Д.Батбаатар: Зүрхний төрөлхийн гажгийн шалтгааныг тодорхойгүй гэж үздэг
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Д.Батбаатартай ярилцлаа.
-Танай тасаг сүүлийн үед ямар эмчилгээ хийж байна вэ?
-Одоогоос 50 жилийн өмнө Монголд Зууны манлай эмч Т.Шагдарсүрэн багшаар ахлуулсан анхны зүрх судасны мэс заслын алба үүссэн. 1954 онд анх зүрхний мэс засал хийж эхэлснээс хойш өнөөг хүртэл зүрх судасны өвчтэй 10 мянга шахам хүнд мэс засал эмчилгээ хийж амьдрал хайрласан байна. Зүрх судасны мэс засал нь зүрхний төрөлхийн гажиг, олдмол гажиг буюу насан туршдаа, насжилтын явцад үүссэн эмгэг, судасны мэс засал гэсэн салбартай.
Судасны мэс засал нь дотроо захын судас, том судасны гэж хуваагддаг. Өнөөдөр Монголд зүрхний бүх төрлийн мэс заслыг хийж байна. Тэр дундаа зүрхний хавхлагуудыг солих, засах, хүүхэд, нярайн зүрхний болон төрөлхийн гажгийн суурь гажгийн мэс заслыг хийж байна. Дөрвөн сартай, дөрвөн кг-аас дээш жинтэй зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн мэс засал мөн агшиж байгаа болон агшаагүй зүрхэнд титэм судасны мэс заслыг хийж байна. Захын судасны мэс засал дотроо захын том судаснуудын цүлхэн, захын артеруудыг судасжуулах, венийн судасны мэс заслыг дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн хийж байгаа.
Манай орны нөхцөлд хийхэд хүндрэлтэй бие даасан мэс заслуудыг гадны багуудыг урьж хийдэг. Мэдээж энд хийх боломжгүй мэс заслыг боломжтой нь гадагшаа явж хийлгэдэг. Сүүлийн жилүүдэд зүрх судасны чиглэлээр гадагшаа явах урсгал нэлээд багассан. Жилд 2-3 орны баг ирж нээлттэй зүрхний мэс засал хийхээс гадна оношилгоо, эмчилгээ хийдэг.
-Нярайн зүрхний төрөлхийн гажиг юунаас болж үүсдэг юм бэ?
-Төрөлхийн гажгийн үүсэх шалтгааныг тодорхойгүй гэж үздэг. Хэрэв тодорхой байсан бол шалтгааныг устгачихаад дэлхий нийтээр хүүхдийн зүрхний төрөлхийн гажиггүй болно. Харин нөлөөлөх хүчин зүйлүүд бий. Тухайлбал, хоол, хүнс, хөрс, усны аюулгүй байдал, агаарын бохирдол, эцэг эхийн хорт зуршил, нийгмийн стресс, жирэмсэн эхийн толгойны өвдөлт ургийн гажиг үүсгэдэг гэсэн судалгаа байдаг.
Ер нь эх стресстэй байх гээд нөлөөлөх хүчин зүйл их. Нэг жишээ хэлэхэд Барс зах дээр урдаас оруулж ирсэн жимс зарж, түүнийгээ байнга хэрэглэдэг ээжээс төрсөн эхний хүүхэд нь зүрхний гажигтай төрөөд эмчлэгдсэн. Дараа нь дахин жирэмслээд төрөхөд нас барсан тохиолдол бий. Ерөнхийдөө хүүхэд эхийн хэвлийд бүрэлдээд эрхтэн тогтолцоо ялгаран хөгжих явцад хүчин зүйлийн нөлөө орчихоор төрөлхийн гажиг үүсэж байна.
Зүрхний төрөлхийн гажгууд ерөнхийдөө хоногоор нас нь хэмжигдэж, оношилгоо, эмчилгээ нь явагдаж байх ёстой. Гэтэл манайд оношилгоо нь ЭХЭМҮТ-д, эмчилгээг гуравдугаар эмнэлэгт хийдэг. Бидний хувьд бага жинтэй, бага нярайд мэс засал хийхэд тааруу. Ер нь дөрвөн кг-аас дээш жинтэй нярайд мэс засал хийж байгаа. Харин дөрвөн кг-аас доош жинтэй нярайд цөөхөн хийдэг. Монголд хийдэггүй хүндэрсэн гажгууд их байдаг.
-Зүрхний цоорхой гэж юуг хэлдэг юм бэ?
-Зүрхний бүтцийг харахад дээрээ хоёр, доороо хоёр өрөөтэй хоёр давхар байшин шиг. Дээд талын хоёр өрөөг тосгуур гэж нэрлээд бүх биеийн цусыг тосож аваад доошоо хоёр ховдол руугаа өгөхөд нэг нь уушги руу, нөгөө нь их бие рүү ордог хоёр том судсаар гардаг. Үүний дээд хэсгийн буюу дээд хоёр өрөөний хоорондын ханын цоорхой гэж энгийнээр ойлгож болно. Энэ цоорхойгоор том болтлоо үйл ажиллагаагаа явуулах боломжтой.
Мэргэжлийн хэлээр тосгуур хоорондын таславчийн цоорхойг шинж тэмдэг багатай, том болсон хойноо оношлогдох, том болтлоо үйл ажиллагаагаа явуулах боломжтой ийм гажиг. Энэ гажиг яагаад хожуу оношлогдоод байна гэвэл эхийн хэвлийд байхдаа цоорхой байдаг гэсэн үг. Ураг эхтэйгээ зүрх, хүйн судас, уушгины артер гол судас хоёрын хооронд цорго гээд гурван газар зүрх онгорхой байдаг. Эхийн цусны урсгал, ургийн цусны урсгал нэг байдаг. Хүйг тасалж анхны амьсгал авснаас хойш нөгөө гурван цоорхой битүүрч байх ёстой.
Энэ битүүрээгүй үлдсэнээс зүрхний гажиг үүсдэг. Эхийн хэвлийд байхдаа эрүүл цоорхой, хэрэв төрсний дараа битүүрэхгүй удвал гажиг болж үлддэг. Энэ нь харьцангуй олон жил хүндрэхгүй явах боломжтой. Хүний нас ахих тусам зүрхэнд ачаалал өгөх, тэр цоорхойгоор олон төрлийн цусны урсгал буруу тийшээ урсахад мэдэгдэнэ. Мэдэгдэхгүй ч байж болно.
-Ямар цоорхой нь эмчилгээгүй болдог, ямар цоорхой нь 1-2 хоногийн дотор эмчилгээ шаарддаг юм бэ?
-Эмгэг цоорхой буюу эхийн хэвлийд ч бай, төрсний дараа ч бай ямар ч хамааралгүйгээр тэс өөр газарт цоорхой байвал 1-2 хоногийн дотор эмчилгээ шаарддаг. Тухайлбал, доод хоёр өрөөний хоорондын хана битүү байх ёстой байтал ордог, гардаг бүх судас эмгэгээр солигдох, зүрх өөрөө хүнд хэлбэрийн дутуу хөгжил, хавхлагуудын дутуу гажиг. Ерөнхийдөө зүрхний эмгэг бүтэц өөрөө эрт хугацаанд оношлогдож, эрт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог.
Манайд орж байгаа мэс заслын нэлээдгүй хувийг насанд хүрсэн төрөлхийн гажиг эзэлдэг. Энэ нь тосгуур хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, цөөн тохиолдолд ховдол хоорондын таславчийн цоорхой орж ирдэг. Үүнийг зүрхний энгийн гажиг гэж хэлж болно. Зүрхний хүнд гажигт хавсарсан, хөх, хүнд гэж бий. Хөх гэдэг нь хүүхэд өөрөө цэлдэн хөх байна гэсэн үг. Бүх биеэрээ хөхөрсөн байна. Хүнд хөх гажиг төрөөд л шууд мэдэгдэнэ. Сүүлийн үед ургийн зүрхний эхо нэлээд хөгжиж байгаа учраас оношлогдох боломжтой.
-Тэгвэл ийм ургийг эхийнх нь хэвлийд оношлоод, төрснийх нь дараа эмчлэх боломжтой юу?
-Хөгжингүй оронд энэ оношилгоо бүр өндөр хөгжсөн. Би хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслаар Солонгост нарийн мэргэжил эзэмшээд ирсэн. Солонгост ч гэлтгүй сүүлийн үед Монголд ургийн зүрхний эхо, ургийн эхо оношилгоо сайжирсан тул оношилчихоод эцэг эхтэй нь зөвлөдөг. Танай хүүхдэд ийм гажиг байна, эмч нарын санаа ийм байна төрсний дараа мэс засал хийгээд бүрэн эдгэрч, засрах боломжтой өвчин байна гэдэг ч юм уу. Эсвэл энэ маш хүнд гажиг байна. Тиймээс ураг, жирэмслэлтийг таслах шаардлагатай байна гэдгийг эцэг эхтэй нь зөвлөдөг.
Харин өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдээ төрүүлээд, төрсний дараа мэс засал хийлгэж, эмчилгээ хийлгэнэ гэдэг байр суурьтай байдаг. Манай оронд ЭХЭМҮТ-ийн практик дээр ажилладаггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Үнэхээр хүнд гажиг байвал жирэмслэлтийг зогсоох нь зүйтэй. Энэ нь бүхэл бүтэн гэр бүлийн асуудал шүү дээ.
-Танай тасгийн хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Зүрхний мэс заслын нэг салбар л ийм байна. Өнөөдөр хавхлагын гажгаар Монгол дэлхийн жишигт хүрсэн. Тухайлбал, зүрхний хоёр, гурван хавхлагыг сольж байна. Хавхлага гэдэг нь хаалга гэсэн үг. Энэ маш хүнд мэс засал. Хүний зүрхэн дотор дөрвөн хаалга бий. Уушгины артер гэдэг том судасны амсар дээр, гол судасны хавхлага, зүрхэн дотроо дээд, доод хоёр давхраа хооронд нь тусгаарласан тэр хэсгийн орох, гарах хаалга буюу нэг нь гурван хавтас буюу гурван талаас нийлж хаагдаж, нээгддэг болохоор гурван хавтаст хавхлага, нөгөөх нь хоёр хавтастай учраас хоёр хавтаст хавхлага гэсэн дөрвөн хаалга байдаг. Үүнийг манай тасгийн хувьд бүгдийг нь засаж, солих мэс заслыг хийж байгаа. Хавхлагыг металл эсвэл биологийн буюу эдийн хавхлагаар сольдог. Эмч нартаа хянуулаад явахад ямар ч асуудалгүй.
-Тоног төхөөрөмжийн хувьд хэр хангалттай байна?
-Манай тасгийн хувьд харьцангуй сайн. Гуравдугаар эмнэлгийг тулгуурласан зүрх судасны үндэсний төв гэж байдаг. Энэ төвд Люксенбургын Засгийн газрын Монголд зүрх судасны оношилгоо, эмчилгээг чадваржуулах төсөл хэрэгждэг. Үүний хүрээнд 21 аймгийн зүрхний эмч нарыг сургадаг, эхо, тоног төхөөрөмжөөр хангадаг. Мөн төслийн нэг хэсэг нь зүрхний мэс заслын салбар. Энэ хүрээнд манайх зүрхний мэс заслын тоног төхөөрөмжийн хувьд хангамж сайтай, дэлхийн жишигт хүрсэн, зарим өндөр хөгжилтэй оронд байхгүй сүүлийн үеийнхээр хангагдсан байгаа. Люксембургийн эмч нар ирдэг. Мөн АНУ, Солонгос, Хятадаас ирээд манай тоног төхөөрөмж дээр ажиллахад гологдохооргүй.
-Зүрхний мэс засал хийлгэхэд төлбөр нь өндөр байдаг гэсэн. Энэ талаар та манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юү?
-Манайхан зүрхний мэс засал өндөр төлбөртэй гэж ойлгодог. Энэ төлбөр юун дээр гардаг вэ гэхээр зүрхэнд мэс засал хийхэд зүрх, уушгины үйл ажиллагаа зогсдог. Энэ үед уушги, зүрхийг орлуулдаг хиймэл аппарат ажиллуулдаг. Зүрхний мэс заслыг 6-10 гаруй цаг хийдэг. Тиймээс энэ хоорондох уушги, зүрхийг өөртөө худалдан авч байгаа аппаратын л үнэ.
Зөвхөн тухайн хүнд зарцуулж байгаа аппарат, тухайн хүний зүрхэн дээр тавьж байгаа нэг ширхэг утасны үнэ юм. Утас нь өндөр зэрэглэлийн, чанартай хүний зүрх судсыг оёдог тусгай утаснууд байдаг учраас энэ бүхний үнэ нийлээд тэр хүний мэс заслын дараах төлбөрийн 25 хувийг төлж байна гэсэн үг. Үлдсэн 75 хувийг даатгалаас дааж байгаа болохоор маш чухал. Ямар мэс засал хийж байгаагаас шалтгаалж төлбөр харилцан адилгүй байдаг.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
|