10 жил царцсан IV амаржих газрыг энэ онд ашиглалтад оруулна
Олон жил санхүүжилт нь саатсан, гадаадын зээл тусламжаар баригдаж байгаа гэх арваад эмнэлэг, эрүүл мэндийн төвийн царцаагдсан барилга бий. Одоогоор дөрвөөс бусад царцаагдсан барилгыг улсын комисс хүлээж авсан. Үлдсэн дөрвийг нь энэ жилээс эхлэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэдэг мэдээллийг албаныхны зүгээс өглөө. Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Халдварт өвчин судлалын төв”-ийн эмнэлгийн гурав дахь шатны лабораторийн барилгыг энэ жил ашиглалтад оруулахаар улсын төсөвт суулгасан. Яармаг дахь ахмад настнуудад үйлчлэх Герентологийн төв эмнэлгийн санхүүжилт улсын төсөвт бүрэн суугаагүй учраас барилгын ажил бага зэрэг удаашралтай байгаа.
Түлэнхийн төвийн байрыг барилгын насжилт дууссан шалтгаанаар дахин барихаар төлөвлөж, улмаар Түлэнхийн төвийнхөн ГССҮТ-ийн байранд тав орчим жил хаяа залгуулж, дараа нь “Мөнгөн гүүр” эмнэлэг рүү нүүж сарын 28 сая төгрөгийн түрээсийг бүтэн жил төлж байгаад эргээд ГССҮТ-ийн байранд очсон. Уг барилгын ажлыг 2017 оны тавдугаар сараас Кувейтийн сангийн санхүүжилтээр явуулж, энэ онд ашиглалтад оруулах байсан.
Хүйтний улирал, дулааны асуудлаас шалтгаалж барилгын ажил түр саатсан. Гүйцэтгэл 80-90 хувьтай байна” гэж мэдээллээ. Эдгээр эмнэлгүүд ашиглалтад орвол иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд урт дараалалд зогсох нь бага ч болов багасах юм. Харин удаан хугацаанд царцаагдсан дөрөв дэх барилга болох IV амаржих газрыг одоогийн “Буянт-Ухаа 2” хорооллын урд барихаар анх 2008 онд зураг төсөв зохиож, 2010 онд барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Тус барилгын гүйцэтгэгчээр “Нийслэл Өргөө”, “Пума” компаниуд шалгарч гурван жилийн хугацаанд ажлыг хүлээлгэж өгөхөөр тохиролцож байсан юм. Гэвч нийгэмд ихээхэн хүлээлт үүсгэж, “Энхрий үрс-Халуун сэтгэл” төрийн бус байгууллагаас 2016 оны дөрөвдүгээр сард царцсан барилгыг ашиглалтад оруулахыг шаардаж жагсаал хүртэл хийж байлаа.
Барилгын санхүүжилтийн 95 хувь буюу 19 орчим тэрбум төгрөгийг улсын төсвөөс гүйцэтгэгч “Нийслэл Өргөө” компанид өгсөн боловч тус компани санхүүжилтын хөрөнгөнөөс завшсан, төсөв хүрээгүй зэрэг шалтгаанаар барилгын ажлыг зогсоож, байгуулсан гэрээг цуцалсан. 2015 оны төсөвт гэхэд барилгыг гүйцээж барих санхүүжилт тусгагдаагүйн улмаас он дамжин царцсан. Хуучин Соёл, спорт, аялал жуулчлалын яамны барилгыг дуудлага худалдаагаар зарсан хөрөнгөөр гүйцээж барина гэсэн ч мөн л хөрөнгө санхүүгийн асуудлаас болж гацсан.
IV амаржих газрыг одоогийн “Буянт-Ухаа 2” хорооллын урд барихаар анх 2008 онд зураг төсөв зохиож, 2010 онд барилгын ажил эхлүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ.
Тиймээс өнөөдрийн байдлаар барилгын ажил ямар шатандаа явж, хэзээ ашиглалтад орох талаар тодорхой мэдээллийг сурвалжиллаа. Зорьсон газраа очиход барилгын гадна пасадны ажил үргэлжилж байгаа болов уу гэмээр харагдана. Цонхоор мэр сэр гэрэл сүүмэлзэх бөгөөд барилгыг тойруулсан төмөр хашаан дотор цасанд хучигдсан овоолсон элс, ухсан нүх, шороо, зарим техник хэрэгслээс эхлээд шинэхэн барилгын материалууд өрөөстэй байлаа.
Барилгын ажлын явцын талаар гүйцэтгэгч “Томо бюлдинг” ХХК-ийн талбайн инженер Н.Отгонжаргал “30 гаруй хувьтай царцсан барилгыг 2017 оны зунаас гэрээ байгуулж, намар нь хүлээн авч, ажлаа эхлүүлсэн. Тухайн өвөл нь сул зогсолттой байсан байх. Миний мэдэхээр 2018 оны дөрөвдүгээр сараас барилгын ажил зогсолтгүй явж байна. Гадна пасадны ажил дуусах шатандаа байна. Цонх суугдсан. Шатны чулууг наасан. 10 гаруй лифт суулгасан. Гуравдугаар cap гараад бүх лифтээ суулгаад дуусна.
Үлдсэн сангийн ажлуудыг хийж байгаа. Дотор заслууд үндсэндээ дуусаж, элсэн тэгшилгээн дээр цагаан замаска татах зэрэг заслын ажлыг гүйцээж хийнэ. Одоо дулааны асуудал тулгамдаж байна. Ойрын хугацаанд дулаантай болчихвол шахуу ажиллаж, хурдан л ажлаа хүлээлгэж өгмөөр байна” хэмээн ажлын явцаа танилцууллаа. Харин олон жилийн хугацаанд царцсан барилгыг гүйцээж барихад хэр их асуудал гарч байна гэхэд барилгын талбайн ажилтан “Мэдээж тодорхой хэмжээнд асуудал гарна.
Бид болгох талаас нь хичээж ажилладаг. Тухай бүрт нь зааварчилгааны дагуу хий гэснийг нь хийдэг” гэлээ. Тус барилгын ажлын зураг төсөл зурагдсанаас хойш 10 жилийн хугацаанд эмнэлгийн стандартад хүртэл зарим нэг өөрчлөлтүүд орсон. Эдгээрийг тусгаж, ажил эхлэхийн өмнө барилгын үндсэн хийцэд хөдлөнгийн лабораторийн шинжилгээ хийжээ.
Шинжилгээгээр даацын хийц элементэд ямар нэгэн өөрчлөлт үзүүлээгүй байна гэсэн дүгнэлт гаргажээ. Үүний дагуу үе шаттайгаар ажлаа гүйцэтгэж байгаа аж. Мөн барилга зогссон хугацаанд эмнэлгийн барилгын хажуугаар хар зам тавьснаас болж зарим объектуудын байршил өөрчлөгджээ.
Мөн барилгын ажлын санхүүжилт, үйл ажиллагаатай холбогдох зарим зүйлийг Эрүүл мэндийн яамны Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Г. Базархүрэлээс тодрууллаа.
-“Томо Бюлдинг” компанитай хэзээнээс гэрээ хийсэн бэ?
-Үндэсний хөгжлийн газарт концессын тендер зарласнаар 2017 оны долоодугаар сард “Томо Бюлдинг” ХХК-тай 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгийн гэрээ хийсэн. Тус компани өөрсдийн хөрөнгөөр барьж дуусгаад 2020 онд улсын төсвөөс санхүүжилтээ авах юм. 2018, 2019 онд төсвөөс санхүүжилт авахгүй гэсэн үг.
-Дулааныг төвийн шугамд холбоход асуудал гарснаар барилгын ажил явуулахад хүндрэл үүссэн байна лээ. Энэ нь ашиглалтад орох хугацаанд нөлөөлж болох учраас асуудлыг хэзээ шийдэж, барилгыг хэзээ хүлээж авахаар төлөвлөсөн бэ?
-Энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгахаар төлөвлөж байгаа. Дулаанаас гадна цахилгаан, цэвэр бохир усны асуудлаас болж хүлээгдэж байна. Төрийн орон сууцны корпорацын “Буянт ухаа 2” хорооллын баригдаж байгаа барилгуудтай уялдаж дулааны шугамыг өргөтгөх, хэрэгцээтэй хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Барилга, хот байгуулалтын яамнаас хийж байгаа. Эдгээр ажлууд хийгдчихвэл дулаанаа аваад ажлаа яаравчилна.
Хоёр хоногийн өмнө холбогдох яамдуудаас асуудлыг шуурхай шийдэх тал дээр үүрэг өгч, ажлын хэсэг хуралдсан. Эхний ээлжид дулаанаа хэсэгчилсэн байдлаар өгөхөөр төлөвлөж байгаа.
-Өмнөх “Нийслэл Өргөө” компанийн асуудлууд юу болсон бэ?
-Тухайн үед “Нийслэл Өргөө” компани нь санхүүжилтээр хэдэн төгрөг авсан, хэрхэн зарцуулсан талаар Үндэсний аудитын газраас шинжээчийн баг бүхий ажлын хэсэг гарч ажилласан. Хохирлыг тогтоож хэргийг эцэслэж шүүхээр шийдсэн. Одоогоор “Нийслэл Өргөө” компаниас манайхыг шүүхэд өгч, нэхэмжлэл гаргасан асуудал гарч шүүх хурал товлогдсон.
-Ямар асуудлаар шүүхдэж байгаа юм бол. 2015 онд 1.9 тэрбум төгрөг Эрүүл мэнд, спортын яамны дансанд ороод алга болсон гэж ярьж байсан. Энэ талаар тодруулна уу?
-Тухайн үед “Нийслэл Өргөө” компани Сүхбаатар дүүрэгт бас спортын барилгын цогцолбор барьж байсан. Түүний барьцаа баталгааны 900 сая төгрөг одоогийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд очсон. Харин IV төрөхийн барьцаа баталгааны 900 сая төгрөгийг суутгасан. Эрүүл мэндийн яамны улсын төсвийн дансанд байршиж байгаа. Тухайн үед манайх Эрүүл мэнд, спортын яам байсан учраас нэгтгэж орсныг одоо салгасан. Дээрх барьцааны мөнгөнүүд нийлээд 1.9 тэрбум төгрөг болж байгаа юм. Тэгэхээр алга болсон зүйл байхгүй. Шүүхдэж байгаа тухай нарийн мэдээлэл надад байдаггүй.
-Одоогийн гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр барилгыг барьж дуусгана гэлээ. Барилгын ажлыг түргэвчлэхэд танайхаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?
-Анх хүлээж авахад 34 хувьтай байсан барилгын ажил жил гаруйн хугацаанд буюу одоогийн байдлаар 80 хувьтай явж байгаа. Үндсэн барилгын бүтцийн ажлууд дууссан. Нарийн технологи стандарттай хагалгааны өрөөний зураг төсвийг батлуулж, Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийлгэх зэрэг ажлууд хийгдэж байгаа. Сайдын тушаалаар Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Усны судалгааны газрууд, Төрийн орон сууцны корпорацын төлөөллүүд зэрэг холбогдох хүмүүс ажлын хэсэг байгуулахаар хуралдлаа. Ажлын хэсгээ байгуулаад тулгамдсан асуудлуудыг шийдээд явна.
-Барилга ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой вэ?
-Төрөх эмнэлгүүдийн ачаалал их байгаа энэ үед тус барилга ашиглалтад орсноор ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой. Хүүхдийн 140 ор, төрөхийн 160 ортой томоохон цогцолбор хэлбэрээр ашиглалтад орно. Барилга ашиглалтад орсноор II амаржих газар тийш нүүнэ. Цаашлаад тоног төхөөрөмж, ажиллах хүч зэргээр шийдэх ажлууд бий.
Нийслэлийн хэмжээнд 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3,451 эх амаржсан бол жилийн дүнгээр 40,373 эх амаржсан гэх судалгаа бий ч улсын төрөх эмнэлгүүдийн хүрэлцээ муу, ачаалал их байдаг. Жилээс жилд төрөх эмнэлгийн ачаалал нэмэгдсээр “жирэмсний эмгэг эмчлэх” буюу жирэмсэн эхийн хэвтэн эмчлүүлдэг хэсэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийн ачаалал ч бас ихсэх боллоо. Энэ нь томуу, томуу төст өвчний өвчлөл ихэссэнтэй шууд холбоотой.
“Нийслэл Өргөө” буюу I амаржих газрын бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч даргаД.Наранцацралт “Манай эмнэлэгт ачаалал маш их байна. Эмэгтэйчүүд, эх барих, нярайн гурван хүлээн авахаар 24 цагт 200 орчим хүн үйлчлүүлж байна. Ачааллын улмаас эмчийн нэг хүнд зарцуулах цаг багасч, тухайн хүнд чанартай үзлэг хийх боломж багасна. IV амаржих газар ашиглалтад орвол ачаалал эрс буурна.
Гэвч манай эмнэлгийг нийслэлийн харьяаллын болон харьяалал бус дүүргийн, орон нутгийн хүмүүс зориод ирдэг. Яг төрөх дөхсөн манай харьяаллын бус хүнийг ч хүлээж авдаг. Нэг эмч нэг хүнийг үзэхдээ стандартаар бол 30-40 минут зарцуулна гэдэг ч одоогийн байдлаар нэг эмч өдөрт дунджаар 30-40 хүн буюу нэг хүнийг 5-10 минутад л үзэж байна. Эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийг сайн анхаарч, тайлбарлаж ажиллах цаг хүрэлцээгүй байдаг учраас иргэдийн дунд бухимдал үүсдэг.
Харин төрөлт хоногт дунджаар 40-50 байдаг. Орны хүрэлцээнээс хамаарч хэвийн төрөх замаар төрсөн ээжүүд нэг хононо. Кесар хагалгаагаар төрсөн бол хоёроос гурав хоноод л гардаг. Коридорт хэвтэх үе ч цөөнгүй шүү дээ” гэж ярилаа. I амаржих газраас гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, II амаржих газар, III амаржих газар гээд нийслэлийн 1.4 сая хүнд хэт цөөдсөн эх, хүүхдийн эрүүл мэндийн манааг сахин хамгаалах үүрэгтэй улсын эмнэлгүүд иргэдэд үйлчилдэг.
Энэ үед хүлээлт үүсгээд удаж байгаа IV амаржих газар буюу улсын төрөх эмнэлгийн тоо нэгээр ч гэсэн нэмэгдвэл иргэдэд юунаас ч илүү хэрэгтэй. Ингэснээр жирэмсэн эх болон амаржиж буй эх, хүүхдийн эрүүл мэнд сайжирч, цаашилбал хүн амын бүтцэд ч сайнаар нөлөөлөх ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
|