Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч “ЭНХИЙН ШАГНАЛ”-ын эзэн боллоо
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, залуу мэс засалч, клиникийн профессор Цогтын Лочин “Дэлхийн энхийн их наадам” ТББ, Монгол Улс дахь энхтайвны байгууллагуудын нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн хамгийн дээд шагнал болох "Энхийн шагнал-2018" шагналыг хүртлээ. Тэрбээр анагаах ухааны салбараас уг шагналыг хүртэж буй хоёр дахь хүн болж байгаа юм.
Энэхүү нэр хүндтэй шагналын 8 дахь удаагийн эзнээр тодорсон тус эмнэлгийн эмч Ц.Лочин нь 2012 онд “Шилдэг залуу мэс засалч”, 2014 онд Монгол Улсын “Шилдэг зохион бүтээгч”, 2018 онд Швейцарь улсын Женев хот дахь Дэлхийн оюуны өмчийн холбооны “АЛТАН МЕДАЛЬ”-аар тус тус шагнагдаж байсан. Түүний нойр булчирхайн үхжилт үрэвслийн мэс засал болоод бусад мэс заслын оношилгоо эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн арга, нойр булчирхайн дурангийн мэс заслын 20 гаруй нэр төрлийн багаж хэрэгслийг шинээр санаачилсан инновацийн бүтээлүүд нь Монгол Улсын Эрүүл мэндийн салбар төдийгүй Олон улсын эрүүл мэндийн салбарт олон хүний алтан амь, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үр дүнгээ өгч буй хувь нэмрийг үнэлж 2018 оны “Энхийн шагнал”-ыг олгосон байна.
Энхийн шагналд нийгмийн бүхий л салбарын байгууллага, хамт олон, хувь хүмүүсээс нэр дэвшсэн 100 гаруй хүний хийж бүтээснийг дүгнэн цэгнэж, тусгай комисс гурван үе шаттайгаар нягтлан шүүн шалгаруулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж буй ажилдаа эзэн болж, бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан эв нэгдэл энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд олгодог шагнал бөгөөд тус шагналыг өмнө нь Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол улсын онц бөгөөд бүрэн эрхт сайд Д.Цахилгаан, Төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-н гишүүн Ц. Нямдорж нар хүртэж байжээ.
Энэ шагналыг уран барималч Л.Гантөмөрийн урлан бүтээсэн, дэлхийн бөмбөрцгийг алган дээрээ энхрийлэн барьсан Алунгоо эхийн дүрс бүхий алтан цом, хоёр сая төгрөг дагалддаг байна.