ФОТО: БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төсөлд 100 мянган юань хандивлалаа
“Дэлхийн мисс-2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаагийн санаачилж буй “Сүрьеэгүй Монгол” төсөлд БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюань 100 мянган юань хандивлажээ. Мисс бүсгүйн үүсгэн байгуулсан “Энхрий эрдэнэ” сангийн байранд өнөөдөр /2019.02.27/ БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хаймин хүрэлцэн ирж, түүнд батламж гардуулан өглөө.
Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хаймин болон түүний соёлын зөвлөх И Вэй, “Энхрий эрдэнэ” сангийн тэргүүн Э.Энхриймаа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү болон албаны бусад хүмүүс байлцав. Энэ үеэр мисс Э.Энхриймаа хандивын мөнгөөрөө Монгол Улсдаа сүрьеэ өвчнийг эсрэг төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран нэн шаардлагатай байгаа ажилд зарцуулж, та бүхэнд эргэн тайлагнах болно гэдгийг хэлж байв.
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин:
Миний бие мисс Э.Энхриймаагийн "Энхрий-Эрдэнэ" сангийн үйл ажиллагаанд оролцож буйд маш их баяртай байна. Мисс бүсгүй маань өөрийн сангаа нээгээд таван сарын хугацаа өнгөрч байгаа хэдий ч сүрьеэ өвчний талаар олон нийтэд мэдээлэл өгч, бусдад тустай үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулжээ. Манай улсын хувьд Монгол улстай харилцаа холбоогоо бүх салбарт хөгжүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэх нь зүйтэй. Үүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэн тэлэх үүднээс "Энхрий-эрдэнэ" сангаар дамжуулаад тэргүүн хатагтай Пэн Лиюань хандив өргөсөн нь Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа илүү өргөжин тэлж байгааг харуулж байна. Цаашид бид Монголын ард иргэдэд өөрийн зүгээс тусалж ажиллахыг хүсч байгаа бөгөөд "Энхрий-Эрдэнэ" сангийн хийж буй үйл ажиллагааны хувьд Монголын ард иргэдэд туслахаас гадна дэлхийн нийтийн бүх хүн төрөлхтөнд тустай сайн үйлсийг хийхийг зорьж байгаа гэлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Т.Нямхүү:
Дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцсон Э.Энхриймаа нь Монгол улсад нилээд зонхилсон сүрьеэ өвчинтэй тэмцэх элч болж буй нь бидний хувьд чухал. Чухал санаачилга гаргаж, БНХАУ-ийн Ерөнхийлөгч Си Зиньпиний гэргий тэргүүн хатагтай Пэн Лиюань “Сүрьеэгүй Монгол” төслийг дэмжиж 15000 ам.долларын хандивыг өргөсөн. БНХАУ-ын элчин сайд зуравдугаар сард ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдийг болон "Энхрий-эрдэнэ" сангийн төлөөлөгчидтэй хамтран сүрьеэтэй тэмцдэг гол улсуудтай хийх айлчлалыг зохион байгуулахаар болсон. Бидний зүгээс Сүрьеэтэй тэмцдэг ижил төстэй байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах талаар хүсэлт тавьсан энэ хүсэлт маань биелэлээ олж зуравдугаар сард айлчлал хийхээр төлөвлөгдсөн байгаа.
“Дэлхийн мисс-2018” тэмцээний үндэсний ялагч Э.Энхриймаа:
Миний хувьд 2018 онд үндэсний ялагч болж, “Дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохдоо хүмүүнлэгийн сэдвээ маш удаан хайж, судалсан. Тэр үеэр сүрьеэ өвчний талаарх судалгаа миний сэтгэлийг ихээр эмзэглүүлж, энэ чиглэлээр ажил хийх ёстой юм байна гэж бодсон. Өнөөдөр гадуур явж буй гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар тээгч байдаг. Халдвар тээгч болсон 10 хүн тутмын нэг нь сүрьеэгээр өвддөг гэсэн судалгаа бий. Хэрвээ энэ судалгаагаар явбал манай улсад одоогийн байдлаар сүрьеэгээр өвчилсөн 100 мянга гаруй хүн байна. Энэ өвчтөнүүдийн бараг 80 хувийг ид хийж бүтээх 18-35 насныхан эзэлж байгаа нь харамсалтай. Тийм учраас энэ сүрьеэ өвчинг эдгээх, сүрьеэ өвчний халдварын тоог бууруулахаар өөрийн “Энхрий эрдэнэ” сангаа байгуулсан.
Би ХӨСҮТ-тэй байнга хамтран ажиллаж байгаа. Бидний зүгээс эмч, мэргэжилтнүүдтэйгээ хамтран хандивын мөнгөө ямар төсөлд зарцуулах талаараа ярилцана. “Энхрий эрдэнэ” сан маань байгуулагдаад таван сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд “Сүрьеэгүй Монголын төлөө” видео танилцуулгаас гадна “Сүрьеэгүй гэр бүл” гар зургийн уралдааныг 21 аймгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан. Мөн “+100 төгрөг” аяныг улс даяар зохион байгуулж, 2500 сүрьеэгээр өвчилсөн хүнд амин дэм авч өгсөн.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|