Томуугийн дэгдэлт багасаж байгаа ч баярын өдрүүдэд эргээд нэмэгдэх магадлалтай

2019 оны 2 сарын 01

ЭМЯ-наас эцэг эхчүүдэд зориулан гаргасан ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ Arslan.mn

Дээрх үгийг албаныхан хэлж байна. Жилийн жилд эцэг эхчүүдийн санааг хамгийн ихээр зовоох болсон томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн хоёр долоо хоногт бууралттай байна. Нийслэлийн эрүүл мэндийн газрын олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Р.Мөнгөнцэцэгийн хэлснээр амбулаторийн нийт үзлэгийн 6.4 хувийг эзэлж байна. Тэр хэрээр эмнэлгийн ачаалал өмнөхөөсөө багасаж байгаа аж.

Энэ нь сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойг албаныхан онцоллоо. Нийслэлийн дүүргүүдээс хүн ам ихтэйгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал бусдаас арай их байгаа ч өмнөхөөсөө буурсныг эмч нар ярилаа. Халдвар буурлаа гээд хүүхдээ гадуур дагуулаад яваад байж болохгүй, томуугийн олон төрлийн вирус байгаа учраас аль болох гэрээ чийгтэй байлгаж хүүхдээ гэртээ байлгах нь илүү үр дүнтэй ажээ. Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын цочмог халдварт өвчин юм.

Ихэвчлэн агаар дуслын замаар дамжин халдварладаг. Томуугийн үед нэг удаа ханиаж, найтаахад 40-өөс дээш вирус агаарт цацагдаж байдаг гэнэ. Харин амаа зориулалтын алчуураар хаах үед вирусийн тархац 10-100 хувь буурч байдаг аж. Хэдийгээр томуу, томуу төст өвчний дэгдэлт буурч байгаа нь сайн мэдээ боловч cap шинийн баярын өдрүүдэд буцаад нэмэгдэх магадлалтайг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна. Монголын эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол зэргээс үүдэн ханиад томуу амархан тархах боломжтой. Ер нь биеийн эсэргүүцэл, дархлаа сайн байх нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт юм.

Тиймээс витаминлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийж, ажил амралтаа зохицуулах нь зүйтэй. Мөн шаардлагагүй бол олон нийтийн газар явахгүй байх, зайлшгүй шалтгаантай бол малгай, ороолт, бээлий хэрэглэн, хамрын салстад зориулалтын тос түрхэж байх хэрэгтэйг зөвлөж байна. Түүнчлэн цэвэр агаарт 1-2 цагийг өнгөрүүлэх хэрэгтэй. Түүнчлэн томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн бариа хийж хэвшин, өрөө, тасалгаандаа цэвэр агаар оруулах төдийгүй чийгтэй цэвэрлэж хэвшээрэй. Эдгээрээс гадна томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн чухал урьдчилсан сэргийлэлт юм.

Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины архаг суурь өвчтэй хүмүүст илүү ач холбогдолтой болохыг мэргэжлийнхэн зөвлөлөө. Ингээд мэргэжлийн хүмүүс юу ярьсныг хүргэе.

О.ЛХАГВАДОРЖ: БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ 4.9 ХУВЬТАЙ БАЙНА

“Энх-Агшин” өрхийн эрүүл мэндийн төвийн нярайн эмч 

-Ханиад томууны дэгдэлт багассан гэж эмч нар ярьж байна. Энэ үнэн үү. Танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Тийм ээ, сүүлийн өдрүүдэд буурах хандлагатай байна. Гэхдээ буурч байна гээд тайвширч болохгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд 4.9 хувьтай. Манай дүүргийн 25 дугаар хорооны хэмжээнд 0.64 хувьтай байгаа. Хэдий тийм ч баярын өдрүүдэд нэмэгдэх магадлалтай. Учир нь, бага насны хүүхдийг гадуур авч явах, гэрт олон хүн ирэх, хүүхдийг үнсэх зэрэг нь дархлаа сулруулж, вирус үржүүлэх таатай орчныг бүрдүүлдэг.

-Бага насныхны өвчлөлд нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий. Тэгвэл эцэг эхчүүдээс юун дээр илүү анхаарах хэрэгтэй юм бол?

-Аав, ээж нарын асаргаа муу байна. Ялангуяа залуу аав, ээжүүд энэ тал дээр мэдлэг дутмаг, хариуцлагагүй ханддаг. Хүйтний улиралд хүүхдээ олон нийтийн газраар авч явах, дааруулах, хоол хүнсэнд нь анхаарч чадахгүй байгаагаас томуу, томуу төст өвчнөөр өвчлөх гол шалтгаан болдог. Мөн хөнгөн хэлбэрийн ханиаданд дур мэдэн эм өгөх, эмчийн бичсэн эмийг цаг тухайд нь өгөхгүй байх зэрэг эмийн буруу хэрэглээтэй холбоотой.

-Томуу, томуу төст өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлүүлэх тал дээр танай эрүүл мэндийн төв хэрхэн ажиллаж байна вэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард 15 хоногийн турш жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, улсын цэцэрлэгийн хүүхдүүдийг томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулсан. Нийт 500 гаруй хүн вакцин хийлгэсэн байдаг. Мөн өрхийн эмнэлгийн мэдээллийн самбар, олон нийтийн цахим сүлжээ зэргээр дамжуулан зөвлөмж, боршур тарааж байгаа. Сургууль, цэцэрлэгт урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн. Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байгаа иргэдэд маск зүүхийг зөвлөн ажиллаж байна.

-Хатгааны эсрэг вакциныг ямар товлолоор хийж байна?

-2- 9 сартай хүүхдэд хийдэг. Хоёр сартайд эхний нэгдүгээр тун, дөрвөн сартай хоёрдугаар тун, есөн сартайд гурав дугаар тунг товлолоор хийж байна.Үүнийг хийлгэснээр хатгалгаагаар өвдсөн хүүхэд өнгөрсөн жилийнхээс эрс багассан.

-Цагаан сарын үеэр амьсгалын замын цочмог халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?

-Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх нь зүйтэй. Мөн дархлааг нь дэмжин хоол хүнсэнд нь анхаарч халуун, хүйтнийг нь тохируулан асрах нь зохистой юм. Үүнээс гадна эрүүл ахуйн дадал хэвшүүлэн, гэрээ тогтмол агааржуулаарай. Хэрэв ханиад, томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Амьсгалын замын өвчний үүсгэгч вирус өөр, өөр байдаг төдийгүй хүнд, хөнгөнөөс нь хамаарч эм болон зөвлөгөөг өгдөг тул ам дамжсан яриагаар эмчлэхгүй байхыг зөвлөж байна.

Н.МЭНДСАЙХАН: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ТААРУУ БАЙГААГААС ӨВЧНИЙ ДЭГДЭЛТ НАМЖИХДАА УДААН БАЙНА

Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны дарга 

-Томуугийн халдварыг ихэвчлэн хэдэн насны, эрүүл мэндийн хувьд ямар онцлогтой хүмүүс тусч байна вэ?

-Бага насны хүүхдүүдийн хувьд эхийн сүүгээр хооллодоггүй, нэмэлт тэжээлийн дутагдалтай, дархлаа сул, хавсарсан өвчтэй хүүхдүүд өвчлөх магадлал их байна. Харин насанд хүрэгчдийн хувьд мөн л хууч өвчтэй, хагалгаа хийлгээд удаагүй байгаа зэрэг дархлаа дутмаг хүмүүс өртөж байгаа юм. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсрол тааруу байгаагаас өвчний дэгдэлт намжихдаа удаан байна.

Хатгаа авсан тохиолдолд 45 хоногийн гэрийн дэглэмээр уушгинд ямар нэг зүйл үлдэлгүй бүрэн эдгэрдэг. Гэтэл хүмүүс долоо хоног эмнэлэгт хэвтээд зүгээр болчихлоо гэж боддог нь ташаа ойлголт юм. Эм тарианаас илүүтэй маш сайн асаргаа, дэглэм чухал ач холбогдолтой. Эмнэлэгт хүүхдээ сахиад хэвтэж байгаа эцэг, эхчүүдийг харахад хүүхдийнхээ эмийг цагт нь өгдөггүй, халуун хоол цай уулгадаггүй, тасалгаанд өмсөх ёстой углааштайгаа дэлгүүр орж, гадуур явдаг гэх мэт ариун цэврийг гүйцэт сахихгүй л бол өвчин хадгалагдсаар л байх болно.

-Цагаан сарын дараа эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Энэ нь хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан дархлаа суларснаас үүдэлтэй. Үүнд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид бэлэн байдалд байгаа. Томуугийн дэгдэлт нэмэгдэж эхлэх үед зарим насанд хүрэгчид үйлчлүүлэх ёстой газрыг хүүхдийн эмнэлэг болгон ажиллуулж байна. Хүүхдүүд өвлийн улиралд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь нэмэгддэг. Харин бусад улиралд харьцангуй бага байдаг учраас хэрэгцээтэй үед эмнэлгүүдээ өөрчилж иргэд хүлээж авах нөхцөлийг хангасан. Үүнд иргэд “хүүхдийн эмнэлэг дутуу байгаа, барьдаггүй” гэсэн асуудал хөөсөн шинжээр харж болохгүй. Харин томуу тусахгүй байх үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран зөвлөгөө зааврыг түгээсээр байна.

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тариаг хамгийн сүүлд хэзээ тарьсан бэ. Иргэдийн оролцоо идэвхтэй байж чадсан болов уу?

-Томуугийн эсрэг тарилгыг өнгөрсөн оны аравдугаар сард эрсдэлт бүлгийн хүн буюу ахмад настан, жирэмсэн эх, хүүхэд, архаг суурь өвчтэй зэрэг иргэдийг үнэ төлбөргүй хамруулсан. Мөн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ хийсэн. Энэ үед эрсдэлт бүлгийн иргэдийн 90 гаруй хувь нь вакцинд хамрагдсан байгаа. Вакцины хувьд дархлаанд тогтохдоо нэг сарын хугацаа зарцуулдаг учраас арваннэгдүгээр сард томуугийн дэгдэлт нэмэгдэхээс урьтаж хийж гүйцэтгэсэн юм.Тиймдээ ч өнгөрсөн жилийн томуугийн тархалтын хэмжээнээс энэ жилийнх бага байгаа бөгөөд хүүхдүүд ханиад хүрсэн ч уушгиндаа хүрч хүндрэх нь цөөн байгааг судалж тогтоосон.

-Томуугийн вирусээс урьдчилсан ямар арга хэмжээ авсан вэ?

-Томуугийн гэх тодотголтой өвчин шинээр гарч байгаа эсэхийг амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн хамрын салстаас шинжилгээ авч, сорьцыг томуугийн үндэсний цэг буюу харуулан тандалтын газар хадгалж тогтоодог. Одоогийн байдлаар H1N1, В хүрээний вирус, H3N2 төрлийн өвчин илэрсэн. Эдгээр өвчин үүсэх эрсдэлийг буруулахын тулд сүүлийн гурван жил дараалан вакцин хийж байгаа.

Үүнд бага насны хүүхдүүд, хил гааль, эмнэлэг байгууллагын ажилтнууд, эрсдэл бүлгийн хүн амыг харьяа хороо, сургууль цэцэрлэгт эмнэлгийн ажилчид хийж гүйцэтгэсэн. Вакцин хийлгэсэн хүн хатгаа, ханиад, томуугаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш ч тусах магадлал болоод хүндрэх нөхцөл нь бага болдог юм. Ханиад томуу нэг л вирусийн хэв маягаар тархдаггүй олон хэлбэрээр шинэ шинэ өвчин гарч ирдгийн хамгийн түгээмэл нөхцөлөөс хамгаалж байгаа гэсэн давуу талыг харах хэрэгтэй.

-Томуугийн вирус авсан тохиолдолд хатгаа болж хүндрүүлэхгүй байхын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Хүүхдүүд ихэвчлэн тусч байгаагийн хамгийн гол шалтгаан нь эх хүүхдээ хөхөөр хооллохоос татгалзаж байгаад оршиж байна. Хөхүүл эхчүүдийн 40 хувь нь хүүхдээ хуурай сүүгээр хооллох болж. Мөн олон хүнтэй газар явахгүй, даарахгүй байх, халуун цай хоол идэх, амны хаалт зүүх, ариун цэврээ сахих зэрэг энгийн мэт боловч хэрэгтэй зөвлөмжийг дагах шаардлагатай юм. Аливаа албан байгууллага, цэцэрлэг сургуулийн нэг хүн, хүүхэд ханиад томуу туссан бол эмчид үзүүлж эмчилгээгээ гэрээр чанд сахих хэрэгтэй.

Үгүй бол нэг хүн ханиад хүрсэн тохиолдолд ажлын байран дахь бүх хүн тусах магадлалтай. Одоогийн байдлаар H1N1 болон H3N2 төрлийн вирус бүртгэгдсэн байгаа учраас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөх нь нэн тэргүүний шаардлага болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599898
0 эможи

keyboard_arrow_up