Амьд ахуйн оношилгоонд дэвшилтэт технологи нэвтэрлээ
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА), Эмгэг Судлалын Үндэсний Төв хамтран 2018-2020 онд хэрэгжүүлж буй “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд NanoZoomer-SQ зайн оношилгооны төхөөрөмжийг гардуулж өгөх үйл ажиллагаа 2019 оны 01 сарын 10-ны 11 цагт Эмгэг Судлалын Үндэсний Төвд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Төслийн зохицуулагч, Япон улсын Зайн анагаах ухааныг дэмжих төвийн захирал Коүки Инай болон ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин, Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Н.Оюунгэрэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нар оролцлоо.
Монгол улсад хүн амын эрүүл мэндэд тулгамждаж буй асуудлын нэг бол агаарын болон хөрсний бохирдол, орчны аюулгүй байдалтай холбоотойгоор өвчлөл болох уушгины хорт хавдар ихсэж байгаа нь сүүлийн үеийн судлагаа, шинжилгээгээр тогтоогдсон байна.
Төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологийн нэг болох “NanoZoomer-SQ” сканер микроскопын тусламжтайгаар уушгины хорт хавдарыг үүсгэдэг тоосжих өвчнийг эрт үед нь илрүүлэх, оношлох боломжийг нээн өгч байгаагаараа ач холбогдолтой.