Хараа тэглүүлэхэд учир бий

2019 оны 3 сарын 13

хараа зурган илэрцүүд

“Нүдний шил олон жил зүүхээр зовхи сэлхийж унжаад байна”, “Контакт линз, шилтэй байх их түвэгтэй юм” гэх хүмүүстэй та бишгүй таардаг байх. Энэ шалтгаанаар сүүлийн үед манайд нүдний хараа тэглэх лазер мэс заслыг сонгох хүн олон болсон гэнэ. Лазераар хараа засах мэс засал нь 20-иод жилийн өмнө дэлхий дахины анагаах ухаанд нэвтэрсэн бөгөөд нүдний шил болон линзийн алийг нь ч зүүгээд нэмэргүй болтлоо дордсон хүмүүст алтан боломж олгож. Мөн мэргэжлийн онцлогоос шалтгаалаад, шил болон контакт линзтэй ажил хийхэд тээртэй байдаг хүмүүс энэ төрлийн мэс заслыг сонгох нь зүйтэй гэж үздэг байна. Харин гурав дахь буюу хамгийн түгээмэл шалтгаан нь дээр хэлсэнчлэн нүдний шил зүүхийг хүсдэггүй хүмүүсийн сайн дурын сонголтоос үүдэлтэй аж. Тиймээс монголчууд үүнийг гоо сайхны мэс засалд хамаатуулан үзэх нь элбэг.

Компьютер, зурагт, гар утас, таблет гэх мэт хэт ягаан туяа ялгаруулдаг бүхэнтэй ойр дотно “нөхөрлөж” буй техник технологийн эриний нөлөөгөөр том, бага гэлтгүй хүмүүсийн хараа муудах эмгэг дэлхий дахинд түгээмэл болжээ. Уг нь өдөржин компьютерийн дэлгэц ширтдэг хүмүүст зориулсан 3х20-ийн зарчим гэж байдаг бөгөөд түүнийг ажил, амьдралдаа дадал болговол нүдний эцэлт, хараа муудахаас сэргийлдэг гэнэ. 20 минут дэлгэц ширтлээ, 20 секунд нүдээ амраагаад, 20 фитийн зайтай буюу зургаан метрийн цаадахыг харж байвал нүдний булчингийн ажиллагаа хэвийн байна гэсэн үг. Гэвч жил тутам хэдэн зуун мянган хүн нүдний шилтнүүдийн эгнээнд шинээр бүл нэмэх болсон тул офтальмологийн шинжлэх ухаанд лазераар хараа тэглэх мэс засал нэвтэрсэн нь томоохон дэвшил гэж үздэг байна. Эдүгээ дэлхийн 50 гаруй оронд үүнийг хийж байгаа бөгөөд хэдэн сая хүн ойрын болон холын хараагаа сайжруулсны зэрэгцээ өөрсдийн стиль имиж, амьдралын хэв маягаа эрс өөрчилсөн гэдэг. Гагцхүү олноороо хошуурах болсон энэ төрлийн эмчилгээний арга барилын цаана ямар ач тус байдаг, бас ямар анхаарууштай зүйл байгааг мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулахыг зорилоо.

Хараа тэглэх мэс заслыг товчхон тайлбарлавал, лазераар нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүлийг хавтгайлж, гэрлийг хугалан, нэвтрүүлж байгаа хэлбэрийг нь өөрчилдөг юм байна. Ингэснээр торлогийн наана, эсвэл цаана тусаж байгаа гэрэл торлог бүрхүүл дээрээ тусдаг болно гэсэн үг. Нүдний хараа тэглэх лазер мэс заслыг 2005 оноос Монголд хийж эхэлжээ. “Хараа тэглэх лазер мэс засал хамгийн сайн юм бол эмч нар өөрсдөө яагаад нүдний шилтэй яваад байдаг юм бэ гэж хүмүүс их асуудаг. Энэ мэс заслыг хүссэн хүн болгонд хийж өгдөг гэж ойлгож болохгүй. Олон үе шаттай, нарийн шинжилгээ хийж, оношилсны дараа тухайн хүнд мэс засал хийж болох, эсэхийг шийддэг. Тухайлбал, хараа нь -14-өөс дээш бол, эсвэл нүдний даралттай, болор нь цайсан, эвэрлэг бүрхүүл нь хэт нимгэн, чихрийн шижингийн улмаас хараа нь муудсан зэрэг эмгэгүүдийн үед лазерын хагалгаа хийж огт болдоггүй” хэмээн “Болор мэлмий” нүдний эмнэлгийн их эмч Б.Цэцэгжаргал ярилаа. Лазераар хараа тэглэх мэс заслыг Монголд хийдэг ганц эмнэлэгт жилд 400-500 хүн хандаж, 2-4 сая төгрөгөөр энэ төрлийн үйлчилгээ авдаг гэнэ.

Хараа тэглэх мэс засал хийлгэчихээр дахиж муудахгүй, насан туршийн баталгаатай болох уу гэдэг асуулт зайлшгүй урган гарна. Харамсалтай нь, үүнд Монголын байтугай, Өмнөд Солонгосын, Энэтхэгийн эмч нар ч 100 хувийн баталгаа өгч чаддаггүй аж. Тиймээс шинжилгээний дараа зарим өвчтөнд “Таны хараа эргээд муудах эрсдэлтэй байна шүү. Хэрэв тэгсэн тохиолдолд хоёр дахь мэс заслын асуудал хөндөгдөнө” гэж анхааруулдаг байна. Монголд ч, Солонгост ч ийм өвчтөнүүдэд оношилгоо хийгээд, эвэрлэгийн зузаан нь боломжийн байвал давтан мэс засалд оруулахдаа үнэ төлбөр авдаггүй жишигтэй.

Ердийн нөхцөлд харааны үзүүлэлт нь -6-гаас дотогш байхдаа мэс засал хийлгэсэн тохиолдолд буцаж гарах сөрөг нөлөө бага, эргээд муудах асуудал гарахгүй гэж байгаа ч нас ахиснаас үүдэлтэй хараа муудахад, эсвэл чихрийн шижин гэх мэт давхар өвчний үед өнөөх баталгаа үгүй болох гэнэ. Өөрөөр хэлбэл, хараа тэглэх мэс засал хийлгэнгүүт бүх зүйл сайхан болчихно гэж найдахын оронд хагалгааны дараа гам барихаас эхлээд “Би ингэхэд ямар суурь өвчтэй хүн билээ” гэдгээ ч бодож шийдвэр гаргах нь чухал бололтой. Жишээ нь, мэс заслын дараа нэг сар үсээ будахгүй, хими хийлгэхгүй, нүдээ хүчтэй дарж, нухаж болохгүй, спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй, хүч шаардсан спортоор хичээллэхгүй, саунд орохгүй, бассейнд явахгүй, нарны хэт ягаан туяанаас хамгаалсан шил зүүх гэхчлэн анхаарах зүйл цөөнгүй бий. Харин “Лазер мэс заслын дараа дахиад хараа муудвал тэр үед нүдний шил ч зүүж болохгүй болчихдог” гэсэн нь олны ам дамжсан цуу яриа гэдгийг Б.Цэцэгжаргал эмч хэлсэн. Тэгэхээр шилийг гадаад төрх, гоо сайхныг нь “гутаасан”, сэтгэл санаагаар унагасан хиймэл эрхтэн мэтээр хүлээж авдаг хүмүүс мэс заслын дараа “хоёр дахь нүд”-ээ яаран хогийн сав руу шидэхээ азнахыг зөвлөе. Ташрамд дурдахад, контакт линз нь нүдийг байнга аргааж хуурайшуулахаас эхлээд эвэрлэг бүрхүүлд маш муу нөлөөтэй тул ямар ч тохиолдолд шилээ тогтмол зүүж байхыг эмч мэргэжилтнүүд сануулж байна. Линз зүүдэг хүмүүс оношилгоо хийлгэх, мэс засалд орохын өмнө 7-14 хоног үүнийг огт хэрэглэхгүй байх ёстой аж.

Эцэст нь сануулахад, хараа тэглэх мэс заслыг 18-40 насны хооронд хийлгэвэл илүү үр дүнтэй гэж эмч мэргэжилтнүүд үздэг аж. 40-43 наснаас хойш хүний ойрын хараа аажмаар муудаж эхэлдэг тул лазераар холын харааг нь засах мэс засал хийчихээр жам ёсны “хөгшрөлт” нь хэт мэдрэгдэж эхэлдэг талтай гэнэ. Байгалийн жамаар ойрын хараа муудсаныг лазераар мэс засал хийж, бүрэн засах боломжгүй бөгөөд төдий л удалгүй дахиад мууддагийг анхаарахад гэмгүй биз ээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601068
7 эможи

Зочин
2019-03-13 12:30
Здахь 20 буюу 6 метрийн зайнд нь 20 сек юм уу, 20 минут юм уу?
b
2019-03-13 11:29
sain bichjee
keyboard_arrow_up