А.Оюунбилэг: Урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол өнөөдөр Монголд ХДХВ-ийн халдвартай хүний тоо 13,639 байх байсан

2019 оны 1 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, “Глобал" сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэгтэй ярилцлаа.

-“Глобал сангийн дэмжлэгтэйгээр” гэдэг үг хүмүүст танил болоод хэдийн 15 жил өнгөрч. Энэ хугацаанд ямар, ямар төсөл хэрэгжүүлсэн байх юм?

-Би эхлээд “Глобал” сан гэж ямар байгууллага юм бэ, юу хийдэг вэ гэдгийг товч тайлбарлая л даа. 2001 онд Нэгдсэн үндэсний байгууллага (НҮБ)-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан “Жил тутам зургаан сая гаруй хүний амь насанд хүрч, улс орон бүрт нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж буй Дархлалын олдмол хомсдол (ДОХ), сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэхэд Эрүүл мэндийн салбар ганцаараа зүтгээд дийлэхгүй нь дэлхий нийтэд тодорхой боллоо.

Иймд энэ асуудалд бусад салбаруудын оролцоог хангая, ялангуяа Иргэний нийгмийн байгууллагууд, Төрийн бус байгууллагууд, Хувийн салбаруудын дэмжлэг, оролцоог авъя” гэж уриалга гаргасны дагуу 2002 оны нэгдүгээр сард Женев хотноо ДОХ,сүрьеэ, хумхаатай тэмцэх “Глобал” сан байгуулагдсан юм. Тус сан нь өндөр хөгжилтэй улс орнуудын засгийн газар болон хувийн салбаруудын хандиваар хөрөнгөө бүрдүүлдэг.

Манай орны хувьд 2003 оноос хойш тус сангийн дэмжлэгтэйгээр ДОХ, сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг нийт хүн амд хүргэх, Үндэсний бодлого, стратеги хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төслүүдийг хэрэгжүүлж, үүндээ шаардлагатай санхүүгийн дэмжлэгийг авч байна. Нийтдээ ДОХ, Сүрьеэ, Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр 69.5 сая ам.долларын санхүүжилтийг буцалтгүй тусламжаар 2020 он хүртэл аваад байна.

Үүн дээр нэмээд 2018 онд ДОХ-ын эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн Ази номхон далайн баруун эргийн бүсийн төсөлд оролцон 954 мянган ам.долларын, сүрьеэгийн төсөл дээр нэмэлтээр 1.5 сая ам.долларын санхүүжилт тус тус авахаар болсон. Энэ бүх төсөл дээр ЭМЯ нь үндсэн хэрэгжүүлэгчээр ажилладаг. 

-Хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, ач холбогдлын тухайд юу хэлэх вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр хамгийн сүүлийн мэдээллээр ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгдсэн байна. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа хэр нь ХДХВ, ДОХ-той хүмүүсийн тоо буурах биш эсрэгээрээ нэмэгдээд байх юм? 

-Монгол Улсад ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойших 27 жилийн хугацаанд нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг 0.1 хувиас бага түвшинд нь тогтоон барьж чадаж байна. Мөн ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд болон цус цусан бүтээгдэхүүнээр ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол нэг ч гараагүй. Энэ нь төр засгаас зөв зүйтэй бодлого авч хэрэгжүүлсний үр дүн ба түүнд үзүүлсэн “Глобал” сангийн буцалтгүй тусламжтай салшгүй холбоотой юм.

Статистик тооцооллоор Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай байж болох хүний тоо 653 гэж үздэг. Гэтэл бид үүний тал хүрэхгүй хувийг л илрүүлээд байна гэсэн үг. Илрүүлэлтийг улам сайжруулах хэрэгтэй. Тэгж байж л одоогийн бага тархалтаа цаашид тогтоон барина гэсэн үг. Тохиолдлын тоогоор хөөцөлдөөд байх нь ямар ч ач холбогдолгүй юм. Та нар бодоод үз дээ. 27 жилд 267 халдварын тохиолдол илэрсэн нь нэг жилд 9.8 хүн ХДХВ-ийн халдвартай гэж бүртгэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд ДОХ-оор 42 хүн нас барсан. Үүнийг 27 жилдээ хуваагаад үзвэл жилд 1.5 хүн нас барж байна. Би ХДХВ-ийн халдварын тархалтыг хамгаалаад өмөөрөөд байгаа юм биш. Ташаа ойлголт мэдээллээс гарах хор уршиг, үр дагаврыг бодоод байна. Жишээлбэл: Элэгний В, С вирус болон ХДХВ-ийн халдварлах зам, хор хөнөөл яг адилхан. Цусаар, бэлгийн замаар халдварлана.

Гэтэл ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг В, С вирусийн халдвартай хүмүүстэй харьцуулахад эрүүл мэндийн байгууллагад сайн дураар хандах хандлага нь бага байдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалт, ташаа ойлголттой шууд холбоотой. Мөн тэмбүү нь бүрэн эмчлэгддэг, удамшдаггүй байтал “Монгол хүний удмын санд нөлөөлж байна”, “Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна” гэх зэрэг ташаа мэдээллүүд нь бидний цаашдын авах арга хэмжээ, бодлогоо зөв тодорхойлоход сөрөг нөлөө үзүүлж болох юм.

-“Глобал” сангийн дэмжлэгтэйгээр ХДХВ-ийн халдварын үед үзүүлэх тусламж үйлчилгээнд ямар ахиц дэвшил гарсан бэ? 

-Маш их дэвшил гарсан. ХДХВ-ийн халдварын оношилгооны болон вирус судлалын шинжилгээний олон улсын түвшинд хийгддэг олон аргыг шинээр нэвтрүүлж, багаж тоног төхөөрөмжөөр хангаснаар халдварын тохиолдлыг аль болох эрт илрүүлж, эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж, тасралтгүй байдлыг хангаж байна. ХДХВ-ийн эсрэг эмчилгээний эмийг “Глобал” сан 2013 оныг хүртэл нийлүүлсэн, сүүлийн жилүүдэд Засгийн газраас эмийн санхүүжилтийг гаргаж байна.

Одоо манайд халдвар илэрсэн тохиолдол бүрийг 100 хувь эмчилгээнд хамруулж байгаа нь тухайн хүнийг ДОХ-ын шатанд шилжихээс сэргийлэх, бусдад халдвараа тараах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Эмээ тасралтгүй хэрэглэснээр урт удаан амьдрах боломж нэгэнт бүрдсэний дээр вакцин гаргаж авах тал дээр олон улсын судлаачид шинэ нээлтүүд хийж байна.

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын БЗДХ-ын эмч, лабораторийн эмч мэргэжилтнүүд болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийг ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээний чиглэлээр сургаснаар үйлчилгээний чанар, хүртээмж сайжирсан. 2008-2013 онуудад төрөлхийн тэмбүүгээс сэргийлэх нэг цэгийн үйлчилгээг зургаан дүүрэг, найман аймагт нэвтрүүлсэн.

ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх хөтөлбөрийг нэвтрүүлж, тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг сургах, урьдчилан сэргийлэлтэд шаардлагатай эмээр хангах, халдвартай эхээс төрсөн хүүхдийг хоол тэжээлээр хангах ажлуудыг хийсэн байна. 2018 оны байдлаар ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 эрүүл хүүхэд төрсөн.

2006 оноос ХДХВ-ийн халдвар илрүүлэх Сайн дурын зөвлөгөө, шинжилгээний хөтөлбөр нэвтрүүлснээр одоо 32 төв ажиллаж байна.

Цусны аюулгүй байдлыг бүх түвшинд хангаж донорын цусанд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг 100 хувь хийдэг болсон. Мөн Цус сэлбэлт судлалын үндэсний төвд зураасан кодын систем нэвтрүүллээ. ХДХВ-ийн халдвараас сэргийлэх “Ажлын байрны хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн нь ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээнд бусад салбарууд, хувийн салбаруудын оролцоог хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эмнэлгийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэх явцад ХДХВ-ийн халдвараас сэргийлэх хөтөлбөрийг нэвтрүүлж хоёр, гуравдугаар шатлалын бүх эмнэлгүүдийг РЕР (өртөлтийн дараах сэргийлэлтийн цомог)-ээр хангасан. Анагаахын их дээд сургуулиуд, багш бэлтгэдэг сургуулиудын хичээлийн хөтөлбөрт ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх цөм хөтөлбөрийг боловсруулан оруулсан.

-“ДОХ-той хүн манай улсад байхгүй, бүрэн устсан, хүний эрх гэдэг халхавч дор бүх мэдээлэл нь нууцлагдмал байдаг гэдэг эсвэл “Худлаа нэмэгдэж байна гэдэг судалгаа, тоо баримт гаргаж олон улсын төсөл хөтөлбөрөөс санхүүжилт авч, мөнгө цохих нэг арга хэрэгсэл болгож байна”гэх хардлагуудад ямар тайлбар өгөх вэ?

-Аливаа арга хэмжээг хэрэгжүүлэх, асуудлыг шийдвэрлэх, үр дүнг тооцоход мэргэжлийн байгууллагын гаргасан үнэн бодит мэдээлэл чухал ач холбогдолтой байдаг. Эрүүл мэндийн салбарын хувьд бүртгэл мэдээлэл болон энэ чиглэлээр тогтмол хийгддэг судалгааны үзүүлэлтэд үндэслэн цаашид авах арга хэмжээг тодорхойлдог.

2017 онд хийгдсэн ХДХВ, БЗДХ-ын тандалтын сүүлийн судалгаагаар эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд (ЭБЭ)-ийн дундах ХДХВ-ийн халдварын тархалт 9.2, тэмбүүгийн тархалт 9.2, эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-дийн дундах ХДХВ-ийн халдварын тархалт 0, харин тэмбүүгийн тархалт 24, оюутан залуучуудын дундах ХДХВ-ийн халдварын тархалт 0, тэмбүүгийн тархалт 0.8 хувьтай байна.
Энэ нь нийт хүн амыг ХДХВ болон БЗДХ-аас сэргийлэхийн тулд нэн тэргүүнд ЭБЭ, ЭБҮ-дэд чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг эрчимжүүлэх, өргөжүүлэх шаардлагатайг харуулж байна. 

-Төсөл хэрэгжүүлээгүй байсан бол дээрх тоо өнөөдрийн байдлаар хэд хүрэх байсан бол. Энэ талаарх тооцоолол, судалгаа байдаг уу?

-2018 оны аравдугаар сард НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс Монгол дахь ХДХВ-ийн халдварын тархалтын байдлын тооцоолол хийсэн. Энэ тооцооллоор хэрэв өнгөрсөн хугацаанд Засгийн газраас урьдчилан сэргийлэх оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй бол 2017 оны байдлаар Монгол Улсад ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 13.639-д хүрсэн байх байсан.

Энэ нь 2030 он гэхэд 58,000-д хүрэх тооцоолол гарсан. ХДХВ-ийн бага тархалтыг тогтоон барьж байгаа нь “Глобал” сангийн санхүүгийн дэмжлэгтэй шууд холбоотой юм. Төсөл эхлэх үед ЭБЭ, ЭБҮ-гийн дундах бэлгэвчийн хэрэглээ 13 хувьтай байсан бол одоо 80-90 хувь хүртэл өссөн. Төслийн санхүүжилт 2020 оныг дуустал үргэлжилнэ. Хэрэв түүнээс хойш урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн санхүүжилт зогсвол 2030 он гэхэд ХДХВ-ийн халдвартай хүний тоо 1.854 болж өсөх хандлагатай байна.

-Төсөл хэрэгжүүлэхдээ олон байгууллагыг оролцуулж ажилладаг нь ямар учиртай юм бэ?

-Одоогоор бүртгэгдсэн ХДХВ-ийн халдвартай тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд, үүний 80 хувь нь ЭБЭ байна. Мөн халдвартай эмэгтэйчүүдийн 50 хувь нь ЭБҮ байна. Халдвартай ЭБЭ-ийн 31.6 хувь нь бисекс (эрэгтэй, эмэгтэй хүнтэй аль алинтай нь бэлгийн хавьталд ордог) байгаа нь нийт хүн амд халдвар тараах эрсдэл болж байна.

Иймд дээрх бүлгийн хүмүүст чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх нь нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барих цорын ганц арга болох нь олон улсын туршлагаар нотлогдсон байдаг.

Төрийн хүрч үйлчилж чадахгүй байгаа газар ТББ-ууд хүрч ажилладаг. Тэгээд ч би дээр дурдсан. “Глобал” сангийн үндсэн зарчим нь ДОХ, сүрьеэтэй тэмцэхэд иргэний нийгэм, ТББ, бусад салбарын хамтын ажиллагааг дэмжих юм.

Манайд нийт бүртгэгдсэн ХДХВ-ийн халдварын тохиолдлын 30 хувийг ЭБЭ-тэй ажилладаг ТББ илрүүлж ХӨСҮТ-ийн хяналтад өгсөн. Түүнчлэн Улаанбаатар хотод ЭБҮ-тэй ажилладаг ТББ гэхэд л сүүлийн гурван жилд БЗДХ-тай 340 хүнийг илрүүлж эмчилсэн. Нэг биеэ үнэлэгч долоо хоногт дунджаар дөрвөн хүнтэй бэлгийн хавьталд ордог гэж үзвэл нэг жилд давхардсан тоогоор 70 мянган хүнийг халдвар авахаас сэргийлж чадсан байна.

-ХДХВ, ДОХ-оос сэргийлэх ажиллагаа нь гей, биеэ үнэлэгч нарт түлхүү чиглэж байгаа нь нэг талаараа тэдний толгойг илсэн хэрэг гэж үздэг хүмүүс цөөнгүй. Яагаад заавал энэ хүмүүс рүү чиглэх ёстой байдаг юм бэ. Мэдээж цаанаа учиртай байх?

-ЭБЭ, ЭБҮ, ЛГБТ (лесби, гей, бисэкс, трансжендэр) хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь хүний эрхийг зөрчих, тэдгээрийг нуугдмал байдалд оруулах, тусламж үйлчилгээнээс холдуулах, санаатайгаар бусдад халдвар тараах зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулдаг. Хүн өөрийн бэлгийн чиг баримжаагаа сонгодоггүй бөгөөд гей бэлгийн чиг баримжаа нь төрөлхийн байдаг. Дэлхийд насанд хүрсэн эрэгтэйчүүдийн тав хүртэлх хувь нь гей бэлгийн чиг хандлагатай байдаг. Мөн ЭБҮ-ийн 68 хувь нь биеэ үнэлж олсон орлогоороо амьжиргаагаа залгуулдаг байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн заалтыг үндэслэн боловсруулсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-ийн тавдугаар зорилтод “ Хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх, халдварын тархалтыг бууруулах, ХДХВ-ийн халдвар, хүйсийн чиг баримжааны илэрхийллээс үүдэлтэй ялгаварлан гадуурхалтыг бууруулах, БЗДХ, ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр ЭБЭ, трансжендэр болон эмэгтэй биеэ үнэлэгч, мансууруулах бодис тарьж хэрэглэгчдэд чиглэсэн нотолгоонд суурилсан сургалт сурталчилгааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулах гэж заасан байдаг. 

-Нийт иргэддээ чиглэсэн ажил хийдэггүй гэх нь бий. Гэвч нийт масст үзлэг явуулах нь үр дүнгүй гэдэг. Энэ тухайд?

-Энэ төсөл бүхэлдээ л нийт хүн амд чиглэгдсэн юм. Гэхдээ халдвар тархах эрсдэл хаана илүү байна тэр лүүгээ л түрүүлж анхаарах хэрэгтэй. Түймэр гарлаа гэхэд голомтыг нь дарахгүйгээр унтрааж чадахгүй биз дээ. ХДХВ, БЗДХ-ын хувьд нийтийг хамарсан үзлэг хийх нь өртөг өндөртэй, ач холбогдол багатай байдаг. Өнөөдөр эрүүл байсан хүн маргааш нь халдвар авах магадлалтай. Мөн бид араас нь хөөж үзлэг хийх биш, харин хүмүүс өөрсдөө эрүүл мэнддээ анхаардаг, эмнэлэгт ханддаг хандлагатай болох нь чухал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599083
0 эможи

keyboard_arrow_up