“Иргэд үйлчлүүлэгч, эмч, ажилчдын эрсдэлгүй орчинг бүрдүүлцгээе“ САРЫН АЯНЫГ амжилттай зохион байгууллаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 сарын 13-ны хооронд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг “Иргэд үйлчлүүлэгч, эмч, ажилчдын эрсдэлгүй орчинг бүрдүүлцгээе” уриан дор сарын аяныг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү аяны хүрээнд эмч, ажилчдад зориулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, иргэд, үйлчлүүлэгч нарт зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн тохижилт үйлчилгээ, тоног төхөөрөмж, эмчлүүлэгчийн оронд байрлах нэмэлт тавиур, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ивүүр, татах бүс, өргөх бэхэлгээ болон халтиргаа гулгаанаас сэргийлсэн тохижилт, хамгаалах хувцас хэрэгсэл, лавлагааны хэсэгт үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж, эрэмбэлэн ангилалтын зүүлт болон эрүүл мэндийн салбарт жишиг болохуйц “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн танхим”-ийг байгуулсан.
Мөн аяныхаа хүрээнд ХАБЭА-н чиглэлийн мэдээллийн самбар, заавар, зөвлөмжийг шинэчилж, эрсдэл өндөртэй ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ хийж, “Итгэл сургалтын төв”-тэй хамтран “Ажлын байрны эрсдэл” сургалт, тасаг нэгжүүдэд “Эрүүл аюулгүй орчин-Итгэл төрүүлсэн үйлчилгээ” хэлэлцүүлгийг тус тус зохион байгууллаа.
Тус аян аяны хүрээнд эмнэлгийн орчны нөхцөлийг сайжруулах, ажиллах таатай орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н дүрэм журмыг сурталчилан таниулж мөрдлөгө болгон ажиллах, тасаг, нэгжийн ажилчдын шинэ санал санаачлагыг нээн цаашид нэвтрүүлэх зорилготой өдөрлөг болон болзолт уралдааныг зохион байгуулсан бөгөөд нийт 20 тасаг, нэгж оролцон хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулснаас Мэдрэл судлалын тасаг, Мэдрэлийн мэс заслын тасаг, Дэмжин туслах үйлчилгээний тасаг, албад, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг, Зөвлөх поликлиник, Уушги судлалын тасаг, Гемодиализийн эмчилгээний тасгууд бусдыгаа манлайлан шагналт байруудад тус тус шалгарлаа.