмийн харшилтай хүн олширч байна. Гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа нь харшилтай хүн нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Ер нь харшлын гаралт буурахгүй, жил ирэх тусам нэмэгдэж байна.

-Харшил бүрэн эдгэдэг өвчин үү. Эмчилгээ хийлгээд эдгэрэх боломжтой юү?

-Харшлыг намжилтын үед нь оруулна гэж байна. Түүнээс биш бүрэн эмчлэгдэх нь ховор. Эмчилгээ хийлгэснээр өвчнийг тодорхой хугацаанд сэдрээхгүйн төлөө намжилтынх нь үеийг уртасгана. Бид агаарын бохирдол, тоосжилтыг шийдэж чадахгүй явсаар өдийг хүрсэн. Үүнээс шалтгаалан амьсгалын замын харшилтай хүний тоо өвөл ихэсдэг. Зун нь ургамлын харшил эхэлдэг. Ингэснээр уур амьсгал, агаартай холбоотойгоор харшилтай хүний тоо буурахгүй байна. Хүмүүс гадаадын болон сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж, хятад, өвөрмонгол эмчид ханддаг болжээ. Гэхдээ хэзээ ч харшлыг бүрэн эмчилдэггүйг санах хэрэгтэй. Бид тэдэн шиг өндөр тунтай гормоны тариаг хүссэн хүн бүрт хийж, харшлыг нь намжааж болно. Гэхдээ энэ нь хэдхэн сарын үйлчилгээтэй. Хэсэг хугацааны дараа дахин илэрнэ. Харамсалтай нь, өндөр тунтай гормон хийлгэснээр эрхтний системд нөлөөлдөг. Тариа хийлгэсэн хүнд эргээд гаж нөлөө өгдөг. Бид гаж нөлөөг нь мэдэж байгаа учраас хүмүүсийг эрүүл мэндээр нь хохироохгүйг хичээдэг. Харшлын тарилгыг өндөр тунгаар хэрэглэснээр чихрийн шижинтэй болж, цусны даралт ихэснэ. Цусан дахь кальцийн хэмжээг багасгаснаар ясны сийрэгжилттэй болно. Энэ байдал даамжирвал багахан түлхэлтээр ч яс хугарах асуудал үүснэ.

-Та хүмүүс харшлын тариаг олон давтамжтайгаар хийлгэдэг гэлээ. Мэдлэг мэдээлэлгүйгээсээ болоод эрүүл мэндээрээ хохироод байна уу. Эсвэл мэддэг мөртлөө өөрсдийгөө эрсдэлд оруулдаг уу?

-Энэ талаар бид үзүүлж байгаа хүн болгонд зөвлөдөг. Эмчээс асуухгүйгээс харшлын тариаг сар болгон хийлгэдэг хүн байна. Зарим хүн бүр долоо хоног бүр хийлгэдэг. “Хятадад харшил дардаг тариа байна” гээд түүнийг оруулж ирээд нэг нэгэндээ хийгээд байна. Тариаг ойр ойрхон хийх тусам гаж нөлөө ихэснэ. Жилдээ харшлын тариаг ганц нэг хийлгэдэг хүмүүст одоохондоо шинж тэмдэг илрэхгүй. Харин нас нь яваад ирэхээр яс нь сийрэгжиж, кальци нь багасч, гаж нөлөө нь илэрдэг.

-Тариаг өндөр тунгаар хийлгээд байхаар нөхөн үржихүйн насныхны үр тогтоох магадлал буурдаг гэдэг нь хэр бодитой мэдээлэл вэ?

-Ерөнхийдөө нөхөн үржихүйн насныханд харшлын тариа хийхгүй гэж хориглоод байгаа. 40-өөс доош насныхан битгий хийлгээрэй гэж захидаг. Үүнийг сонссон, мэддэг мөртлөө биелүүлж байгаа хүн ховор байна шүү дээ.

-Харшил удамшдаг өвчин үү. Эцэг, эхчүүд “Миний хүүхэд намайг дуурайгаад харшилтай’’ гэх юм?

-Харшил бусдад халдварлахгүй ч удамшина. Эцэг, эх ньхаршилтай бол хүүхдэд удамших магадлал 50 хувь байдаг. Гэхдээ төмрийн харшилтай ээжээс адилхан харшилтай хүүхэд төрдөг гэж ойлгож болохгүй. Ямар нэг зүйлд харшламтгай шинж генд нь удамшдаг. Ингэснээр хүүхэд багадаа харшилгүй байсан ч насанд хүрээд ямар нэг зүйлээс харшилтай болох магадлал өндөр болдог гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс зөвлөгөө авахаар ирж байгаа хүүхэд залуусаас аав ээжийнх нь харшилтай эсэхийг тодруулдаг. Хэрвээ харшилтай гэвэл. хориглох зүйлийг хэлж, зөвлөдөг. Тухайлбал, ургамлын харшилтай бол хөдөө явахдаа болгоомжтой байж хээр гадаа унтаж болохгүй, гэртээ таримал цэцэг байлгахгүй зэрэг эрсдэлээс сэргийлэх зөвлөгөө өгдөг.

-Хүмүүс голио, царцаа хэрэглэвэл харшилгүй болно гэдэг. Эмчилгээний ийм арга бий юү, хэрэглэж байгаа хүмүүст эрсдэлтэй юү?

-Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй биш. Хүмүүсийн ам дагаж хийдэг эмчилгээний арга. Аргаа барсан хүмүүс л голио залгиж байгаа шүү дээ. Мал эмнэлгийн хүрээлэнгээс голио царцааны бэлдмэл гаргаж байна. Ер нь голио царцааны хатуу бүрхүүлд хүний дархлаа дарангуйлах бодис байдаг. Түүнийг нь Мал эмнэлгийн хүрээлэнгийн ашиглаж бэлдмэл гаргаж байгаа хэрэг. Энэ бэлдмэлийг харшлын үед хэрэглэж, эмчилдэггүй. Харшлын намжмал үед дархлаа дарангуйлах зорилгоор хэрэглэнэ гэхээс биш шинжлэх ухааны талаас харшлыг эмчилнэ гэж ойлгож болохгүй.

-Харшлын үеийн шок гэж юуг хэлээд байна вэ. Амь насанд аюултай юу?

-Ургамлын харшилтай хүн цэцэг ногоо ид дэлгэрэх үед хэрэглэж болохгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс үүдэн үүсдэг зүйлийг хэлдэг. Ялангуяа улиасны харшилтай хүн модонд ургадаг алим, лийр, тоор жимс идэж болохгүй гээд зөвлөөд байхад идчихдэг. Тэр дороо уруул нь хавддаг. Ургамлын харшилтай хүнийг зуны улиралд түүхий ногоо битгий идээрэй гэхээр өргөст хэмх, улаан лооль иднэ. Үүнээс болж хоолой нь боогдоод шоконд ордог. Өөрөөр хэлбэл, амьсгалын систем дарангуйлдаг, амьсгал боогдож, зүрх зогсдог. Харшлын шоконд орсон хүн амиа алдах аюултай. Тиймээс хэрэглэхийг хориглосон зүйлээс татгалзах зайлшгүй шаардлагатай юм.

Эмийн харшлын үед бас л шоконд орох уу?

-Тэгнэ. “Харшилдаг эм тангаа битгий уугаарай” гэхээр мартаад уусан тохиолдол цөөнгүй гардаг. “Эмийн харшил хэзээ ч эдгэхгүй шүү” гээд байхад хэдэн жилийн дараа одоо зүгээр гэж хэрэглээд шоконд ордог. Тиймээс бид хүмүүсийн картын нүүрэн талд ямар зүйлд харшилдгийг нь бичиж өгдөг юм. Тэдэнд “Эмчлүүлэхээр очсон эмч болгондоо ийм эмэнд харшилтай гэдгээ хэлж байгаарай” гэж захидаг. 

-Хүмүүс зарим харшлыг бохироос үүдэлтэй гэдэг. Гэтэл хэт их цэвэрхэн байдал эргээд харшилтай болох эрсдэл дагуулдгийг эмч нар хэлдэг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Харшлыг “XX зууны өвчин” гэдэг. Нийгэм хөгжиж, сайхан болох тусам харшлын өвчин нэмэгдэж байна. Америк, Япон улсад харшилтай хүн олон гэдэг. Японд ихэвчлэн ахуйн чанартай зүйлээс шалтгаалсан харшил давамгайлдаг. Зөөлөн тоглоом, буйдан, хивс хивсэнцэр зэргээс үүдсэн тоосны хачиг ихтэй. Манай улсад агаарын бохирдолтой учир гаднах тоосжилт давамгайлдаг. 

-Их хотын амьдралд автомашины түгжрэл, хар бараан мэдээлэл иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Ер нь стрессээс үүдэлтэй харшил гэж бий юү?

Стрессээс шалтгаалдаг харшил гэж бий. Ихэвчлэн арьсны харшлууд тохиолддог. Ядрах, нойргүй байх, ажлын ачаалал ихдэх, шөнө олон цагаар ажилладаг хүн ийм төрлийн харшилтай болох эрсдэлтэй.

Мөн сүүлийн үед компьютер, гар утасны хэт их хэрэглээнээс шалтгаалан нервийн гаралтай харшилтай хүний тоо нэмэгдэж байна. Түүнчлэн таны хэлснээр автомашины түгжрэл, хэрүүл шуугиан, сэтгэл санаагаар унах зэрэг ч харшилтай болоход нөлөөлнө. Тиймээс хүмүүс тайван байж, сайн унтаж амрах нь чухал юм. 

-Зовиургүй өвчин гэж үгүй. Дээр дурдсан харшлаас хамгийн эрсдэлтэй буюу зайлшгүй анхаарах шаардлагатайг нь онцолбол?

-Амьсгалын замын харшил нь гуурсан хоолойн багтраагаар хүндэрдэг. Үүнийг астма гэдэг. Астматай хүмүүс амьсгалын замын дутагдлаар амиа алдах аюултай. Эмийн харшилтай хүмүүс эмийн харшлын шоконд орно. Зүрх судас, амьсгал дарангуйлахаас гадна хоёр дахь хэлбэр нь арьсан дээр туурдаг. Өөрөөр хэлбэл, арьсны өнгөн давхаргууд цэврүүтэн хуурч унадаг. Мөн эмийн харшил байна. Эм эсвэл тариаг хэрэглээд л газар дээрээ зүрх нь зогсдог. Тиймээс эмийн хэрэглээнд анхаарах шаардлагатай гээд байгаа юм. Дараагийнх нь стресс, нервээс үүссэн мэдрэлийн гаралтай арьсны харшлын өвчин байна. Тиймдээ л харшилтай зүйлээсээ сэргийлж байх ёстой.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
604080
2 эможи

Л.ган Долгор
2023-06-20 23:44
Литкан тарианы харшилтай эмчилгээ байна юу,,,,?
keyboard_arrow_up