"Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн цахим хурал боллоо
Уг хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, Г.Соёлгэрэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Н.Гэрэлмаа болон УБ хотын дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтнүүд оролцов.
Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг оны эхний хагас жилийн байдлаар товч мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд нийт 1521 төрөлт бүртгэгджээ. Энэ оны эхний 6 сарын нийт төрөлтийг өнгөрсөн оны 6 сарынхтай харьцуулхад 3,6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Дараагийн төлөвлөсөн ажил нь сургуулийн эмч нарын зөвлөгөөнийг ЭМЯ, БСШУЯ-тай хамтран хийхээр болсон явдал юм. Зөвлөгөөнөөр сургуулийн эмч нарын ажлын байрны стандарт, тодорхойлолтыг гаргах, гарын авлагыг бэлтгэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэхэд анхаарал хандуулна гэсэн үг юм.
Эрүүл мэндийн сайд, нийт эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэхээр ирсэн харьяаллын бус ямар ч өвчтөнд шаардагдах эмчилгээ, үйлчилгээг хийсний дараа харьяаллын эмнэлэгт шилжүүлж байхыг үүрэг болголоо.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэлээ. “Эх, хүүхэд бүрт үйлчилье ” сэдвийн хүрээнд тус аймгийн өрхийн эмч нар айл, өрхөөр явж 217 хүнд мэдээлэл өгсөн бол эрүүл мэндийн ажилтнууд сум, багт ажиллаж, 564 иргэнд эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа өгсөн. Түүнчлэн 14 эмч, мэргэжилтэн ОХУ-ын Буриад улсад туршлага судалж байна.
Мөн Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн мэргэжилтэн Б.Дэлгэрмаа дээрх чиглэлээр “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Тус дүүргийн эрүүл мэндийн нэгдэл нь 193,689 хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байна.
Дүүргийн эмзэг бүлгийн 53 хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, дүүргийн ЕБС-ийн сургуулийн 11,899 хүүхдэд амны хөндийн эрүүл ахуйн үзлэг, оношилгоог хийж, эмчилсэн байна.
Дараагийн цахим хурлаар Ховд аймгийн эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл хийсэн ажлаа танилцуулахаар болжээ.