Залуучуудын эрүүл мэнд цэцэрлэгийн наснаас нь доройтож байна

2019 оны 1 сарын 22

Амралтын өдрүүдээр ч цэргийн бүртгэлээ хийлгэх боломжтой Arslan.mn

“НҮДНИЙ ӨВЧЛӨЛ, ХООЛОЙНЫ АНГИНА ЦЭРЭГТ ТЭНЦДЭГГҮЙ ГОЛ ШАЛТГААН”

Цэргийн насны залуучуудын тал орчим хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцдэггүй. Энэ талаар Монголын эрэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Авиценна” төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, АШУ-ны доктор, профессор М.Туултай ярилцлаа.

-18-25 насны залуучуудын дунд ямар өвчин хамгийн түгээмэл байна вэ?
-Цэргийн насны залуучуудын дунд нүд ба түүний дайврын өвчин, чих ба хөхлөгийн өвчлөл нэгдүгээрт ордог. Ер нь нүдний өвчлөл бол хотжих үйл явцтай холбоотой үүсдэг өөрчлөлт. Өмнө нь нүүдлийн соёл иргэншилтэй байхад монголчууд цэлийсэн талд бэлчиж байгаа мал сүргээ, нүд алдам талаа, өндөр сүрлэг уулаа харж, нүдний харааг хязгаарлах зүйл байдаггүй учраас нүдний хараа нь сайн байсан.

Харин одоо гадаад орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нүдний хараа нь муудаж байна. Одоо цагт өндөр өндөр байшингууд олноор баригдаад ирэхээр холыг харах шаардлагагүй болсон. Бид нүдээрээ нэг талаас монгол хүний амьдрал ахуйд цоо шинээр бий болсон зурагт, компьютер, пад, гар утас гээд олон хэрэглээний төхөөрөмжүүдтэй удаан хугацаагаар харьцаж байна. Хол, ойрыг харах үед нүдний эргэн тойрны булчингууд чангарч, суларч, харааг төвлөрүүлдэг зохицолтой юм.

Одоо цагт өндөр өндөр байшингууд олноор баригдаад ирэхээр холыг харах шаардлагагүй болсон.

Гэтэл дээр бий болсон онцлогууд нүдний хараа өөрчлөгдөхөд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нүдний хараа муудаж байна. Гүйлсэн булчирхай өвдөх, чихнээс булаг гоожих нь эрүүл мэндэд маш их сөрөг нөлөөтэй ч залуучууд тэр бүр тоодоггүй. Сонсоход ялихгүй өвчин мэт ч цаашдаа үрэвсэлтэй удаан явбал өөр олон өвчин үүсэх шалтаг болдог.

Харин хоёрт, дотоод шүүрлийн тэжээлийн ба бодисын солилцооны өвчин эмгэг ордог. Дотоод шүүрэл бол хүний бие махбодын үйл ажиллагааг илтгэдэг хамгийн том үзүүлэлт. Гуравт, зүрх судасны тогтолцооны өвчин, дөрөвт, гэмтэл, хордлого болон гаднын шалтгаант эмгэгүүд ордог. Харин тавдугаарт, шээс, бэлгийн тогтолцооны эмгэг орж байна.

-Энэ дүгнэлтийг ямар судалгаанд үндэслэсэн юм бэ?
-Монгол орны таван бүсийг төлөөлүүлж Дорнод, Ховд, Өмнөговь, Орхон аймаг, Улаанбаатар хотын, цэргийн зарлан аваад эрүүл мэндийн үзлэгт орсон 18-25 насныхны дунд “Монголын залуучуудын эрүүл мэндийн байдал, бие бялдрын судалгаа” хийсэн. Энэ судалгааг Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яамны захиалгаар олон эрдэмтэн хамтарч хавар, намрын улиралд хийсэн юм. Судалгаанд оролцсон залуусын 60-70 орчим хувь нь эрүүл мэндийн ямар нэгэн эмгэгтэй байсан.

-Залуучуудын цэрэгт тэнцэхгүй байгаа гол шалтгаан нь юу вэ?
-Нэгдүгээрт, нүдний хараа муудсанаас, дараа нь даралт ихэссэн, зүрхний цохилт өндөр байх зэрэг шалтгаанаас болоод залуучууд цэрэгт тэнцэхгүй байна. Даралт ихэссэн, зүрхний цохилт өндөр байх гэсэн хоёр амин үзүүлэлт нь хоолойн ангины хүндрэлийн эхний шинж тэмдэг юм. Хоолойг нь үзэхэд гүйлсэн булчирхай бүтцээ алдсан, зарим нэг нь идээтэй байдаг.

-Яагаад ийм болсон талаар ямар тайлбар өгөх вэ?
-Үүний шалтгааныг олохын тулд бүр ул, үндсээр нь авч үзэх хэрэгтэй. Хүний бие бол бүхэл бүтэн систем юм. Залуучууд энэ насандаа ямар нэгэн өвчнөөр өвдөөд байдаггүй. Харин гол шалтгаан нь хүүхэд байхдаа олон дахин өвдсөнтэй холбоотой. Хүн 20 нас хүртлээ гурван удаа их эрчимтэй өсдөг юм байна. Эхлээд нэг нас хүртлээ, дараагийнх нь 4-5 насанд, мөн 12-14 насанд эрчимтэй өсдөг. Нэг нас хүртэл нь ээж, аав нь гэрт нь хараад, дээд зэргээр асарч, анхаарал тавьдаг учраас өсөлт хэвийн. Хоёр гурван нас хүрээд цэцэрлэгт ордог.

Үүнтэй зэрэгцээд хүүхдийн өсөлтийн үзүүлэлтүүд буурч эхэлдэг. Ингэж буурсаар байгаад таван насандаа доод түвшиндээ хүрдэг. Тэгэхээр 2-5 насанд л монгол хүүхдүүд өвчлөөд байна. Олон дахин ханиад хүрэх, хатгаа авах, чих өвдөх нь эрүүл мэндийн нөөцийг 25, 30 насанд нэлээд дордуулаад байна. Харин зургаан наснаас эхлээд ямар ч арга хэмжээ аваагүй байхад хүүхэд өсөж, 12 настайдаа өсөлт нь дэлхийн үе тэнгийнхэнтэйгээ адилхан стандартад хүрдэг.

Тиймээс цэцэрлэгт явах тэр хэдхэн жилд л нийгэм, гэр бүлээс дээд зэргийн анхаарал тавьж чадвал насанд хүрээд эрүүл чийрэг хүн болох боломжтой. Тодруулбал, 20-39 насныхны эрүүл мэндийн доройтол цэцэрлэгийн насанд л үүсэж байна гэж хардаг. Энэ саадыг бид арилгах ёстой.

Төдий насны хүүхэд өөртөө анхаарал тавьж чадахгүй учраас нийгэм, гэр бүл маш чухал үүрэгтэй. Уг нь манай эцэг, эхчүүд хүүхдүүдээ сайн асарч, халамжилж чаддаг. Монгол хүүхэд анх төрөхдөө дэлхийн дунджаас 150 гр-аар бага жинтэй байдаг. Энэ нь Ази тивийнхний онцлог л доо. Тэгсэн атлаа Монгол хүүхэд нэг нас хүрэхдээ олон улсын дундажтай нэг түвшинд очсон байдаг.

-Бага насандаа олон дахин хатгаа тусах, хоолой өвдөх нь насанд хүрээд олон суурь өвчтэй болох гол шалтгаан гэж ойлгож болох нь ээ?
-Хоолойны ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл бол ахуйн замаар дамждаг халдварт өвчин шүү дээ. Олон улсад бактериар үүсгэгдсэн чимээгүй тахал гэдэг. Гэтэл манайд үүнийг халдварт өвчнөөс хасаж, халдваргүй өвчний тоонд оруулсан.

-Хэрхэн халдварладаг юм бэ?

-Амаар, бохир гараар. Тухайлбал, аяга, халбагаар дамждаг. Мөн хүүхдээ амаараа хоолловол халдварлана. Гаднын олон оронд хоолойны ангинатай хүнээс их цэрвэдэг. Манайд сүрьеэтэй хүнтэй ураг садан болох дургүй байдагтай ижил ханддаг. Франц, Шведэд хоолой нь өвдсөн хүнийг ажилд нь явуулдаггүй.

Аавуудын боловсролын түвшин хүүхдийн эрүүл мэндэд чухал

Хоолой идээлсэн бол амны хаалт зүүгээд хаашаа ч явдаггүй. Тэр бүү хэл хүүхдээ хөхүүлэхийг нь болиулдаг. АНУ 1970-аад онд хоолойны ангинын эсрэг аян явуулсан нь үр дүнтэй болсон.

Хүүхдүүдээ зургаан нас хүртэл нь гэрт нь хүмүүжүүлээд, шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдийн хоолойны махыг нь авсан. Ер нь хоолой буюу амны хөндий, бэлгийн замын өвчин хоёроос салж байж л монголчууд эрүүлжинэ.

-Та олон жил монголчуудын эрүүл мэндийн талаар судалгаа хийсэн юм байна. Монголчуудын, ялангуяа, залуучуудын эрүүл мэндэд сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарав?
-Цэргийн насны залуучуудын бие, бялдрын хөгжлийг судалж байхад шилбэний тойргийн хэмжээ нь буурсан үзүүлэлт гарсан. Энэ нь хотжилттой холбоотой. Нүүдэлчин аж амьдралтай байхад хөл, гар их булчинлаг байсан нь гэрийн, биеийн хүчний ажил их хийдэг байсантай холбоотой. Тойргийн хэмжээ буурна гэдэг тухайн хүний амьдарч байгаа орчин хэт тав тухтай байдал руугаа шилжиж байна гэсэн үг.

Ер нь сэрүүн бүс нутгийн хүн амын бие бялдрын хөгжил их өвөрмөц. Халуун, дулаан орныхоос өөр. Биеийн дулаанаа удаан барих шаардлагатай учраас сэрүүн бүсийнхэн намхан нуруутай, хөл гар нь урт байдаггүй. Мөн хөндлөн хэмжээсүүд өргөн байдаг нь өөхөн давхаргатай холбоотой. Шуу, шилбэний тойрог нарийссан байдал хотын залууст илүү ажиглагдсан гэж антропологийн судлаачид бичсэн байдаг.

Тэгэхээр эдгээр өөрчлөлт орчин үед монголчуудын бие цаг уураас гадна амьдралын хэв маяг нь суурин болсонтой холбоотой юм. Гэхдээ цэргийн насны залуучуудын дунд өвчлөл их байгаа ч бие бялдрын хөгжил нь яг л биологийн хөгжлийн дагуу хэвийн явагдаж байна. Цэрэгт татагдахаар ирж буй залуучуудын дунд таргалалт, тураал тодорхой хэмжээгээр байдаг.

-Монгол эрчүүдийн эрүүл мэндийг сайжруулъя гэвэл юунд түлхүү анхаарах ёстой вэ?
-Хүүхэд насанд нь эцэг, эх, гэр бүлийнхэн нь маш сайн анхаарах шаардлагатай. Төлөвлөөгүй, өөрсдөө суурь өвчинтэй байж хүүхэдтэй болж байна. Мөн хожуу төрж буй эмэгтэйчүүд суурь өвчин ихтэй учраас хүүхэд нь түүнийг төрөхдөө л өвлөж авдаг. Тиймээс бид өөрийнхөө, эргэн тойрныхны эрүүл мэндэд сайтар анхаарч, эрүүлжүүлэх ёстой.

Ялангуяа, чих, хоолой, шүд зэрэгамны хөндий, сонсголын эрхтнүүдээ сайн эмчлэх шаардлагатай. Мөн аавуудын боловсролын түвшин ямар байх нь хүүхдийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэсэн судалгаа байдаг. Хүний эрүүл мэнд маш олон зүйлээс шалтгаалдаг ч тал хувь нь амьдрах орчин, хоол унд, өөртөө анхаарал тавих мэдлэг зэргээс хамаарна.

-Монголд эрэгтэйчүүдийн эмнэлэг хуруу дарам цөөн байдаг. Эрчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд зориулсан ямар бодлого байдаг юм бол?
-Өмнө нь 2014 онд буюу С.Удвал сайдын үед бид ЭМЯ, бусад байгууллагатай хамтран эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн стратеги боловсруулж батлуулсан. Гэвч сайд солигдоод, бүтцийн өөрчлөлтөөс болоод хэрэгжээгүй, орхигдсон.

Харин саяхан Эрүүл мэндийн яаманд УИХ-ын байнгын хорооноос албан бичиг хүргүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний хөтөлбөрийн ажлын хэсэг байгуулагдаж анхны хурлаа хийлээ. Монголын эрэгтэйчүүдийн холбоо, бусад ТББ, мэргэжлийн эмч эрдэмтэд хамтран ажиллах болсон.

-Таны зүгээс энэ хөтөлбөрт ямар санал оруулах вэ?
-Эрчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг дээшлүүлэх эрүүл мэндийн байдлыг нь сайжруулах зорилт өмнө нь тавьж байсан, тэр саналаа л оруулна. Энэ нь гурван том зорилттой. Нэгд, эрчүүдийн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээнд шаардлагатай багаж, аппарат, мэргэжилтнээр хангах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх.

Хоёрт, эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг бууруулах. Үүнд, бэлгийн замын өвчин, архидалт, гэмт хэрэг зэрэг орно. Гуравт, иргэн, айл бүрт эрүүл мэндийн боловсрол олгох гэсэн санал оруулахаар төлөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599506
0 эможи

keyboard_arrow_up