“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд“ хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
"Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 2018-2023 онд хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн 2018 онд гаргасан билээ.
Тэгвэл энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийх гэж байна. Хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг дөрвөн нэгжээр буурна гэж үзэж байгаа юм. Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр. Мөн эмчилгээний цаг хугацаа урт зэрэг нь шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог.
Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт нэмэгдэж байна. 2011 онд хийсэн судалгаагаар шүд цоорох өвчний тархалт 5-6 насанд хамгийн их буюу 90 гаруй хувьтай гарчээ.
Харин өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шүд цоорох өвчтэй 2-12 насны 725 мянга 600 гаруй хүүхэд байна.
Шүдний өвчлөл нь 200 гаруй өвчний суурь өвчин болдог учраас ийнхүү бага наснаас нь эхэлж шат дараалалтай 5 жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.