Агаарт гарах, рашаанд явахад зуныг хүлээх шаардлагагүй
Тэтгэвэртээ сууна гэдэг нь ахмадуудын хувьд амьдрал нь тэр чигтээ “чөлөөт цаг” болж хувирлаа гэсэн үг үү, аль эсвэл...? Тэдэнд үнэхээр чөлөөт цаг гэж байдаг уу? Хэрэв байдаг бол тэд хаана очиж, юу хийдэг вэ?
Лавтай яа, яг одоо хотын даргын дэвшүүлж буй “Шөнийн гудамж”-ыг татан буулгах санаачилга тэтгэврийн хөгшдөд төдийлөн хамаатай биш. Учир нь завтай цагтай байлаа ч хөгшчүүд маань түүгээр үйлчлүүлэх нь таатай ч бус, зохистой ч бус. Үнэндээ ахмад нас гэдэг юу дуртай зүйлээ биш, юу хэрэгтэйгээ сонгох цаг хугацаа билээ. Гэлээ гээд энэ нь гэрээс гарвал цэцэрлэг, сургууль ордог, гэрээс холдвол эмнэлэгт тав хонодог тийм амьдрал байж болохгүй. Тэдэнд эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна нийгэм, соёлын харилцаа, эдийн засгийн эрх чөлөө хэрэгтэйг битгий мартаарай.
Ахмад настнуудын эрх нь хүний эрхээс тусгайдаа яригдах сэдэв мөн эсэхийг НҮБ-ын түвшинд хэлэлцээд цаашид дэлхийн хүн амын насны бүтцэд улам бүр “том хэмжээг” эзлэх ахмад настнуудын нийгэм соёлын эрх, эдийн засгийн эрх нь онцгой хамгаалалт шаардаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ахмад настнууд нийгмийн харилцаанаас таслагдаж, гадуурхагдаж, улмаар эдийн засгийн хувьд бусдаас хараат болж байгаа нь тэдний хувьд бусад эрхийн баталгааг хөндсөн явдал гэж үзсэн.Монголд ч энэ үзэгдэл, хандлага дэлхий дахинтай нэг ижил ажиглагддаг. Магадгүй илүү ч хурцаар тавигдах асуудал болов уу.
Монгол Улсад Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 400 гаруй мянган иргэн байгаагийн 244 мянга нь тэтгэврийн зээлтэй гэсэн тоо байна. Бараг талаас илүү хувь нь тэтгэврээ урьдчилан зээлжээ. Тэтгэврийн зээл авах шалтгаан янз бүр. Зарим нь эм тариа, эмчилгээний зардалд, зарим нь цагаан сард, зарим нь үр хүүхдэдээ сургалтын төлбөр, байр, машины лизингт зориулан зээлж байгаа. Гол нь зээлийн хугацаа дуусах хүртэл тэд маань гар дээрээ аваад зарцуулчих таван цаасны мэдэлгүй байх нь. Уг нь тэдэнд мөнгө байвал өөртөө зориулах хүсэл, шаардлага бий шүү дээ.
“Аав, ээж мөнгөөр яах юм бэ. Хоол унд, эм тарианы мөнгө байхад өөр юу хэрэгтэй юм бэ” гэж хүүхдүүд нь боддог. Зарим талаар үнэн. Яагаад гэвэл манайд ахмад настнуудад зориулсан нийгмийн үйлчилгээ ховор. Шуудхан хэлэхэд гэртээ суухаас өөр явах газаргүй, өвдөхгүй байхаас өөр жаргалгүй хүмүүс гэж нийгэм нь тэднийг харж байна. Гэтэл өндөр хөгжилтэй улс орнуудад ахмадууд нь тэтгэврийн насаа жинхэнэ чөлөөт цаг болгон аялж зугаалж, амарч цэнгэж өнгөрөөдөг. Тэдэн шиг үүргэвч үүрээд дэлхийгээр аялахгүй юм гэхэд бид нийгмийн хандлагаа өөрчилбөл манай хөгшчүүдэд боломж бий. Боломж улам бүр нэмэгдэж байгаа. Ахмад настны хэрэгцээ шаардлагыг харгалзсан, төлбөрийн нөхцөлийг нь тэдний боломж, бололцоотой уялдуулсан үйлчилгээнүүд жил бүр нэмэгдэж байгааг хүмүүс тэр бүр анзаардаггүй л болохоос...
Тийм үйлчилгээний тоог энэ оны гуравдугаар сараас хэрэгжиж эхлэх “Шаргалжуутын рашаан сувилал”-ын ахмадад зориулсан “Эрүүл цэнгэлтэй хөтөлбөр” нэгээр нэмж байна. Агаар салхинд гарах, рашаан усанд орох нь зөвхөн зуныг хүлээх ажил биш. Зун цагаар амрагч, аялагч, жуулчлагчдын хөл хөдөлгөөн давхцахаас урьтаад Шаргалжуутын рашаан сувилал ахмадуудаа хүлээж авахыг чухалчилжээ. Энэ үеэр эмнэлгийн үйлчилгээгээ илүү нарийн төрөлжүүлэн олон багц эмчилгээг ахмадууддаа хүргэхийг зорьж байна. Мөн рашааны гарц илүү, хүн хөл багатай учраас тав тух талаасаа ч таатай үе. Ахмадад зориулсан энэхүү “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр энэ гуравдугаар сарын 19-наас эхлээд тавдугаар сарын 17-ныг дуустал нийт найман ээлжээр “Эрүүл цэнгэлтэй” хөтөлбөр үргэлжилнэ. Нэг ээлж 9 хоног байх ба энэ хугацаанд эмчилгээ, сувилгаанаас гадна урлаг, соёлын арга хэмжээнүүдийг ахмадуудад зориулахаар төлөвлөжээ. Нийтийн дуучдын тоглолт, нийтийн дууны караоке, нийтийн бүжиг,урлагийн наадмыг хөтөлбөрт багтаасан байна. Ахмадад зориулсан энэ хөтөлбөрт халамжийн болон бусад зээлийн нөхцөлөөр хамрагдах боломж бас бий.
“Шаргалжуутын рашаан сувилал”-ынхны олон жилийн ажиглалтаар бол хөдөө аймаг, орон нутгийн ахмадуудыг нутгийн удирдлагууд, намын хороод нь илүүтэй анхаарч, жилдээ нэг удаад нэгдсэн шугамаар ахмадуудаа үнэ төлбөргүй амраадаг бол харин хотынхны хувьд ийм дэмжлэг багатай.
Тэгэхээр хөдөөгийнхөнтэй харьцуулахад Улаанбаатар агаарын бохирдол, амьдралын өртөг, нийгмийн стресс ихтэй атлаа ахмадуудаа тавих анхаарал, халамж үйлчилгээгээр тааруу байх нь. Бас ахмадууд нь зав багатай. Тэд таксинд явдаг, ТҮЦ-нд суудаг. Заримдаа ач зээгээ сургууль, цэцэрлэгт зөөдөг. Гэхдээ тэд жилдээ нэг удаа агаарт гарах, рашаан сувилалд амрах завтай, бас эрхтэй шүү дээ.