НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Хурлын хүрээнд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлууд, өдрийн хими эмчилгээнд шаардагдах эмийн эмчилгээний төсвийн талаар Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр танилцууллаа.
Мөн томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэг, орны зохицуулалт, дэмжлэгт хяналтын талаар Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээлэл хүргэсэн бол, амьсгалын замын халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлт бүлгийн хүн амыг зохих стандарт шаардлагад нийцсэн амны хаалтаар хангах тухай болон харьяа байгууллагуудын жилийн эцсийн стастистикийн тайлан, шуурхай хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн хурлаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа харвалтын дараах сэргээн засах эмчилгээний нэгж болон нярайн эмгэг судлалын тасгийг нээн ажиллуулах нөхцөл боломж хэр байгаа талаар зарим дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн дарга нарын саналыг сонслоо. Мөн уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөс гадна хоол, архины хордлого, осол гэмтэл зэрэг эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг иргэд, олон нийтэд эрчимтэй хүргэж ажиллахыг эмнэлгийн удирдлагуудад даалгалаа.
Дашрамд дуулгахад амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлэгт ХЕПА шүүлтүүр бүхий 16 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг гардуулж өглөө.
Тухайлбал хүүхдийн 70 ортой тасаг нээн ажиллуулж буй Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвд 8 ширхэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд тус бүр 4 ширхэг төхөөрөмж өгсөн юм. Мөн энэ үеэр “Мон тө бэ” хувийн эмнэлгийн их эмч Ч.Энхтуяа болон түүний гэр бүлийн зүгээс хүүхдийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч төхөөрөмж хандивласныг СХД-ийн эрүүл мэнд төвд хүлээлгэн өгч байна.
Агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хэрэглэснээр гадаад болон дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлэх төдийгүй хүүхдийн эмчилгээнд эерэг нөлөө үзүүлэх юм. Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө энэхүү ажлыг дэмжин, өөрсдийн хэмжээнд үйл ажиллагаа болгон үргэлжлүүлэхийг НЭМГ-аас нийслэлийн төр, захиргааны байгууллагуудад хандан уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР