510 мянган иргэнд улаанбурханы вакцин хийнэ
Манай улсад НҮБ-ын Хүн амын сангаас улаанбурхан өвчний эсрэг 510 мянган хүн тун вакциныг хандивлахаар болжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ДЭМБ-ын зөвлөмжөөр нийт хүн амын 40-45 хувийг томуу, томуу төст өвчний вакцинд хамруулах шаардлагатай. Улаанбурхан өвчний халдвар томуугаас зургаа дахин өндөр. Монгол Улс 1974 оноос эхлэн улаанбурханы эсрэг дархлаажуулалт хийж байгаа. ДЭМБ болон ХӨСҮТ-өөс хийсэн судалгаагаар 8-20 насны 510 мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулах шаардлагатай гэж гарсан. Үүнд 1.7 тэрбум төгрөг шаардлагатай. Тиймээс НҮБ-ын төрөлжсөн байгууллагад хандсаны дагуу НҮБ-ын Хүн амын санаас улаанбурхан өвчний эсрэг 510 мянган хүн тун вакциныг хандивлахаар болсон. Хандивын вакцин ирэнгүүт хүн амаа нэмэлт дархлаажуулалтад хамруулна" гэлээ.