31 мянган хүүхдээс 1,700 нь шүдний өвчлөлгүй гэж тогтоогджээ
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд ердөө cap гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий бөгөөд эхний ээлжид буюу энэ оныг дуустал 2-6 насны 366 мянган хүүхдийг дээрх хөтөлбөрт хамруулж байгаа гэнэ.
Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Ингэснээрээ 2-6 настай болон зайлшгүй эмчлэх шаардлагатай 12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх юм.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлгүүдэд хяналт тавьж сонгон шалгаруулалт явуулснаар 199 эмнэлэг “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт тэнцсэн байдаг. Тэдгээр эмнэлгүүд 60 мянган төгрөгт багтах эмчилгээг 2-6 настай хүүхдэд үзүүлэх учиртай. АНУ-д тухайн хүнийг ажилд авахдаа эрүүл шүдтэй эсэхийг ихэд анхаардаг нь аливаа өвчний эхлэл шүднээс үүдэлтэй гэж үздэгт аж.
Учир нь байгууллагын үйл ажиллагааг тогтвортой явуулахад ажилчдын эрүүл мэнд хамгаас чухал гэнэ. Энэ нь ч гарцаагүй үнэн билээ. Гэтэл манай улсын хүүхдүүдийн 87-96.2 хувь нь шүд цооролттой, нэг хүүхдийн аманд л гэхэд ямар нэгэн “асуудал”-тай найман шүд байгаа нь энэ салбарынхны хийсэн судалгаагаар илэрчээ.
Мөн түүнээс гадна 5-6 насны хүүхдийн 67.5 хувь нь буюу гурван хүүхэд тутмын хоёр нь эрүү, нүүр орчмын тунгалгийн булчирхайн үрэвсэлтэй байгааг хөтөлбөр хэрэгжиж эхлэх үед холбогдох албан тушаалтнууд онцолж байсан. Энэ мэт шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний их үүсвэр болдог учир бага насны хүүхдүүдийн шүдний эмгэгт анхаарах зайлшгүй шаардлага манай улсад байна. Тэгвэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний нэг сарын хугацаанд ямар үр дүнд хүрсэн бол.
Бид эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан сонгон шалгаруулалтад тэнцсэн шүдний эмнэлгүүдийн жагсаалтаас Баянзүрх дүүрэгт байрлах “Индранил” эмнэлгийг зорьж очив. Эмнэлэг рүү ороход бага ангийн хоёр сурагч эмчид үзүүлэхээс өмнө амаа зайлж харагдлаа. Сувилагчаас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан эсэхийг тодруулбал, “Манай эмнэлэг энэ чиглэлээр үйлчлэхгүй байгаа. Нэрээ татаад авчихсан” гэв.
Тиймээс бид “Индранил” эмнэлэгтэй хамгийн ойр байрлах хөтөлбөрт хамрагдсан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, эмчлүүлэгч нартаа хэдийнээ танил болсон “Их зайсан” эмнэлгийг зорилоо. Эмнэлгийн хаалгаар ороход хүлээлгийн сандалд ахмад настнууд суужээ. Төд удалгүй дөрвөн настай хүү нулимсаа арчин ээжийнхээ гараас хөтлөн эмчилгээний өрөөнөөс гарч ирэв.
Ээж нь түүнд “Чиний шүдийг гоё болгох гэж байхад уйлаад байх юм" гэсээр хаалгаар гарав. Хүүгийн ээж Б.Энхжаргалаас цөөн асуулт лавлахад “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрийн хүрээнд гурван удаа ирж үзүүлж байна. Манай хүүхэд сувгийн эмчилгээ хийлгэсэн. Гурван удаа ирэхэд нэгэнд нь ч мөнгө аваагүй. Энэ хөтөлбөр хүүхдийн эрүүл мэндэд томоохон хөрөнгө оруулалт хийж байна” гээд хөтөлбөр хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Бид хүлээн авах үйлчилгээний ажилтан руу ойртож, ширээн дээрх материалуудтай танилцав. Ямар эмчилгээнд хэдэн төгрөг авдаг, эмчилгээ хийлгэхээс өмнө, хийлгэсний дараа анхаарах зүйлс, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт шалгарсан бөгөөд Баянзүрх дүүргийн 2-6 насны хүүхдийн шүдний үзлэгийг (60 мянган төгрөгт багтаан) хийж эхэллээ” зэрэг мэдээлэл байв.
Уг эмнэлгийн хүүхдийн үзлэгийн цаг зургаан сарын 20 хүртэл дууссан байх бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш ачаалал эрс нэмэгдсэнийг эмнэлгийн угтах үйлчилгээний ажилтан хэлж байв. Төд удалгүй цагаасаа хоцорчихсон янзтай ахимаг насны эмэгтэй ач хүүгээ дагуулан орж ирэв. Сувилагч тэднийг түр хүлээж байгаад ороорой гээд хүлээлгийн сандалд суулгалаа. Эмээтэй хамт яваа хүү ийш тийш үсрэн харайж зэмлүүлнэ.
Иргэн Ч.Оюунцэцэгийг ач хүүгээ эмчид үзүүлэхээс өмнө “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн талаар хэсэг ярилцав.
-Та хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа юу?
-Би өөрийнхөө шүдийг үзүүлэхийнхээ хажуугаар хүүгээ үзүүлэх гээд энэ эмнэлэгт хөтөлбөрийн хүрээнд хоёр дахь удаагаа ирж байна. Эхний удаад шүдийг нь авах шаардлагатай байсан тул 10 мянган төгрөгөөр авахуулсан. Уул нь шүд авахад мөнгө авах ёсгүй гэж бодож байсан юм. Ямар эмчилгээнд төлбөр авах ёстой гэдгийг мэдэхгүй болохоор өгч л орхисон. Эмнэлгийн хувьд гэртээ ойрхон төдийгүй сайнд тооцогддог учир сонгон үйлчлүүлдэг.
-Танай ач одоо ямар эмчилгээ хийлгэх ёстой вэ?
-Ач маань уг нь чихэр иддэггүй юм. Гэтэл дөрвөн араа нь хорхойтсон. Нэг нь буйл руугаа ургасан байна гэсэн болохоор авахуулсан. Чихэр идээгүй ч шүд хорхойтдог учир нь Д витамин дутагдсанаас тэр юм гэсэн. Одоо сувгийн эмчилгээ хийлгэнэ.
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэр үр дүнтэй санагдаж байна вэ?
-Угтаа энэ ажил маш зөв юм. Өнөө цагт шүдний өмчлөл дэндүү гэмээр газар авлаа. Тиймээс энэ хөтөлбөрийг цаашид удаан хэрэгжүүлэх нь сайн үр дүнд хүргэнэ гэж итгэж байна.
Эмээ, ач хүү хоёр надтай ярилцаж дуусаад сувилагчийн заавраар эмчийн өрөө рүү орлоо. Тэднийг орсны дараа 11 настай охиноо дагуулсан эмэгтэй хөтөлбөрийн хүрээнд үзүүлж болох уу гэж асуухад “Манайх 2-6 настай хүүхдүүдийг үзэж байгаа.
Харин 12 хүртэлх настай хүүхдүүдийг үзэж байгаа 5-6 эмнэлэг байгаа гэж дуулсан. Хаана байршилтайг нь мэдэхгүй байна” гэв. Ээж, охин хоёртой мөр зэрэгцэн гарч, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн шүдний тасгийг зорив. Тус эмнэлгийн шүдний эмч “Энэ хөтөлбөр өмнө нь хэрэгжиж байсан ч төсөв санхүүгийн асуудлаас болоод зогсож байсан. Сайшаалтай нь хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш манай эмнэлгийн ачаалал бага зэрэг багассан.
Гэхдээ хүүхдүүд хувийн эмнэлгээс 60 мянган төгрөгт л багтсан эмчилгээ авч байгаа болохоор эмчилгээгээ бүрэн гүйцэт авч буй нь эргэлзээтэй. Тиймээс бусад эмчилгээг улсын эмнэлэгт ирж үзүүлэхээс өөр арга байхгүй байна” гэсэн юм. Тус эмнэлэгт хүүхдээ үзүүлэхээр дараалалд сууж буй эмэгтэйгээс “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрөөр дамжуулж хувийн эмнэлэг хүүхдэд 60 мянган төгрөгийн үнэ бүхий эмчилгээ хийж байгааг мэдсэн болов уу гэхэд “тийм мэдээлэл аваагүй юм байна” гэсэн юм.
Улсын болон хувийн эмнэлгүүд аль аль нь ачаалал ихтэй байгаа бөгөөд хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь эцэг, эхчүүд өөрийн сонгосон эмнэлэгтээ үзүүлэх боломж нээгдээд байгаа.
Уг хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах үүднээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Баттулгаас тодруулга авлаа.
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар ямар түвшинд явж байна вэ?
-Уг хөтөлбөр 2019 оны дөрөв-дүгээр сарын 8-наас систем нь бэлэн болж хэрэгжиж эхэлсэн. Нийт 199 хувийн эмнэлэг шалгаруулалтад тэнцэж одоогоор 154 эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж 2-6 насны хүүхдүүдэд үйлчилж байна. Өнөөдрийн байдлаар 31.6 мянган хүүхдэд 60 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр амны хөндийн эрүүл мэндийн үзлэг эмчилгээг хийгээд байна.
-Эмнэлгүүд 2-6, 2-12 насны хүүхдийг үзнэ гэсэн ялгаатай насны заалт тавьсан байх шиг байна?
-Даатгалын сангаас 2-6 настай хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх ёстой гэж төсөв нь батлагдсан. Гэхдээ шаардлагатай тохиолдолд 7-12 настай хүүхдүүд энэхүү үйлчилгээг авч болно гэж заасан байгаа.
-Ямар, ямар төрлийн эмчилгээг 60 мянган төгрөгт багтаан авч болох вэ?
Батлагдсан журмаараа долоон төрлийн эмчилгээг хамруулсан. Үүнд,
- Шүд цоорлын эмчилгээ
- Сувгийн эмчилгээ
- Урьдчилан сэргийлэх, эрдэсжүүлэх түрхлэг
- Сүүн шүдний цооролт багасгах түрхлэг
- Шүдний ховил бүтүүлэх
- Шүд авах
- Зөвлөгөө өгөх юм.
Нэг удаагийн үйлчилгээнд 60 мянган төгрөг улсаас тухайн эмнэлэгт олгоно. Гэхдээ хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг бүрэн эрүүлжүүлэх гэсэн үүргийг эмнэлэг хариуцаж байгаа учир хэдэн ч удаа ирсэн эмчлэх ёстой. Эмнэлгүүдтэй байгуулсан гэрээнд үүнийг тодорхой тусгасан байдаг.
-Өнгөрсөн нэг сард харж байхад хүүхдүүд ихэвчлэн шүдний ямар төрлийн өвчлөлийн улмаас эмнэлэгт хандаж, эмчлүүлж байх юм?
-Цоорлын эмчилгээ, сүүн шүдний цоорлыг зогсоох түрхлэг эмчилгээг ихэвчлэн авч байна. Мөн сувгийн, урьдчилан сэргийлэх түрхлэг түрхүүлдэг болохыг хувийн эмнэлгүүдийн манай байгууллагад явуулдаг мэдээллээс харлаа. Мөн сонирхуулахад, эмнэлэгт хандсан 31 мянган хүүхдийн 1,700 нь шүдний ямар нэгэн өвчлөлгүй гэж тогтоогдсон.
-Бид жагсаалтад байгаа зарим эмнэлгүүдэд очиж хөтөлбөр хэрэгжиж байгаа эсэхийг лавласан. Тэгэхэд зарим нь нэрээ татаж авсан, хөтөлбөрт хамрагдахгүй байгаа гэж байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн жагсаалтыг гаргасан болов уу?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж эрүүл ахуйн шаардлага хангаагүй тохиолдолд зарим эмнэлгийн эрхийг түр хугацаанд хааж байгаа. Үйл ажиллагааг хаасан, хөтөлбөрөөс татгалзсан зэрэг шалтгаанаар хөтөлбөрт хамрагдахгүй байгаа эмнэлгүүдийн тоо одоогоор алга.
-Хяналт шалгалт явуулж байгаа гэж хэллээ. Тэгвэл дээр нэр дурдагдсан долоон төрлийн эмчилгээг хөтөлбөрийн эмчилгээний зааварт ороогүй гэж үгүйсгэн төлбөр авч байгаа эмнэлэгт ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хяналт шалгалт нь зөвхөн эрүүл ахуйн шаардлагад хяналт тавьж байна. Харин таны хэлсэнчлэн зөрчил гаргаж буй эмнэлгүүдийг иргэд даатгалын хэлтэс болон бусад байгууллагад гомдол гаргаж болно.
-“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан шүдний эмнэлгүүд харьяаллын дагуу үйлчилгээ үзүүлэх үү, эсвэл?
-Хөтөлбөр анх хэрэгжиж эхлэх үед харьяаллын дагуу үзнэ гэж яригдаж байсан. Гэхдээ иргэд харьяаллаасаа өөр эмнэлэгт тогтмол үзүүлдэг эсвэл хөдөө орон нутгаас ирсэн иргэд хотод үзүүлэх шаардлагатай байдаг учир харьяалал харгалзахгүй үзүүлнэ гэж хөлбөрийг баталсан.
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн явцыг нэхэн сурвалжлахад ийм байлаа. Юутай ч ганцхан сарын доторх үр дүн гэхэд чамлахааргүй хүүхэд эмнэлгүүдэд хандаж эмчилгээ, үйлчилгээ авчээ.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин