Олон улсын сувилагчийн өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриатай тэмдэглэж байна
Жил бүрийн 5-р сарын 12-ныг Олон улсын сувилагчийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг энэ жил “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэх юм. Энэ удаагийн тэмдэглэлт өдрийн онцлог нь хүн амын хорт дадал, зуршлыг бууруулж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад сувилагчийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд сувилагч мэргэжилтнүүдийнхээ эрдэм судлалын ажлыг дэмжиж, нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх, мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, сувилахуйн шинжлэх ухааны шинэ арга технологийг нэвтрүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа.
Мөн “Эрүүл мэндийн байгууллагын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулсан. Энэ жилийн олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэх хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажлын тайлан, ханын самбар, биет үзүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны 50 гаруй ханын илтгэл үзэсгэлэнд тавигдлаа.
Түүнчлэн өнөөдөр “Хүндэтгэлийн арга хэмжээ”-г зохион байгуулсан. Үүнд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од, ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица, ДЭМБ-ын зөвлөх Б.Ганбат, ЭМЯ/ЭТГ-ын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, НЭМҮТ Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Гантуяа, сувилахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, төв, тусгай мэргэжлийн эмнэлгийн дарга нар урилгаар, 21 аймаг, 9 дүүрэг, төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн сувилахуйн албадын дарга нар нийт 140 гаруй сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нар төлөөлөгчөөр оролцлоо.
Түүнчэлэн олон улсын сувилагчдын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор тэмдэглэх ерөнхий удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд, 100.000 иргэнийг сургалтад хамруулж, 80.000 иргэнд гар угаах хэрэгсэл (Гоожуур, шингэн саван, спиртэнд суурилсан гар ариутгагч), 2000 өрхөд цэвэр ус хадгалах зориулалтын сав тараасан байна.