ДЭМБ-аас H1N1 вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг хүлээлгэн өглөө
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 75.775 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогджээ. Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг 0-1 нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Томуу, томуу төст өвчний өвчний үед хэрэглэдэг “осельтамивар” эмийг өнөөдөр Эрүүл мэндийн яаманд гардуулж өглөө.
Манай улс анх 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд уг эмийг хэрэглэж эхэлсэн бөгөөд осельтамивар эм нь ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон эм юм.
Энэхүү нэн шаардлагатай эмийг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Хоёр жилийн өмнө томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг шалан дээр хүлээн авдаг байсан. Бид энэ жилийн томуу, томуу төст өвчний үед нэг ч хүнийг шалан дээр хүлээн аваагүй. Эвхдэг ор дэлгэж хүүхдүүдээ хүлээн авч байсан. Өнгөрсөн долоо хоногт БЗД, ЧГД-ийн хорооны цэргийн госпиталь эмнэлэгт 78 ор дэлгэж байршууллаа. ЧГД-ийн 10 хорооны хүүхдийг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт, СХД-ийн том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээ “Ачтан” эмнэлэг рүү шилжлээ. Ингэсний үр дүнд өнөөдөр нэг ч хүүхэд коридорт байхгүй байна. Өнөөдөр Н1N1 вирусын гаралтай ханиадны үед хамгийн их үйлчилгээ сайтай энэхүү эмийг ДЭМБ бидэнд өгч байна. Эхний 500 хүн тун эм ирлээ. Ирэх долоо хоногт 1800 хүн тун эмийг ДЭМБ бидэнд хандив болгон өгч байна. Энэ бол зовох цагт нөхрийн чанар танигдсан, сайхан үйл гэж үзэн баярлаж буйгаа илэрхийлье” гэлээ.
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица “Европын болон Азийн улс орнуудад өвлийн улирал болж буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Ганцхан Монголд биш АНУ-д дэгдэлт өндөртэй, дэлхий нийтийн асуудал болчихоод байна. Томуугийн дэгдэлттэй холбоотой ДЭМБ-аас улирлын чанартай томуугийн эсрэг тариулдаг вакциныг тариулахыг зөвлөж байна. Энэхүү вакцин нь H1N1 вирусын эсрэг боловсруулж гаргасан. Тиймээс үүнийг сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс хүсч байна” гэсэн юм.
Осельтамивар эм нь вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчнийг хүндрэх болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлэх ач холбогдолтой юм байна.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|