Ж.Цолмон: АШУҮИС судалгааны их сургууль болно
АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонг өнөөдрийнхөө ярилцлагад урьж оролцуулж байна.
-АШУҮИС сүүлийн үед олон үйл явдлаар дүүрэн байх шиг. “Агаарын бохирдол ба Эрүүл мэнд” эрдэм шинжилгээний үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж, Нобелийн шагналтныг урьж оролцуулсан. Хамгийн гол нь гарах гарцуудыг шинжлэх ухааны нотолгоотой гаргаж тавьсан байсан нь их ач холбогдолтой санагдсан. Ирэх долоо хоногт танай “Эрдмийн чуулган-61” болох гэж байна. Чуулганыхаа талаар ярьж сонирхуулна уу?
-Тиймээ, манай сургууль сүүлийн сар эрдмээр амьсгалж байна. Олон сайхан үйл явдлууд болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Агаарын бохирдол ба Эрүүл мэнд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, Нобелийн шагналтан К.Смит тэргүүтэй эрдэмтэд хүрэлцэн ирсэн, Эрдмийн сургуулиа нээлээ, АШУҮИС-ийн эмнэлгийнхээ барилга, тоног төхөөрөмжөө хүлээж авлаа, их сургуулийнхаа дүрмийг Эрүүл мэндийн сайдаараа батлууллаа, өнөөдөр эмнэлгийнхээ улсын бүртгэлийн гэрчилгээгээ гардан авлаа гээд дурдаад байвал өчнөөн сайхан үйл явдлууд болж байна. Дөрөвдүгээр сарын 23-нд “МОНГОЛЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДМИЙН ЧУУЛГАН-61” эрдмийн нэгдсэн чуулган маань болох гэж байна. Энэ чуулганаараа АШУҮИС-ийн эрдэмтэн, багш судлаачид маань эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа дүгнэн хэлэлцдэг уламжлалтай бөгөөд түүхэн хөгжлийнхөө 77 жилд 61 дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Бид уламжлал ёсоор эмнэлзүй, био-анагаах, монгол анагаах ухаан, нийгмийн эрүүл мэнд, нүүр ам судлал, эм зүй, сувилахуй, анагаах ухааны боловсрол судлалын салбар хуралдаануудыг гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд зохион байгуулж, нийт 559 эрдэм шинжилгээний бүтээлээс 90 аман илтгэл, 140 ханын илтгэлийг сонгон хэлэлцүүлсэн. Салбар хуралдааны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн нь судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхээр зорин ажиллаж буй АШУҮИС-ийн эрдмийн хамт олонд маш том урам, дэмжлэг болсон. Энэ нь зөвхөн биднийг биш Монголын дээд боловсролыг дэмжиж байгаагийн тод илэрхийлэл гэж бодож байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд шилдэг аман, ханын илтгэл, эмнэл зүйн тохиолдол, инновацийн бүтээгдэхүүн, судлаач оюутан, шилдэг судлаачийн гээд нийтдээ 40 гаруй бүтээлийг тус тус танилцуулахаар байгаа. 2018 онд манай эрдэмтэн, багш судлаачид олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 50 орчим өгүүлэл хэвлүүлж, ном сурах бичиг, оюуны өмч, стандарт, техникийн заавар, зөвлөмж зэрэг нийт хоёр мянга орчим бүтээл туурвиж, 2019 онд өнөөдрийн байдлаар дотоодын болон олон улсын санхүүжилттэй нийт 75 төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
-Их сургуулиуд судалгааны сургууль болно гээд л байх юм. Их сургуулийн гол ажил нь судалгаа хийх юм биш үү. Огт судалгаа хийдэггүй байгаад л гэнэт судалгаа хийж эхлэх гэж байгаа юм шиг л яриад байх байх юм. Ер нь судалгааны сургууль юугаараа ялгаатай юм бэ?
-Таны ойлголт нэг талаар зөв. Их сургуулийн өөрийнх нь үндсэн үүрэг нь судалгаа хийх. Гэтэл манай ихэнх их, дээд сургуулиуд сургалтад суурилсан үйл ажиллагаатай, өөрөөр хэлбэл ахисан түвшний сургалтууд, судалгаа шинжилгээний ажил нь төдийлөн хөгжөөгүй, бакалаврын сургалт зонхилсон хэлбэрээр явж ирсэн. Үүнийг олон эрдэмтэд ярьж байна. Монгол Улсад судалгааны их сургууль байгуулах талаар 1990-ээд оноос эхлээд яригдаж байсан юм бил ээ. Би АШУҮИС дээр ярья л даа. Манай сургууль судалгааны сургууль болохын тулд зоригтой цогц шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Бусад улс орнуудын судалгааны их сургуулийн жишгээс харахад судалгааны их сургууль болоход дэлхий нийтийн шинжлэх ухааны чиг хандлага, судалгааны тэргүүлэх чиглэл, тухайн улсын өрсөлдөх чадвар дээр үндэслэсэн төгсөлтийн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байдаг юм билээ. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж судалгаа хийдэг дэлхийн шилдэг эрдэмтдээс бүрдсэн баг, судалгааны орчин, судалгаа явуулах хөрөнгө мөнгө энэ гурвыг зөв шийдэж чадсан харагддаг. Ингэж л чадах юм бол судалгаанд суурилсан их сургууль болж хөгжих боломж бүрддэг юм байна. Дээрээс нь шинжлэх ухаанд дуртай, судалгаа шинжилгээ хийх сонирхолтой, оюуны өндөр чадвар, чадамжтай шилдэг залуучуудыг сонгож суралцуулж, бэлдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, суралцах, элсэх критери, шаардлага өндөр байх ёстой байдаг. Зөвхөн мэдлэгтэй биш, ур чадвар, сэтгэлтэй байж л шинжлэх ухааныг хөгжүүлдэг байна. Түүнчлэн ахисан түвшний буюу төгсөлтийн сургалт, эрдэм шинжилгээний ажил зөв явахын тулд эрдмийн зөвлөл, хөтөлбөрийн зөвлөл, гүйцэтгэх зөвлөлүүд чухал үүрэгтэй ажилладаг. Манайд гүйцэтгэх зөвлөл байхгүй байгаа. Гүйцэтгэх зөвлөл бол төгсөлтийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж сургалтыг зохион байгуулдаг гол нэгж юм. Үүнд хөтөлбөрийн удирдагч чухал үүрэгтэй байдаг. Хөтөлбөрийн удирдагчийг судалгааны баг, лаборатори, төв, хүрээлэнгүүдийн профессорууд, эрдэмтэдтэй холбох үүргийг координаторууд хариуцдаг. Ийм л тогтолцоо нийтлэг байдлаар ажилладаг юм билээ. Энэ тогтолцоог бүрдүүлэхээр манай хамт олон ажиллаж байна. Үүнд дэмжлэг болох бүтэц бол мэдээж эрдмийн зэрэг хамгаалуулах процессийг олон улсын жишигт хүргэж, шат дамжлагуудыг цөөлж, энгийн ойлгомжтой, хүнд сурталгүй болгох асуудал байгаа. Профессоруудын ур чадвар, үр дүн, хариуцлагад суурилсан тогтолцоонд шилжиж, профессоруудад тавьдаг шаардлагыг өндөрсгөх нь судалгаанд суурилсан их сургууль болоход нэлээн дэмжлэг үзүүлэх болно.МУИС их дээд сургуулиудын дунд “Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлэг явуулж, энэ асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэх, туршлагаа солилцох боломж олгосон сайхан арга хэмжээ зохион байгуулсан.Дараагийн хэлэцүүлгийг манай сургууль хийхээр болсон.
-Энэ тогтолцоог тэгээд яаж бүрдүүлэх юм. Нэлээн хугацаа шаардагдах бололтой, танай сургуулийн шинэчлэлийн байдал хэр явцтай байна?
-Нэгэнт Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 282 тоот тогтоолоор батлагдсан “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” гарчихсан, мөн бид сургуулийнхаа хөгжлийн бодлогыг тодорхойлчихсон, маш том зорилго тавьчихсан хойно ухрах зам байхгүй. Алдаа оноотой ч өнөөдрийн түвшнээ ахиулж, хүрсэн амжилтаа бататгаж шинжлэх ухааны ололтод тулгуурлан, мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэд болон өндөр технологийг нэвтрүүлэх, тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар орчин үеийн судалгааны их сургууль болох эрх зүйн орчин, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны шинэчлэлийг цогцоор нь хийх шаардлага зайлшгүй гарч байна. Эрдэм шинжилгээний ажлын гол цөм болсон магистр, докторын судалгааны ажлыг чанарын шинэ шатанд гаргах, олон улсад өрсөлдөхүйц мэдлэг, ур чадвартай судлаач бэлтгэх зорилгоор 2018 оны 10 сард Эрдмийн сургуулийг үүсгэн байгуулсан нь бидний шинэчлэлийн эхлэл болсон. Судалгаа шинжилгээний ажил хийх, академик эрх чөлөөг дэмжсэн, багш судлаачдад ээлтэй эрх зүйн орчинг зохих хэмжээнд бүрдүүлэх үүднээс АШУҮИС-ийн судалгааны хүрээлэн, төв, лаборатори, эрдэм шинжилгээний төсөл, хөтөлбөр, технологи, инновацийг дэмжих хуримтлал бүрдүүлэх, шинжлэх ухаан технологийг дэмжих сан, оюуны өмч, технологи дамжуулах гээд долоон журмыг шинэчлэн болон шинээр боловсрууллаа. Мөн судалгааны төсөл боловсруулах, баг бүрдүүлэх, санхүүжилт олох, олон улсын сэтгүүлд бүтээл хэвлүүлэхэд хэлний болон боловсруулалтын зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг бүрэн эхээр ашиглах таатай орчин нөхцлөөр хангах үүднээс Судлаачийг дэмжих төв, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гарааны компанийг бойжуулах, оюуны өмчийг бүртгэх, зөвлөгөө өгөх зорилгоор Инноваци, технологи дамжуулах төвийг ажиллуулахад бэлэн болгоод байна. Түүнчлэн, тэргүүлэх чиглэлийн төрөлжсөн судалгааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсад анх удаа Тархи судлалын хүрээлэнг үүсгэн байгуулж байгаа нь салбар дундын ахисан түвшний судалгааны платформыг дэмжих, эрдэм шинжилгээний ажлын чанарыг өндөр түвшинд хүргэх цаашлаад Монгол Улсын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулах эхлэл тавигдах юм. Миний бие хоёрдугаар сард БНХАУ-ын тархи судлалын хамгийн анхны бөгөөд хамгийн шилдэг эрдэм шинжилгээний хүрээлэн болох Шанхай хотын Тархи судлалын хүрээлэнд очиж хамтын ажиллагааны талаар санал тавьсаны дагуу БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мүмин Пүү, Шанхайн Жиаотоны их сургуулийн захирал Гуочиан Чен нарын эрдэмтэд бидний урилгыг хүлээн авч манай эрдмийн чуулганд хүрэлцэн ирж байгаа нь бидний үйл ажиллагааг дэмжихээс гадна бидэнд итгэл үзүүлж, нөгөө талаар тоож байгаагийн илрэл. Энэ удаагийн чуулган шинэлэг бөгөөд олон улсын шинж чанартай болж байгаагаараа түрүүчийн чуулгануудаас онцлог болж байна.Олон улсын жишигт нийцсэн профессорын тогтолцоог хөхиүлэн дэмжиж, үр дүн, судалгааны болон инновацийн бүтээлд суурилсан санхүүжилт, хяналт үнэлгээг бий болгохыг зорьж байна.Бид бусад улс орны судалгааны сургуулиудын туршлагыг сайн судалж, тэдний алдааг давтахгүй байвал богино хугацаанд амжилтад хүрэх боломжтой.
-Их, дээд сургуулиудаа эрэмбэлнэ гэж яриад байгаа.Их сургууль судлаачдаас бүрддэг, тэгэхээр судлаачдаа хэрхэн эрэмбэлдэг юм бэ.Танайх судлаачдаа эрэмбэлэх үү?
-Дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын гурван байгууллага байдгаас манай улс QS байгууллагыг сонгосон.Энэ байгууллага нь манай нөхцөлд илүү нийцсэн, шалгуурууд нь арай уян хатан юм билээ.Би энэ талаар нэг ярилцлагадаа нэлээн дэлгэрэнгүй ярьсан шиг санагдаж байна.Сургуулиа эрэмбэлүүлэхийн тулд эхлээд сургууль дотроо судлаачдаа эрэмбэлж, чансааг нь тогтоох нь зөв. Бид үүний эхлэл болгож энэ жилээс профессорууддаа тавих шаардлагыг нэмэгдүүлж эхэлсэн. Манай сургуулийн профессор жилд дор хаяж нэг эрдэм шинжилгээний өгүүллийг “Скопус” платформд бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн байх шаардлагатай. Эрдэм шинжилгээ, судалгааны оноог дараахь үзүүлэлтүүдээр тооцдог болгосон. Үүнд “Скопус”платформд бүртгэлтэй олон улсын болон дотоодын сэтгүүлд хариуцлагатай зохиогч, нэгдүгээр зохиогч, хамтран зохиогчоор өгүүлэл хэвлүүлэх, патент, бүтээгдэхүүний загвар гадаад ба дотоодод бүртгүүлэх, олон улсын ба дотоодын санхүүжилттэй төсөл хөтөлбөр удирдах. Ингэснээр эрдэмтдийн судалгааны ажлын чанар өсөхийн хажуугаар өрсөлдөөнд суурилсан зарчим үйлчилж, эрэмбэлэгдэнэ. Урд нь үйлчилж байсан журмаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхгүйгээр эрдмийн зөвлөлд суух, ажлын хэсэгт орох гэх мэт үзүүлэлтүүдээр оноогоо бүрдүүлж эрдэм шинжилгээний ажлыг үнэлүүлж байсан нь Монгол Улсад эрдэм шинжилгээ хөгжихгүй, эрдэмтдийн нэр хүндийг унагаасан, хөгжлийг удаашруулсан өнөөгийн байдалд хүргэсэн. Тэгэхээр энэ гаргаж байгаа шийдвэр цаг үеээ олсон, угаасаа дэлхийн их дээд сургуулиудын чиг хандлага, тэдний өмнө тавигдаж байгаа шаардлага юм.Бид үүнийг дагах л учиртай, хэрэв олон улсад өрсөлдөе гэвэл, эрдэмтдийн нотолгоонд суурилсан үр дүнг улс орны бодлого, төр засгийн шийдвэрт тусгаж улс орны хөгжлийг урагшлуулая гэвэл ингэх нь зайлшгүй.Түүнээс гадна профессор цолыг олгох шалгуур үзүүлэлтэд хэрэв судлаач тухайн эрдэм шинжилгээ, судалгааны мэргэжлийн импакт фактор өндөртэй сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн тохиолдолд шууд профессор цолыг авах боломжтой болгож байна.Энэ нь магистр, докторын зэрэг хамгаалуулах тооны хойноос хөөцөлдсөн хэлбэрийг халж байгаа юм.
-Судалгааны их сургууль болоход өөр ямар хүчин зүйл, гарц, шийдэл байна вэ?
-Дэлхийн судалгаанд суурилсан их сургуулиудын жишгээс харахад маш эрчимтэй олон улсын шинж чанартай дараахь үйл ажиллагаануудыг явуулдаг байна: нэгт, олон улсын хэмжээний хамтарсан судалгаа явуулах өргөн боломжийг бүрдүүлэх, үүнд: англи хэл дээр сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад оюутнуудын тоог нэмэгдүүлэх, оюутан солилцооны хөтөлбөрүүдийн тоог нэмэгдүүлэх, гадаадын нэрт эрдэмтдийг урьж багшлуулах, лекц уншуулах, хосолсон дипломын хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёрт, бенчмаркинг хийх, гуравт, мэргэшүүлэх сургалтыг олон улсын түвшинд хүргэх, дөрөвт, олон улсын сургууль болоход төрийн тусгайлсан дэмжлэг шаардлагатай. Манай сургуулийн хувьд дээр дурдсан интернациональчлагдсан арга хэмжээнүүдийг зохих хэмжээнд авч хэрэгжүүлж байна. Үүнд бид ирэх хичээлийн жилээс Нүүр ам судлалын сургууль болон анагаах ухааны сургуулийн зарим мэргэжлийн хичээлийн хөтөлбөрүүдийг англи хэл дээр заахаар бэлтгэл ажлаа хангаж байна, төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн сургалтад суралцаж буй гадаад оюутнуудынхаа тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна, хосолсон дипломын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Тайванийн Чен Куны үндэсний их сургууль, Тайпейгийн анагаах ухааны их сургууль, Эрхүүгийн анагаах ухааны их сургуулиудтай гэрээ байгуулсан, одоо хөтөлбөр боловсруулах ажлаа эхлэх гэж байна, гадаадын багш нарын тоог нэмэгдүүлэх чиглэлээр Энэтхэг улстай хамтран ажиллах гэж байна, Нобелийн шагналтнуудыг урьж лекц уншуулж байна. Бенчмаркийг хэрэгжүүлж байсан туршлага бидэнд бий. Жишээ нь, Гронингенийн их сургуулийн блок сургалтын системийг авч хэрэгжүүлээд явж байгаа, багшийн сургалт, эрдэм шинжилгээ, мэргэжлийн үйл ажиллагааг үнэлэх онооны системийг Ёнсей их сургуулиас авч хэрэгжүүлсэн, одоо их сургуулийнхаа эмнэлэг дээр Токушима, Эхимэ их сургуулиудын менежмэнтийн системийг авч хэрэгжүүлэх гэж байна. Эрдмийн сургууль дээрээ тохирох бенчмаркийг судлаж байна. АШУҮИС эмнэлэгтэй болсноор нотолгоонд суурилсан анагаах ухаан буюу шинжлэх ухааны шинэ нээлт, ололт амжилтууд шууд Монгол Улсын эрүүл мэндийн практикт нэвтэрч нутагших боломж бүрдэж, судалгааны сургууль болох үзүүлэлтийг нэмэгдүүлэх боломж бий болж байгаа юм. Манай сургуулийг олон улсын судалгааны сургууль болоход төрийн тусгайлсан бодлого, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай.
-Оюутнуудын эрдмийн чуулган зохион байгуулагддаг уу. Танай оюутнууд ч мөн эрдэм шинжилгээ, судалгаанд суралцах шаардлага тулгардаг байх.
-Оюутнуудыг судалгааны ажилд татан оруулах, судалгаа хийх арга барил эзэмшүүлэх, судалгааны арга зүйд суралцуулах зорилгоор манай сургууль дээр оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг болон судлаач оюутны 80 гаруй клуб идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.Энэ жил “Оюутны Эрдмийн Чуулган-2019” маань тавдугаар сарын 6-12-ны өдрүүдэд таван салбар хуралдаанаар зохион байгуулагдаж, нэгдсэн чуулган нь 13-нд болно.Өөрөөр хэлбэл салбар бүрийн оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлүүд нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэгдэнэ гэсэн үг. Манай оюутнууд улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байнга амжилт үзүүлдэг.Судалгааны их сургуулийн бас нэг гол үзүүлэлт бакалаврын түвшний сургалт нь мэргэжлийн бус академик шинжтэй суралцагчдад бүтээлчээр сэтгэж, өөрийгөө хөгжүүлэх чадвар олгодог байхад чиглэгддэг.Бакалаврын сургалтаар оюутны эзэмших цогц чадамжийг боловсруулан, төгсөгчид судалгааны арга зүйн мэдлэг, ур чадварт суралцан судлаач болон бэлтгэгдэхээр тусган ажиллаж байна.Хэдийгээр манай оюутнууд судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудад суралцаж байгаа ч Дэлхийн шилдэг их сургууль болох зорилгод хүрэх болоогүй байна.Дээд боловсролын хөгжлийн чиг хандлага сургалтаас судалгаанд суурилсан үйлдвэрлэл, инновацийг хөгжүүлэхэд чиглэж их, дээд сургуулийн чанар, чансааг эрэмбэлэх шалгуурын дийлэнх нь эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой үзүүлэлтүүд эзэлж байна. Иймд аль ч мэргэжлийн бакалаврын сургалтаар төгсөгчдийг судалгаа хийх ур чадварыг эзэмшүүлэхийн тулд бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэх, одоогийн сургалтын хөтөлбөр, судалгаа хийх орчныг сайжруулах, салбарын тэргүүлэх чиглэл, их сургуулийн хөгжлийн бодлого, их сургуулийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл зэрэгтэй уялдуулан оюутны эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, урамшуулах, судалгааны тэтгэлгүүдийг нэмэгдүүлэх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, судалгаан дахь оюутны оролцоог нэмэгдүүлэх шаардлага тулгарсаар байгаа юм.
-Сүүлийн үед анагаах ухаанд дэлхий нийтийг шуугиулсан ямар нээлтүүд хийгдсэн бэ?
-Бид шинжлэх ухааны эрс хөгжлийн эрин үед амьдарч байна.есөн секунд бүрт нэг шинэ эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэж байна. 2017 онд гэхэд л 3.5 сая шинэ бүтээл хэвлэгдсэнээс Монгол Улс 96 судалгааны өгүүлэл хэвлүүлж байж. Үүнээс анагаах ухааны салбараас 33 өгүүлэл олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн байх жишээтэй.2017 онд Анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагналыг био хэмнэлийн молекул механизмыг нээсэн эрдэмтэд хүртсэн бол 2018 оныхыг хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээсэн эрдэмтэд хүртсэн байна.Ойрын үед КРИСПР-КАС систем, оптогенетикийн салбар шинжлэх ухааныг нээсэн эрдэмтэд дараагийн Нобелийн шагналыг хүртэнэ гэсэн хүлээлттэй байна.Бас сонирхуулахад манай Эрдмийн чуулганд урилгаар оролцох гэж байгаа Хятадын Шинжлэх ухааны академийн Тархи судлалын хүрээлэнгийн захирал Мүмин Пүү ноднин жил анх удаа хүн дүрст бич хувилж гарган дэлхий нийтийг шуугиулсан байгаа. Ер нь судалгааны лабораторийн ширээн дээрээс маргаашийн шинэ технологи төрөн гарч бид бүхний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болдог шүү дээ. Жишээ нь, 2012 онд Нобелийн шагналт Японы нэрт эрдэмтэн Ш.Яманака боловсорсон биеийн эсээс үүдэл эс гаргаж авах аргыг нээж байсан.Улмаар 2014 онд дэлхийд анх удаа эсийн эмчилгээний аргыг амжилттай туршсан.Энэ эсийн эмчилгээний арга нь нүдний торлог бүрхүүлийн эмгэгтэй хүнээс өөрийнх нь эсийг аваад тэрийгээ үүдэл эс болгон хувиргаж байгаад дараа нь эргүүлээд гэрэл мэдэрдэг боловсорсон эс болгон хувиргаж, тэр эсүүдээ уг өвчтөнд амжилттай шилжүүлэн суулгадаг арга юм.Тэдний судалгааны баг 2017 онд 5 хүнд нүдний торлог бүрхүүл шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг хэрэглээд үр дүн нь сайн байна гэдгийг хоёр жилийн дараа буюу өчигдөрхөн хэвлэлээр мэдэгдэж байна. Манай сургуулийн эрдэмлэг хамт олон 2018 онд олон улсын төвшний 43 бүтээл туурвисны 3 нь тус сургуулийн лабораторид хийгдсэн ажлууд байсан бөгөөд нэг бүтээл нь олон улсын нэр хүнд бүхий PLOS ONE сэтгүүлд хэвлэгдсэн юм. Ж.Сарантуяа профессорын удирдсан энэхүү судалгааны ажил нь Монгол Улсад сүүлийн таван жилд бүртгэгдсэн томуугийн Б вирусийн тархалт, төрөл, вакцинд тэсвэрт байдал, эмэнд тэсвэрт байдал зэргийг судалж зарим төрөл нь мутацлагдсанаар вирусийн эсрэг эмэнд тэсвэртэй болчихсон байгааг илрүүлсэн нь амьсгалын замын өвчлөл ихтэй, агаар бохирдол гамшгийн түвшинд хүрсэн байгаа манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бодлого боловсруулахад нотолгоонд суурилсан мэдээллээр хангасан чухал судалгаа болсон бөгөөд дэлхийн шинжлэх ухаанд шинэ мэдээлэл нэмж байгаагаараа манай сургуулийн хамт олны мэдлэг чадварыг нотлон харуулж байгаа бахархалтай хэрэг юм.
-Монголын эмч нарыг бэлтгэн гаргадаг танай эрдмийн хамт олонд эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
-Монгол Улсад орчин цагийн анагаах ухааны суурийг тавьж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд хүчин зүтгэж буй эмч мэргэжилтнүүдийг бэлтгэсэн АШУҮИС-ийн үе үеийн эрдэмлэг хамт олон маань хүрсэн амжилтаа улам бататган, өрнийн анагаах ухааныг Монголын уламжлалт анагаах ухаантай хослуулан хөгжүүлэх Төрийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарын өвөрмөц хөгжлийн гарцыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлоход хувь нэмрээ оруулах болно. Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан их сургуулийн эмнэлэг маань дэвшилтэт технологи, инновацийн цогц шийдлийг хэрэгжүүлэх илүү боломжийг бидэнд бий болгож байгаа.