ЭМЯ: Цагаан гаа, гоньд, яншуй, лимоноор ДАВСЫГ орлуулж болно
Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байгаа нь дэлхийн хүн амын ХБӨ-нөөс шалтгаалсан нас баралтаас 6 пунктээр өндөр байна.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн судалгаагаар 15-64 насны 3 хүн тутмын нэг 70 нас хүрэхээсээ өмнө зүрх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдарын аль нэгээс шалтгаалан нас барах эрсдэлтэй байна.
Насанд хүрсэн 10 хүн тутмын найм нь 5 граммаас их (хоногт дунджаар 11 г) давс хэрэглэж, 19.5% нь давс ихтэй хоол, хүнсний талаарх ойлголт мэдлэггүй байна. Үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 83.6 хувь, нийтийн хоолны 81.6 хувь нь давс ихтэй байна.
“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачлагаар улс орнууд “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг жил бүр гуравдугаар сард тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон билээ. Энэ жил хоолны давс, ялангуяа хүүхдэд өгч буй хоол хүнсний давсыг багасгах, улмаар давсыг хоолны цэснээс хасах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.
Уг хөдөлгөөнд Монгол Улс 2012 онд нэгдэн орсон бөгөөд энэ жил “ДАВСЫГ ХООЛНЫ ЦЭСНЭЭС ХАСЪЯ!” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХХААХҮЯ, БСУШСЯ, МХЕГ хамтран 2019 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ны хооронд тэмдэглэж байна.
Монголчууд “Давсгүй хоол хоолойгоор давахгүй” гэж ярьдаг. Харин давсны оронд цагаан гаа, гоньд, яншуй, улаан сонгино, лимон, ногоон сонгино зэрэг байгалийн гаралтай амтлагчаар хоолоо амтлах боломжтой талаар мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|